Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан "Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, авлигын эрсдэлээс сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь" хэлэлцүүлэг өнөөдөр /2019.12.09/ Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд болж байна.
“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг дэлхийн улс орнуудын Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 2015 онд 39 оноогоор 72-т, 2016 онд 38 оноогоор 87. 2017 онд 36 оноогоор 103 дугаарт жагссан байна. Үүнээс харахад Монгол Улсад авлигын нөхцөл байдал улам дордож гурван жилийн хугацаанд 31 байраар ухарсан байна.
“УЛС ТӨРИЙН ТОМООХОН ХОЁР НАМ СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ӨГӨӨГҮЙ”
“Удаа дараагийн судалгаагаар Монгол Улсад авлига цэцэглэж байна. Үүний эх үүсвэр нь улс төрийн намын хандив, сонгуулийн санхүүжилт байна гэдгийг судалгааны дүн харуулж байгаа. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг шийдэхгүйгээр Монгол Улс авлигын асуудлаа шийдэж чадахгүй. Улс төрийн намууд өнөөдөр хуулиараа гишүүдийн татвар болон парлементад суудалтай бол суудлын тоогоор улсаас мөнгө авч санхүүждэг. Өөр ямар нэгэн санхүүжилт байхгүй. Сонгуулийн санхүүжилт ч гэсэн нэр дэвшигчийн хувийнх нь санхүү, хөрөнгө мөнгөн дээр тогтож байгаа учраас улс төрд орохоороо тэр зарцуулсан мөнгөө буцаан олж авах зэрэг бохир тойрог руу ордог.
Үүний уршгаар улс төрд мөнгөтэй хүмүүс л гарч ирдэг болсон. Бидний зүгээс улс төрийн намын санхүүжилтэд судалгаа хийж үзэхэд маш эрсдэлтэй гэдэг дүгнэлт гарсан. Судалгааны хүрээнд улс төрийн намын хэдэн хувь нь татвараар, хандиваар санхүүжиж байна вэ гэдгийг судлах гэхээр намуудын санхүүжилт нь ил тод биш, тайлан нь ч олдохгүй, нээлттэй бус байсан. Улс төрийн гурван том намын хоёр нь сүүлийн гурван жил санхүүгийн тайлангаа өгөөгүй байсан. Гэтэл Улс төрийн намын тухай хуулинд “Улс төрийн нам санхүүгийн тайлангаа ил тод байлгана” гэж заасан байдаг. Энэ хуулийн заалт яагаад хэрэгжихгүй байна вэ гэхээр санхүүгийн тайлангаа олон нийтэд ил тод байршуулж, танилцуулаагүй бол ямар байгууллага хяналт тавьж, хариуцлага хүлээлгэх вэ гэдэг заалт хуулинд байхгүй. Тиймээс энэ хууль огт хэрэгжихгүй байгаа юм” гэдгийг “Хүртээмжтэй хөгжил” хүрээлэнгийн захирал Н.Туяа хэлж байв.
Азийн сан, Сант Марал сантай хамтран 2018 оны дөрөвдүгээр сард хийсэн авлигын талаарх олон нийтийн мэдлэг тогтоох судалгаагаар улс төрийн намууд авлига их тархсан байгууллагын хоёрдугаарт эрэмбэлэгджээ.
“СОНГУУЛИЙН ҮЕИЙН КАМПАНИТ АЖЛЫН САНХҮҮЖИЛТЭД ХИЙДЭЛ ГАРЧ, БҮРЭН МЭДЭЭЛЭГДЭХГҮЙ БАЙНА”
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах ажилтан Д.Цэнд-Аюуш “Авлигын эсрэг тэмцэх үндэсний хөтөлбөрийн есдүгээр зорилт гэж бий. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нийт 11 зорилттой. Үүний үндсэн зорилго нь 2023 он хүртэл авлигатай тэмцэх чиглэлээр Монгол Улс ямар бодлого баримталж, үйл ажиллагаа явуулахыг тодорхойлж өгсөн баримт бичиг юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд улс төрийн намын санхүүжилтэд үр дүнтэй хяналт тавих, эрх зүйн орчинг сайжруулах зорилтыг тавиад байгаа. Одоо хэрэгжиж байгаа хууль тогтоомж төдийлөн хангалттай бус байгааг судлаачид хэлдэг. Сонгуулийн үеийн кампанит ажлын санхүүжилтийн зарцуулалтад тодорхой хийдлүүд гарч, бүрэн дүүрэн мэдээлэгдэхгүй байна. Энэ жилийн хувьд Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэх асуудал яригдаж байгаа учраас тал талын оролцоог хангаж, санал зөвлөмжөө хэлэлцэх шаардлагатай байна” гэсэн юм.
“ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТОХИОЛДОЛД СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ”
“Өнөөдөр Олон улсын авлигын эсрэг өдөр. Энэ өдөр дэлхийн олон улсад авлигын эх сурвалжийг ярьж, хэлэлцдэг. Бид хамтран гурав дахь жилдээ энэ өдрийг тохиолдуулан хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс хэлэлцүүлгээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд парламентад суудалтай улс төрийн намуудыг шилэн намд элсэх санамж бичигт нэгтгэж, гарын үсэг зуруулсан байдаг. Нөгөө талаас өнөөдөр эрх зүйн орчинг яаралтай шинэчлэх шаардлагатай байгаа. Одоо Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль ид яригдаж байна. Жишээлбэл, төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх тохиолдолд сонгуулийн зардлыг бууруулах хэрэгтэй. Гэтэл манай улсад сонгуулийн зардлыг бууруулах ямар ч бодлого байхгүй байна. Одоогийн үйлчилж буй Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтоодог. Тэр байгууллагад дээд хэмжээг тогтоох аргачлал байхгүй учраас зах зээлийн үнэд тулгуурлан хөөсөрсөн үнээр нь зардлын дээд хэмжээг тогтоодог. Сонгуулийн зардал өсөх тусам нөгөө л бохир мөнгөний асуудал гарч ирдэг” талаар “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн санаачлагч Ч.Сосормаа хэлж байлаа.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.БҮЖИН