Долларын ханш өссөөр 2720 төгрөгт хүрлээ. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханш ам.долларын эсрэг он гарснаас хойш 2.9% сулраад байна. Ханш ийнхүү өөрчлөгдөхөд юу нөлөөлөв? Манай улс удирдлагатай хөвөгч ханшийн дэглэмтэй буюу ханшийг үндсэндээ эрэлт нийлүүлэлт, валютын орох гарах урсгал тодорхойлж байдаг. 2016, 2017 онтой харьцуулахад манай улсын гадаад руу экспортолдог уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр, зарж байгаа хэмжээ ч өссөөр байгаа. Тэгэхлээр худалдааны тэнцэл ашигтай байсаар байна. Түүн дээр мөн манай улсын хөрөнгө оруулалт болон санхүүжилт хэлбэрээр гарч орж байгаа нийт мөнгөний зөрүү буюу эдийн засгийн хэллэгээр төлбөрийн тэнцэл нь ч 10-р сарын байдлаар 252 сая ам.долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц энэ хэмжээгээр нэмэгджээ.
Монгол Улсад орж байгаа валютын хэмжээ өсч, гарч байгаагаасаа давж байгаа үед төгрөгийн ханш яагаад ийнхүү өсч байна вэ? Үүнд хүлээлт гэдэг зүйл шууд нөлөөтэй юм. Сүүлийн үед ханш өсч байгааг саарал жагсаалттай холбож тайлбарлаж болох юм. Манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд хэрэгжилт сул, хэрэг шийдэгддэггүй гэдэг үндэслэлээр 10-р сард ФАТФ-ын саарал жагсаалтад оруулсан. Үүнээс өмнө болон дараа нь зарим эдийн засагчид, улс төрчид Эрүүгийн хуулийн 18.2-т “Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх” гэсэн заалтыг зөрчиж, шийтгэгдэхүйц ноцтой мэдэгдлүүд хийсэн. Монгол Улс саарал жагсаалтад орвол зээлжих зэрэглэл буурч, хөрөнгө оруулалт, худалдаанд хүндрэл учирна гэсэн. Зарим нь бүр ам.доллар 5000 төгрөгт хүрнэ гэж эрүүгийн хариуцлага хүлээхүйц ноцтой зүйл ярьж байв. Гэтэл яг үнэнийг хэлэхэд ханш сулрах бодит нөхцөл бүрдсэн үү гэвэл үгүй. ФАТФ-ын шийдвэрийг танилцуулахаас өмнө манайхыг аль хэдийн хяналтад авах үйл ажиллагаа эхэлж, анхааруулгыг өгөөд байсан.
Саяхан зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлаг манай үнэлгээг хийсэн бол Мүүдиз жил бүр хийдэг улс орны тайлангаа гаргасан. Эдгээрт саарал жагсаалтын талаар ганц үг, агуулга багтаагүй байна. Зээлжих зэрэглэл тогтоогчид манай улсыг сааралд орсноор хөрөнгө оруулалт багасна гэж харахгүй байгаа аж.
Ханш нь мэдээллээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг маш мэдрэг зүйл. Гэтэл мэдээллийг ямар ч хариуцлагагүйгээр гаргаснаар иргэдийн сэтгэхүйд нөлөөлж байгааг эрх бүхий этгээдүүд төдий л тоохгүй байна. Иргэдийн дийлэнх хэсэг нь эдийн засгийн болон санхүүгийн ойлголт дутмаг байгаагийн улмаас мэдээллийг шалгахгүйгээр хөдөлсөөр байгаа. Тийм ч учраас санхүүгийн луйврын хэмжээ өссөөр байгаа юм. Нөгөө талаас ханш өсөх бодит шалтгаан байхгүй байхад элдэв хүний хэлсэнд итгэж төгрөгийн хадгаламжаа гэнэт доллар луу хөрвүүлж байгаа нь валютын богино хугацааны дутагдалд хүргэж байна. Ийм үед ханш өсөхөөс өөр аргагүй. Манайх шиг мөнгөний урсгал чөлөөтэй, жижиг эдийн засагт ам.долларын богино хугацааны дутагдалд хүрэхэд амархан. Тухайлбал, зах зээл дээр арилжаалагдаж буй валютын 20 орчим хувь нь бэлнээр хийгдэж байдаг. Үлдсэн нь дансаар. Гэтэл иргэд ханш өсөх сургаар гэнэт валют солиод эхэлж байна. Зах дээр байгаа бэлэн долларын хэмжээ хязгаартай байхад гэнэтийн эрэлт нь ханшийг өрдөхөөс өөр яах билээ.
