Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан "Өндөр гэгээн Занабазар, Монголын Богд нарын ном бүтээл" үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнд Польшийн Варшавын дорно дахины их сургуулийн багш Б.Рагчаагийн хувийн цуглуулгаас Өндөр гэгээн Занабазарын ном бүтээлүүд, хөрөг зураг, Монголын анхдугаар Богд /1635-1723/-оос эхлээд Монголын есөн Богд, тэдний багш, шавь нарын 200 орчим ном, бүтээлийг дэлгэжээ.
Үзэсгэлэнд Өндөр гэгээний өөрийн зохиосон “Сүнбүм” бүтээлийн эмхтгэл, төрөл бүрийн магтаал, соёмбо, дөрвөлжин үсгийн цагаан толгой болон монгол лам нарын хийсэн тайлбарууд, “Монгол билиг” судалгааны төвийн бүтээлүүдийг дэлгэн тавьсан байна.
Энэхүү үзэсгэлэн нь Монголын найман Богдын хөргийг анх удаа олны хүртээл болгосноороо онцлог аж. Өндөр гэгээн өөрөө бүтээсэн хэмээх Хонх очиртой өөрийнх нь хүрэл цутгамал алтан шармал дүр, Шаазан ваарын үйлдвэрийн “Чамин” тасгийн зураач, загвар зохион бүтээгч Д.Дашдэлгэрийн 1994 онд бүтээсэн “Хонины ууц таллаж буй Өндөр гэгээн Занабазар”, “Судар ном барьсан Өндөр Гэгээн Занабазар”, уран Д.Самбалхүндэвийн цаасан муутууны аргаар бүтээсэн байгалийн шороон будгаар өнгө ялган зурсан дүр олны анхаарлыг татжээ.
Тус үзэсгэлэн ирэх сарын 1-нийг хүртэл олны хүртээл болно. Үзэсгэлэнг монголчуудын төвд хэл бүтээлийг судлах “Монгол билиг” судалгааны төв, Богд хааны ордон музей, Бакула ринбүүчийн Бэтүб төв, “Nogoon Jade” боловсролын төв хамтран зохион байгуулж байгаа аж.