
Хүчин чадлыг нь илүү нэмэгдүүлсэн ТХМ нь ойрын хэдэн сарын дотор сансрын хамгийн суурь нөхцөл байдлын талаар хүн төрөлхтний ойлголтыг ахиулах болно гэж эрдэмтэд үзэж байна. Магадгүй эрдэмтдийн нэрлэдгээр “Бурхны тоосонцор” (партикл) буюу баригдаж өгөхгүй байгаа “Higgs Boson”-г нээх зам дээр эрдэмтдийг гаргаж магадагүй гэж таамаглаж байна. Гуравдугаар сард Франц-Швейцарийн хилийн доор байгуулсан 27 км хэмжээтэй тойрог хэлбэрийн хурдасгуур туяа хэлбэрээр бараг гэрлийн хурдтай буудсан протоныг задалж дээд амжилт тогтоосон.
“Дөрвөн сарын дараа энэ төхөөрөмжийн эрчим хүчийг нь нэмэгдүүлснээр бид мөргөлдөх төвшинг 1,000 дахин өсгөж чадна” гэж ТХМ-ийг удирддаг Европын Цөмийн Судалгааны Байгууллагын (CERN) захирал Рольф Хеюр ярьж байна. Эрдэмтэд мөргөлдсөн атомын үлдэгдэл дундаас атомыг бүрдүүлэгч хэсгүүд болон шинэ хэсгүүд партиклуудыг хайдаг. “Шинжилгээ судалгааны хандлагаас үзвэл хэрвээ өөр төрлийн физик гэж байдаг бол ТХМ биднийг тэр төвшинд аваачихад бэлэн болоод байна” гэж тэрээр Францын Парис хотод болж байгаа 7 сарын 28-ныг хүртэл үргэлжлэх Өндөр Эрчим Хүчний Физикийн Олон Улсын бага хуралд оролцох үеэрээ “Associated Press” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
5.2 тэрбум ам.долларын зардлаар байгуулагдсан асар том техникийн байгууламжийн зорилгуудын нэг нь “Стандарт Модел” хэмээн нэрлэгддэг онолыг батлах буюу үгүйсгэх явдал. АНУ-ын Теватроны Фермилабд хийсэн туршилтуудаар уг онолын таамаглаж байсан куарк хэмээн нэрлэдэг өчүүхэн жижиг партиклууд байгааг илрүүлсэн. Тэдгээрээс хамгийн хүнд нь “топ куарк” бөгөөд уг зүйл секундыг тэрбум тэрбум сая хуваасантай тэнцэх өчүүхэн хугацаанд оршин байснаа дараа нь өөр зүйл болон хувирдаг байна. Энэхүү өчүүхэн хугацаанд нь ТХМ амжиж зарим хуруу дарам цөөн топ куаркыг олзолж аван тусгайлан хадгалаад байна. “Шинжлэх ухаан энэ төвшинд хүртэл нэг юм уу хоёр жил болох болно гэсэн бодол эрдэмтдийн хүрээлэл дунд байсан, харин үүнийг ердөө гурван сарын дотор гүйцэтгэж чадлаа” гэж бага хурлыг даргалж байгаа Францын топ эрдэмтэн Гаи Вормсер ярьж байна.
Моделийн онолоор таамаглаж байгаа цор ганц үндсэн партиклыг “Higgs Boson” гэж эрдэмтэд нэрлэдэг бөгөөд үүнийг ганцхан ТХМ л илрүүлж чадах хүчин чадалтай гэж эрдэмтэд үзэж байна. ЕЦСБ асар том төхөөрөмжөөрөө 7.0 триллион (tera) электронвольт (TeV) эрчим хүч гаргаж авч чадсан нь өөр ямар ч хурдасгуурын хүрч чадсан төвшнөөс гурав дахин их байна. ЕЦСБ одоо 2011 онд 14 Tev эрчим хүчтэй үед – энэ нь гэрлийн хурдны 99.99 хувьтай тэнцүү – атомуудыг мөргөлдүүлэх зорилт дэвшүүлээд байна. Бүрэн хүчин чадлаар нь ажиллуулсан үед мөргөлдүүлэхэд энэ нь маш өчүүхэн боловч “Их Тэсрэлтийн” (Big Bang) үеийнхтэй төстэй нөхцөл байдал үүсгэх болно. “2014-2015 он гэхэд ТМХ бидэнд “Higgs Boson”-ы талаар үр дүн гаргаж өгөх болно. Хэрвээ уг зүйл масс ихтэй бол 2011 оны сүүлээр юм уу 2012 он гэхэд бид үр дүнд хүрнэ” гэж Вормсер ярьжээ.
Хэрвээ Европын мөргөлдүүлэгч Бурхны партикл байгааг илрүүлэх юм бол эрдэмтдийн өмнө өөр төрлийн асуудал тулгарах болно. Бид үүнийг судлах шинэ багаж зохиох хэрэгтэй болно. Бид үүнийг урьдчилан харах ёстой, учир нь бидэнд шаардлагатай төхөөрөмжөө барихад 10 тэрбум евро, 20 жил шаардагдах болно гэж тэр ярьсан.
Гэхдээ батлагдсан ч гэсэн Стандарт Модель нь Орчлонгийн матер, энергийн ердөө тавхан хувийг л тайлбарлах болно. Харанхуй матер болон хар энерги орчлонгийн үлдсэн хэсгийг бүрдүүлж байна гэж эрдэмтэд үзэж байгаа ч үүнийг нотолж, илрүүлж чадаагүй байгаа. Хэдэн сарын дараанаас эхлэн ТХМ хар маттер байгаа эсэхийг хайж эхлэх болно гэж Францын топ физикч ярьж байна.
Т.Бадрах