Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн хоригт тусгасан дөрвөн асуудалд 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулах тухай зүйлд хэсэгчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлснийг, Ирээдүйн өв сангийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөд тус тус хориг тавьсан. Уг асуудлыг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд Ерөнхийлөгчийн хориг тавьсан гурван асуудлын хоёрыг нь хүлээж авахгүй, нэгийг нь хүлээж авах шийдвэрт хүрчээ. Мөн Ерөнхийлөгчөөс Өмгөөллийн тухай хуульд хориг тавьсныг МАН-ын бүлэг хүлээж авахгүй гэж үзжээ.
Хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, Х.Нямбаатар нар мэдээлэл хийв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “2020 оны улсын төсвийн хуультай холбоотойгоор Ерөнхийлөгч хориг тавьсан дөрвөн асуудал бий. Төсвийн тухай хуультай холбоотой хоёр асуудал байгаа. Энэ нь 2020 онд барилгын ажил нь эхлэх объектууд 2021 он дамжиж хэрэгжихийг ирэх оны төсвөөс хасах тухай хоёр санал Ерөнхийлөгч ирүүлсэн. Үүнийг бүлгээр хэлэлцээд 2020 оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Хоёрдугаарт, төсвийн тухай хуулийг дагалдаж гарсан Ирээдүйн өв сангийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнийг мөн хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Гуравдугаарт, НДС-гийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч мөн хориг тавьсан. Гол нь НДШ-ийг нэмэгдүүлсэнд хориг тавьсан. Энэ хоригийг МАН-ын олонх хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн.
УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан бол хэсэгчлэн хоригийг хүлээж авч болно гэсэн заалт байдаг.
Тийм учраас Ерөнхийлөгчийн хориг тавьсан гурван асуудлын хоёрыг нь хүлээж авахгүй, нэгийг нь хүлээж авах шийдвэрт хүрсэн. Мөн Ерөнхийлөгчөөс Өмгөөллийн тухай хуульд хориг тавьсныг МАН-ын бүлэг хүлээж авахгүй гэж бүлгийн олонх үзсэн” гэлээ.
“ШИНЭЭР ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ АВСАН ОЛОН ӨМГӨӨЛӨГЧ ЭНЭ САЛБАРЫН НЭР ХҮНДИЙГ УНАГААСАН”
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар:
Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьсан. Хоригт дурдсанаар нэг салбарт давхардсан чиг үүрэгтэй ижил төрлийн холбоод байх нь ёсгүй гэж Ерөнхийлөгч үзсэн. Харин бүлэг хэлэлцээд Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбоо тус тусдаа байх ёстой гэж үзээд хоригийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Өмгөөлөгчдийн холбооноос МАН-ын бүлгийн даргад бичиг ирүүлсэн. Уг бичигт Монгол Улсын шинэ үндсэн хуулийн өөрийн үзэл баримтлалд эрх мэдлийг хуваарилах тэр дундаа шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүхийн эрх мэдлийн шүүн таслах үйл ажиллагаанд оролцдог байгууллагууд өөр өөрсдийн чиг үүргээр уг харилцаанд оролцож харилцан бие биеэсээ хараат бус байх ийм зарчим үйлчилдэг. Гэтэл шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчдыг нэг хуулиар зохицуулж нэг холбоонд нэгтгэж нэг ёс зүйн хариуцлага хүлээлгэж байгаа явдал нь эрх мэдэл хуваарилах зарчимтай зөрчилдөж байгаа. Мөн 1990 онд баталсан НҮБ-ын Өмгөөлөгчийн чиг үүргийн талаарх зарчимд дурдсанаар өмгөөлөгчдийн мэргэжлийн холбоо зайлшгүй байх, энэ холбоог байгуулж өмгөөлөгч нь уг холбоонд нэгдэн орох эрхтэй. Мөн хууль зүйн тогтолцоотой газар бүр нэг эсвэл түүнээс дээш өмгөөлөгчтэй өөрийгөө санхүүжүүлдэг бие даасан холбоод байх гэдэг энэ олон улсын суурь зарчмуудтай зөрчилдөж байгаа учраас 77 жилийн түүхтэй Өмгөөллийн байгууллага нь бие даасан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэдэг үүднээс Өмгөөллийн тухай хуулийг баталсан. Өөр, өөр чиг үүрэгтэй хуульчдыг нэг байгууллагад харьяалуулж ирсэн сүүлийн зургаан жилийн хугацаанд өмгөөлөгчдийн сахилга хариуцлага алдагдсан. Маш олон өмгөөлөгч шинээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх авч энэ салбарын нэр хүндийг унагаасан. Энэ бүхнийг зохицуулах үүднээс баталсан хууль учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй.
-НДШ-ийн хуульд тавьсан хоригийг хүлээж авснаар хэрхэн зохицуулах вэ?
-Төсвийн тухай хууль батлагдсан. Аймаг, нийслэлийн ИТХ хуралдаад мөн төсвөө баталсан. Энэ долоо хоногт сум, дүүргийн ИТХ хуралдаж дуусна. Тиймээс улсын төсөвт тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Харин НДС-д тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэрэв УИХ хүлээж авбал Төсвийн байнгын хороо НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлсэн НДС-гийн тухай хуулийн үйлчлэлийг хойшлуулах, хоёр хувиар нэмэгдүүлэхээ бүр болих уу, эсвэл хувь хэмжээг нь бууруулах уу гэдгийг санаачилж УИХ-аар хэлэлцүүлнэ. Хоригийг хүлээж авснаар НДС-гийн эх үүсвэр 170 тэрбум төгрөгөөр дутагдана. Уг асуудлыг мөн Төсвийн байнгын хороо дээрх хуультайгаа УИХ-д хамт оруулж ирэх учиртай.
-ОУВС-гийн хүрээнд НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж буй. Энэ талаар ОУВС-тай зөвшилцөх үү. Мөн Капитал банканд алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах талаар бүлгийн хурлаар ярьсан уу?
-Хоригийг хүлээж авсны дараа Төсвийн байнгын хороо хууль санаачилна. Уг хуулийг гаргахдаа ОУВС-тай яриа хэлэлцээрт хүрнэ гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх үйлчлэх хугацааг хойшлуулах уу эсвэл нэмэхгүй хэвээр нь үлдээх үү гэдэг асуудлыг ОУВС-тай ярилцаж байж шийдвэрлэнэ. Капитал банканд байршуулагдаж алдагдсан мөнгөтэй холбоотой асуудлыг ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэх ёстой гэж бүлэг үзсэн.
Холбоотой мэдээ