Өвдөг, түнхний үе солихдоо чанарын шаардлага хангахгүй үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн өндөр өртөгтэй үйлчилгээнд шаардлагатай имплант, протез буюу хиймэл үе худалдан авах 2019 оны нээлттэй тендер шударга явагдаагүй талаар “Ази фарма” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас өнөөдөр /2019.12.9/ мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр“Ази фарма” ХХК-ийн дэд захирал Ц.Тунгалагаас энэ асуудлыг тодрууллаа.
-Тендерт танайх хэдэн төгрөг санал болгосон бэ. Гэтэл тендерт танайхаас хэдэн төгрөгөөр илүү үнэ санал болгосон компанийг сонгосон юм бэ?
-Манайх Германы Владимир Линк (Gmbh&Co.KG) үйлдвэрийн бүтээгдэхүүнийг санал болгосон нь чанартайгаас гадна бусад оролцогчоос хамгийн доод үнэ байсан. Гэтэл тендерт шалгарсан компаниуд нь манайхаас 369 сая 460 мянган төгрөгөөр өндөр үнэ санал болгосон нь Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг хэтрүүлж байна. Мөн тендерийн шалгаруулалтад Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн гишүүнийг суулгаагүй.
-Өндөр өртөгтэй эрүүл мэндийн үйлчилгээний 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сан, 25 хувийг иргэд гаргадаг. Өндөр үнээр бүтээгдэхүүнийг авснаар өвдөг, түнхний үе гэхэд хэдэн төгрөг болон нэмэгдэж байна вэ?
-Өндөр өртөгтэй эрүүл мэндийн үйлчилгээ авч буй хүн даатгал төлдөг бол 75 хувийг нь төрөөс, 25 хувийг нь өөрөө гаргадаг. Одоогоор өвдөгний үений 75 хувь хөнгөлсөн үнэ таван сая 290 мянган төгрөг, түнхнийх таван сая төгрөг болж байгаа. Энэ хэмжээ, иргэдийн төлөх үнэ ч тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа юм. Мөн энэ нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 17 дугаар тогтоол болох Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарын үнийг хэтрүүлсэн байгаа юм.
-Тендерт шалгарсан компанийн оруулж ирж байгаа бүтээгдэхүүн нь чанаргүй гэдгийг яаж батлах вэ?
-АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас гаргаж буй мэдээллээр “Ginner”, “Depew”-ийн үйлдвэрийн өвдөг, түнхний үеийг суулгуулснаар эрүүл мэндээрээ хохирсон маш олон гомдол гарч байгаа. Эдгээр үйлдвэрүүд өөрийн гаргасан бүтээгдэхүүний чанарын алдааны хариуд нөхөн төлбөр олгоод эхэлсэн. Энэ бүтээгдэхүүнээс дэлхийн олон орон татгалзаж байгаа. Гэтэл Монголд ийм бүтээгдэхүүнийг оруулж ирж, ашиглаж байна.
Өвдөг, түнх солих хагалгаанд орж, дээрх үйлдвэрийн протезыг хүний биед суурилуулсны дараа тухайн эрхтний хөдөлгөөн хоригдох, эд эсийн гэмтэл үүсэх, металлын хордлоготой болох, үүнээс үүдэлтэйгээр цус бохирдох, идээлэх, дахин протез суулгуулах зэрэг асуудал үүсч байгаа. Энэ асуудлыг хяналтдаа авах шаардлагатай байна.
-Мөн тус тендерт ГССҮТ-ийн захирал байсан хүний компани шалгарсан гэж та ярьж байна. Үүнийг яаж батлах вэ?
–Тендерт “Мед Монгол” болон “Аги фарма” компани шалгарсан. “Аги фарма” компанийн үүсгэн байгуулагч нь тендер шалгаруулалтын үед ГССҮТ-ийн захирал байсан Т.Мөнхсайхан. Энэ хүн одоо Нэгдүгээр эмнэлгийн захирлаар ажиллаж байгаа. Энэ хүн тендер шалгаруулалтад оролцох ёстой хүмүүсийг нь оролцуулалгүй, тендерийг өөрийн компанид авсан. “Аги фарма” компани нь Т.Мөнхсайхан захирлынх гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлээс авсан. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхийн байгууллагад хандаад байгаа ч одоог болтол шийдвэр гараагүй байна.
Энэ асуудал үнэн эсэхийг ГССҮТ-ийн захирал байсан Т.Мөнхсайханаас тодруулах гэсэн болов ч ажлаар гадаад явсан байлаа.
Мөн ГССҮТ нь өвдөг, түнх солихдоо “Ginner”, “Depew”-ийн үйлдвэрийн протезыг ашиглаж байгаа эсэхийг тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирлаас асуухад “Энэ асуудал шүүхийн шатанд яваа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.