Ханшийн энэ өсөлтөд үнэнийг хэлэхэд иргэдийн дийлэнх нь алдаж байгаа, цаашлаад ханшийг улам хөөрөгдөж байгаагаа ойлгохгүй байна. Нөгөөтээгүүр, алдаж байгаа томоохон хэсэг байхад хожиж байгаа цөөхөн хэсэг нөхдүүд байгаа нь үнэн. Ялангуяа спекуляци буюу ханш өснө гэсэн хийсвэр төсөөллөөр доллар гэнэт авч эхлэхэд зах зээл дээр бодит мэдээлэлтэй байгаа, мэдээллийн давуу байдалтай тэр хэсэг олдсон боломжийг ашиглалгүй л яахав. Тэд харин ч энэ өсөлтийг олзуурхаж, удаан үргэлжлүүлэхийг хүсч байгаа.
Тэгэхлээр нийтлэлийн эхэнд дурдсанчлан зах дээр долларын ханш өсөөд байгаа хэрэг биш юм. Эсрэгээр төгрөгт итгэх манай иргэдийн итгэл суларсаар байгаа нь маш аюултай дүр зургийг бий болгож байна. Эх оронч сэтгэлгээ гэдэг нь цээжээ дэлдэж, элдэв сүртэй зүйл ярихын нэр биш юм. Эх оронч хүн гэдэг нь төгрөгөө ариг гамтай хэрэглэж, Монголдоо доллар ашиглахгүй байхын нэр юм.
Өмнөд Азийн Камбож Улсын жишээ нь дээр ярихад, иргэд нь үндсэндээ бол ам.долларыг өөрийн мөнгөн тэмдэгт байдлаар ашигладаг болсон байна. 1 ам.доллар нь үндэсний мөнгөн тэмдэгт 4000 риалтай тэнцдэг. Гэхдээ тэнд хүнсний дэлгүүрт юм авах үед барааны үнийг ам.доллараар тавьж, таксины жолооч төлбөрөө доллараар авч байна. Риал нь үндсэндээ задгай мөнгөний оронд л ашиглагдах болж. Бүхэл мөнгө нь ам.доллар, харин задгай мөнгө хариулах бол центийн оронд риалыг өгнө. Өөр нэг орны жишээ бол Зимбабве. Тус улсад ханш, өр, инфляцийн давхар хямрал нүүрлээд байгаа ба үндэсний мөнгөнөөс гадна БНХАУ-ын юанийг ашиглахыг зөвшөөрч, илүү их ашиглаж байна.
Эдгээр жишээнүүдээс харахад тухайн орны мөнгөн тэмдэгт нь иргэдийнхээ итгэлээс маш их хамаарч байна. Мэдээж нэг талаас төрийн бодлого чухал боловч нөгөө талаас эдийн засагт ямар ч эрсдэл бий болоогүй байхад долларыг авах хэрэг байна уу. Бүр зарим хүмүүс долларын бодит хэрэгцээ үүсээгүй, зөвхөн хэн нэгний санаатай болон санамсаргүй хэлсэн үгэнд итгэж төгрөгийн хадгаламжаа ам.доллар луу шилжүүлэх нь буруу шийдвэр юм. Угаас ам.долларын хадгаламжийн хүү төгрөгийнхөөс бага ба ханшийн өсөлт буюу 3.0%-ийг нэмсэн ч өгөөж нь 5% дутуу байна. Энд долларын инфляцийг тооцож болох ч бид дотооддоо доллараар юм авч болохгүй учраас инфляци гэдэг нь төдийлөн хамааралгүй ойлголт юм.
Эцэст нь ханш гэдэг бол эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг бөгөөд валютын орох урсгал өндөр хэвээр байхад ханш огцом өснө гэсэн өрөөсгөл мэдээлэл дээр үндэслэж төгрөгийн хадгаламжаа долларынх болгож, гэнэт их хэмжээгээр доллар авч байгаагаараа иргэн та өөрөө ханшийг өсгөж байна.
Н.БАТТҮШИГ
Холбоотой мэдээ