Улс төрийн өлсгөлөн, Монголын ардчилсан холбооны Анхдугаар их хурал, Сүхбаатарын талбай дахь 20 гаруй мянган хүн оролцсон цуглаан гээд Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын түүхийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр /2019.12.09/ Монголын театрын музейд нээлтээ хийлээ.
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан зохион байгуулж буй "Цагаан морин жил-Ардчилсан хувьсгал-30” гэрэл зургийн үзэсгэлэнд гэрэл зурагчин, сэтгүүлч Т.Энхболдын түүхэн агшныг харуулсан гэрэл зургийн архиваас 100 орчим гэрэл зургийг дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр гэрэл зурагчин Т.Энхболд “Би мэргэжлийн сэтгүүлч хүн. Тухайн үед “Монцамэ” агентлагийн англи, орос хэлнээ хэвлэгдэн гардаг байсан “Моngolia” сэтгүүлийн сурвалжлагчаар ажилладаг байлаа. Гэрэл зургаа өөрөө авч, мэдээгээ өөрөө бичнэ. Харамсалтай нь, тэр үед миний бичсэн мэдээ, гэрэл зургийг сэтгүүлд огт нийтэлдэггүй байсан юм. Бараг зургаан сарын дараагаас л миний анхны мэдээ зурагтайгаа сэтгүүлд нийтлэгдсэн. Миний бие Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал арванхоёрдугаар сард эхлэхэд гэрэл зураг авч эхэлсэн. Тухайн үед би гэрэл зургийн архивтай болсон. Өнгөрсөн хугацаанд ардчилсан хувьсгалын олон үзэсгэлэнд оролцож, гэрэл зургаа дэлгэж байсан. Харин энэ удаа анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байна
Миний гэрэл зургуудад 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд хамгийн анхны ардчилсан хувьсгалын цуглааны дүр төрхийг харуулсан цөөнгүй зураг бий. Анхны цуглааны үеэр жагсагчид сэтгэл зүйн хувьд их айдастай, дуугарч ядсан, яах бол гэсэн хүлээлттэй эхэлж байсан. Цуглааны сүүл хэсэгт “Хонхны дуу” эгшиглэхэд л хүмүүсийн царайнд инээмсэглэл тодорч байлаа. Мөн нэгэн чухал түүхэн үйл явдал бол улс төрийн өлсгөлөнг анх удаа Монгол Улсад зарласан. Энэ үед зарим жагсагчид амьдралаараа дэнчин тавьсан байсан” гэж ярилаа.
Түүний хальснаа буусан нийт 300 гаруй гэрэл зургаас энэ удаа 100 орчим зургийг нь олон нийтэд дэлгээд буй нь энэ ажээ.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