Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Чуулганд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, дүүрэг, хороодын төрийн байгууллагын удирдлага, сургууль, цэцэрлэгийн захирлууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан чуулганы үеэр хэлсэн үгэндээ “”Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганд оролцож байгаа та бүхэнд талархал илэрхийлж, амжилт хүсье. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ оролцоонд тулгуурласан бодлого шийдвэрийг гаргая гэж зорьж ажиллаж байна. Мөн жендэрийн тэгш оролцоог хангасан бодлого шийдвэрийг гаргах нь чухал. Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр батлагдсанаар нийслэл Улаанбаатар хот жендэрийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй анх удаа болох бөгөөд дүүргүүдийн жендэрийн дэд хөтөлбөрийг дэмжих байдлаар нягт уялдаатай ажиллаж, холбогдох хууль, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах ач холбогдолтой. 2019 онд нийслэлийн хэмжээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, үр дүн гарч эхэлсэн. Цаашид аливаа бодлого шийдвэрийг гаргахдаа урт хугацаанд өгөх үр ашгийг нь сайн тооцоолж байна. Хотын хөгжилд хүн бүхний оролцоо, хамтын шийдвэр чухал гэдгийг энд онцолж хэлмээр байна” хэмээн ярилаа.
Нийслэл дэх Жендэрийн салбар хорооны санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ болон есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг өнгөрсөн жилээс хийж, тус судалгаанд үндэслэн “Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг боловсруулсан байна. Энэхүү дэд хөтөлбөрийн зорилго нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд 50 гаруй үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хоёр үе шаттайгаар 2020-2025 онд хэрэгжих юм байна. Чуулганы үеэр “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийн төсөлд санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа “Жендэр бол дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хөгжлийн чухал шалгуур үзүүлэлт төдийгүй хөгжилд хүрэх хүмүүнлэг арга зам гэж би ойлгодог. Тийм ч учраас жендэрийн асуудалд нухацтай хандах учиртай. Нийгэм, эдийн засгийн бодлогыг оновчтой тодорхойлж, тууштай баримталж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд жендэрийн мэдрэмжтэй шийдэл маш чухал. Тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдээс л бүрддэг. Харин тэрхүү хүмүүсийн хүйсийн ялгаатай байдлаас үл хамааран эрх, тэгш амьдрах орчныг нь бүрдүүлэх, нийгмийн баялгийг зүй зохистой хуваарилахад жендэрийн мөн чанар оршдог гэж ойлгодог. Тийм ч учраас ажлаа авсан даруйдаа жендэрийн нөхцөл байдлын судалгааг нийслэлийн хэмжээнд нарийвчлан гаргуулах тал дээр анхаарал хандуулсан. Бидний хийсэн судалгааны дүнгээс харахад 2019 оны байдлаар дэлхий дахинаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү дунджаар дөрвөн жил байдаг бол Монгол Улсад есөн жил, үүнээс нийслэлд сүүлийн хоёр жилийн байдлаар 8.2 жил байгаа нь хэт зөрөөтэй тоо юм. Эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааныг өвчлөлийн болон өвчлөлийн бус гэж ангилж байна. Өвчлөлийн бус шалтгааны нэгдүгээрт амиа хорлолт, хоёрдугаарт спиртэд санамсаргүй хордох хоёр шалтгаан дийлэнх хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Иймээс жендэрийн бодлого эрэгтэйчүүд рүү илүү их чиглэх хэрэгцээ, шаардлага үүсээд байна. Хотын зүгээс эдгээр асуудалд анхаарал хандуулж, нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг боловсруулж, батлуулан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.
“Жендэрийн мэдрэмжтэй хотын шийдэл ба олон улсын туршлага” илтгэл хэлэлцүүлэв
Мөн энэ үеэр “Жендэрийн мэдрэмжтэй хотын шийдэл ба олон улсын туршлага” илтгэлийг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа, “Төрөөс жендэрийн тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа” илтгэлийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ” илтгэлийг Жендэрийн үндэсний шинжээч, нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр боловсруулах багийн зөвлөх Ш.Солонго, “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн төсөл, хэрэгжүүлэх арга хэмжээний төслийн танилцуулга” илтгэлийг ЖҮХ-ны дэргэдэх ЖҮШБ-ийн ахлагч, жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор нар тус тус хүргэж, оролцогчдоор хэлэлцүүлэв.
Түүнчлэн “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганы үеэр нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага болон нийслэлийн Төр, захиргааны байгууллагуудын жендэрийн чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нь үнэлэн, жендэрийн мэдрэмжтэй шийдэл бүхий сайн туршлагыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор шилдэг байгууллагуудыг шалгарууллаа.
- Жендэрийн мэдрэмжтэй дүүргээр – Чингэлтэй дүүрэг
- Жендэрийн мэдрэмжтэй хороогоор – Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо
- Жендэрийн мэдрэмжтэй төрийн байгууллагаар – Монгол Улсын Үндэсний статистикийн хороо
- Жендэрийн мэдрэмжтэй олон улсын байгууллагаар – Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг
- Жендэрийн мэдрэмжтэй аж ахуйн нэгжээр – Нийслэлийн Соёлын төв өргөө
- Жендэрийн мэдрэмжтэй хэвлэл мэдээллийн байгууллагаар – Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз
- Жендэрийн мэдрэмжтэй бүтээн байгуулалтаар – Бүтээлч 100 төслийн “Нүхэн гарцын тохижилт”
- Жендэрийн мэдрэмжтэй үйлдвэрлэгчээр – ТЭСО корпораци
- Жендэрийн мэдрэмжтэй инновацын шийдлээр – “Лантуун дохио” ТББ-ын “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв тус тус шалгарч, өргөмжлөл хүртлээ.
“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганы төгсгөлд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нийслэл Улаанбаатар хотын бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, хяналт үнэлгээнд нэвтрүүлэх нь иргэдэд ээлтэй хотыг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй тул чуулганаас арван заалт бүхий зөвлөмжийг гаргалаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс