Авто зам ашигласны төлбөр нэмснийг эсэргүүцэн жагсч байна

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Авто зам ашигласны төлбөр нэмснийг эсэргүүцэн жагсч байна

Авто зам ашигласны төлбөр нэмснийг эсэргүүцэн жагсч байна

Машинтай жагсагчид авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцсэн шаардах бичгийг хотын удирдлагад хүргүүлэхээр жагсч байна. Жагсагчид өнөөдөр /2019.12.09/ өглөө 07.00 цагт цуглаж, жагсаалаа эхэлжээ. Жагсаалд оролцож буй жолооч нар дуут дохиогоо дуугарган, хотын удирдлагууд шаардлагыг өөрийн биеэр гарч ирж авахыг шаардаж байв. Машинтай жагсагчид авто зам дээр зогсолт хийж, түгжрэл үүсгээд байна.

Хэрвээ жагсагчдын шаардах бичгийг албаныхан хүлээн авахгүй бол долоо хоногийн турш өглөө 07.00 цагаас эхлэн оройн 18.00 цаг хүртэл төв талбайг тойрсон зам дээр машинтай зогсолт хийнэ гэдгээ мэдэгдлээ. Одоогоор жагсагчид нийслэлийн удирдлагуудад шаардлагаа өгөөгүй байгаа тул авто замд түгжрэл үүсгээд байна.

“НЗДТГ-Т ТАВАН ШААРДЛАГЫГ ХҮРГҮҮЛНЭ”

“Бид өнөөдөр нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснийг эсэргүүцэж байна. Мөн НӨАТ-ыг иргэдэд 100 хувь буцаан олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувь болгох хуулиа яаралтай цуцалж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг ард иргэдийн халааснаас биш УИХ-ын гишүүн Б.Ундармаад хуулийн хариуцлага тооцох замаар улсыг хохиролгүй болгох шаардлагатай. Бүх төрлийн зээлийн хүүг бууруулж, мөнгө хүүлэлттэй тэмцэх, шатахууны үнийг дэлхийн зах зээлтэй уялдуулан буулгах, нефтийн нэмэлт бүтээгдэхүүн шатахуунд холих асуудалд татвар тавих гэсэн таван үндсэн шаардлагыг хотын удирдлагуудад хүргүүлэхээр жагсч байна” гэдгийг иргэн Б.Цэгмэд хэлж байв.

“ТАТВАР НЭМЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ ИРГЭДИЙНХЭЭ ЦАЛИНГ НЭГ ХУВЬ НЭМ”

 “Би иргэнийхээ хувьд өнөөдрийн машинтай жагсаалд оролцож байна. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхдээ ямар ч үндэслэлгүйгээр нэмж байна. Ард түмний байр суурь, санал бодлыг сонсож, хэлэлцээд татвар нэмэх эсэхээ шийдэх ёстой. Гэтэл дарга нар шууд ийм шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэж байна. Хэрвээ үнэхээр авто зам ашигласны төлбөрөө нэмэх шаардлагатай бол ард иргэдийнхээ орлоготой уялдуулж бага багаар нэмэх хэрэгтэй шүү дээ. Энэ шийдвэр бол ард түмний халааснаас мөнгө хулгайлж буй хэрэгтэй адил ” гэдгийг жолооч А.Шижирболд хэлсэн юм.

Жагсаалд оролцож буй жолооч н.Баянмөнх “Бид өнөөдөр өглөө 07 цагт жагсаалаа эхэлсэн. Гэтэл одоо 10 цагт цагдаа нар нь зам хаагаад явуулдаггүй. Засгийн газрын дарга нарын хоёр хар машин явахад л замыг 40, 50 минут зогсоож байгаад явдаг биз дээ. Ард иргэд нь ганц машинтай жагсаал зохион байгуулахад саад учруулж байна. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх гэж байгаа бол ядаж иргэдийнхээ цалинг нэг дахин нэмэхийг шаардаж байна” гэв.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ, Д.БҮЖИН

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж