FIVB буюу Олон улсын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөл нь энэ сарын 4-8-ны/2019.12.04-08/ өдрүүдэд Бразил улсын Бетим хотод зохион байгуулагдсан бол эмэгтэй төрөл нь энэ сарын 3-8-ны/2019.12.03-08/ хооронд Хятад улсын Шаошин хотод зохион байгуулагдлаа.
Эрэгтэйчүүдийн клубуудын ДАШТ-нд Катар улсын Аль-Раяан спортс клуб, Итали улсын Гучинэ Любэ Чивитанова, Бразил улсын Сада Крузейро Волей , ОХУ-ын Зенит Казан зэрэг дөрвөн бөг өрсөлдөж Италийн Гучинэ Любэ Чивитанова клуб финалын тоглолтонд Бразилын Сада Крузейро Волей клубыг дөрвөн сетийн тоглолтонд 3-1 гэсэн харьцаатай хожиж клубын түүхэндээ анх удаа ДАШТ-ний аварга боллоо. Тус тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Гучинэ Любэ Чивитанова клубын Бруно Резендэ шалгарчээ.
Харин Хятадад эмэгтэйчүүдийн клубын ДАШТ-нд Бразил улсын Дентил Праяа , Итали улсын Имого Воллей Гонеклиано , Турк улсын Эзациба Витра Истанбул болон Вакифбанк Истанбул , Бразил улсын Итамбэ Минас, Хятад улсын Гуандун Эвэргранд болон Тианжин Бохай Банк , Итали улсын Игор Горгонзола Новара зэрэг 8 клубууд өрсөлджээ. Улмаар финалын тоглолтонд Италийн Имого Воллей Гонеклиано болон Турк улсын Эзациба Витра Истанбул клубууд тунан үлдэж дөрвөн ээлжийн тоглолтонд 3-1 гэсэн харьцаатай Имого Воллей Гонеклиано клуб ялж анх удаа оролцсон ДАШТ-дээ анхны дэлхийн аваргын цомоо өргөлөө. Тус тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Имого Воллей Гонеклиано багийн Паоло Огэчи Эгону тодорчээ.