Монголын шинэ төмөр замд оросууд ЭЗЭН СУУЖ ЭХЭЛЛЭЭ

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Монголын шинэ төмөр замд оросууд ЭЗЭН СУУЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын шинэ төмөр замд оросууд ЭЗЭН СУУЖ ЭХЭЛЛЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д долоо хонохдоо Д.Медведевтэй 12 санамж бичиг байгуулж, В.Путинтэй хийн хоолойг Монголоор дайруулахаар тохиролцоод  ирсэн юм. Түүний албан ёсны айлчлал дуусаагүй шахам байхад Оросын хэвлэлүүд Монголоор хийн хоолойг дайруулах нь эдийн засгийн үр ашиггүйг онцолж, манай олон нийтийн сүлжээнд оросуудын “өгөөмөр” зангийн ард өнөөх шилний цаанаас чихэр долоолгодог залийг нь олж харсан шүүмжлэлүүд ч хөврөв.

Анх Н.Алтанхуягийн засгийн үед Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Орост очоод ирэхдээ “Талын зам” төслийг танилцуулснаас хойш хойноос ирсэн хүний, хойшоо явсан манай дарга нарын айлчлал болгоноор хөндөгддөг, бүтэлгүй, бүтдэггүй нэг сэдэв болсон. Энэ удаад ч урьдын адил уламжлалт дипломат үгээр Кремлийн эзэн  “Хийн хоолойг Монголоор дайруулах боломжийг судалъя” гэсэн даруухан хариулт өгч.

Оросууд судалъя гэвэл энэ нь үгүй гэсэн үг болохыг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жиргээндээ тодотгосноос харвал орос ах нар "дүүгээ" гар хоосон, ганзага татуу буцааж. Бас болоогүй ээ, хүний юмыг дээрэмдэж авчихаад  Чингисийн үеийн чулууны бичгийн хуулбарыг өглөө ч гэх шиг дүүгээ шоглож ханадаггүй ээ, манай орос ах нар.

Харин монголчууд хамаг байдгаа бариад ирсний нэг нь Зүүнбаян-Тавантолгойн чиглэлийн төмөр замын шугам барихад техникийн зөвлөгөө авахаар оросуудтай байгуулсан санамж бичиг.

  Техникийн зөвлөгөө гэх гоё үгээр халхавчилж, оросууд Зүүнбаянгийн 414.6 км төмөр замын гүүр хоолойн төсөл боловсруулах, рельс төмөр нийлүүлж, дэд бүтцийн менежментийн удирдлагаар хангахаар болж байна. Нэг км замын дундаж өртөг нь 2.1 тэрбум төгрөг. Энэ мөнгийг оросуудаас бид зээлнэ. Гэхдээ санамж бичигт "Монголын төмөр зам"-ын дарга биш УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа гарын үсэг зурсан нь сонирхол татаж байна.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд зарсан оросууд УБТЗ-ын хувийг 49:51 болгох монголчуудын хүсэлтийг хүлээж авалгүй өнөөг хүрсэн  нь Монголын төмөр замд нөлөөгөө томруулах гэсэн сонирхолтой нь холбоотой.

2010 онд Монгол Улс Төрөөс төмөр замын тээврийн талаарх бодлогоо зарлаж, УИХ-ын 32 дугаар тогтоолын дагуу нийтдээ 6600 км төмөр замыг гурван үе шаттай барихаар, эхний ээлжинд баригдах 1100 орчим км төмөр замын бүтээн байгуулалтад Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам багтсан юм. Энэ үеэс л Монголын шинэ төмөр замд нөлөөгөө тогтоох оросуудын хүсэл эрчимжиж, төмөр замын суурь бүтэц гэх унацтай том бизнес байгааг олж харсан Монголын улстөрчид тэдэнд үйлчилж эхэлсэн байдаг.

Үнэндээ Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах тендер болгонд оросууд оролцож ирсэн ч анхнаасаа тэдэнд Монголын нүүрсийг ухах сонирхол огт байгаагүй, манай экспортын гол төмөр замуудад эрх ашгаа хангахыг хүссэн. Энэ хүсэл нь Ерөнхийлөгч Х.Баттулгын үед биелэгдэж байна.

Монголын ашигтай бизнесийн өрмийг хамахын тулд Кремлийн эзэн өөрөө ч ирсэн, удаа дараа Монголд элч илгээсний нэг нь ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Гордеев. Энэ оны тавдугаар сард Монголд ирэхдээ Зүүнбаянгийн төмөр замыг зууны бүтээн байгуулалт хэмээн дуу алдаж, “Оросоос өгөх 100 тэрбум рублийг төмөр замын төсөлд өгч болох юм” гэсэн нь Монголд сайн санасандаа өгч буй өгөөмөр сэтгэлийн бэлэг хараахан биш.

Шинэ оросуудын хуучин амбиц бол Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын суурь бүтцийг эзэмшихийг эртнээс сонирхож байсан. В.Якунингийн эртний энэ сонирхол одоо “РЖД Интернэйшнл” ХН-ийн дарга С.А.Павловын сонирхол болсон. Ерөнхий сайдын албан ёсны айлчлалаас сарын өмнө Улаанбаатарт ирж, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай уулзаад буцсан С.Павловын сонирхол бол Монголын шинэ төмөр зам дахь тээвэрлэлтийн бүх нөлөөг оросууд атгах явдал юм. Монголын төмөр замын шинэ төслүүдэд оролцож, оператор хийх зорилготой, оросуудын ийм сонирхлыг дэмжээгүй учраас М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн гэрээ бүтэлгүйтэж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын төлөвлөгөө бутран унасан гол шалтгаан  энэ.

Товчхондоо, Оросын “РЖД”-ийн олон жилийн зорилго  Х.Баттулга Ерөнхийлөгчийн өнгөн дээр  биелэгдэж, Монголын шинэ төмөр замд эзэн суухаа ийнхүү Ерөнхий сайдын айлчлалын үеэр албажуулж авсан нь энэ юм.  Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад хэн рельс төмөр нийлүүлнэ тэр хөгжмөө захиалах эрхтэй болно. Тэгэхээр Монголын эдийн засагт нөлөөгөө тогтоохоор Орос ах нар эргэн ирж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж