Аврал эрсэн "Гоожингийн өндөр"

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Аврал эрсэн "Гоожингийн өндөр"

Орон сууцны өндөр барилгууд дунд хаалга, цонх нь хагарч онгойсон хуучны барилгын балгас харагдана. Хэн нэгнээс аврал эрэх мэт энэ түүхэн дурсгалт барилгыг анх Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан 1914 онд барьсан түүхтэй.

Гэвч өдгөө эргэн тойронд нь орон сууцны хорооллууд сүндэрлэж, түүхэн дурсгалт барилгыг хадгалан хамгаалах асуудал орхигдсоноор балгас болоод буй нь энэ. Олны хэлж заншсанаар “Гоожингийн өндөр” хэмээх энэ түүхэн барилга одоогийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Энэ мэт төр засгаас тоохоо больсон түүхэн дурсгалт барилга Улаанбаатар хотод хэд хэд бий. Гэтэл төр засгаас анхаарах ёстой түүхэн барилгаа сэргээн засварлахад анхааралгүй олон жилийг ардаа хийсэн атлаа хотын төвд байрлах Байгалийн түүхийн музейн барилгыг нураасан нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

УЛААНБААТАР ХОТЫН 380 ЖИЛИЙН ОЙГООР ТҮҮХЭН ГУРВАН БАРИЛГА УСТГАЛАА

Энэ жил Улаанбаатар хот үүсгэн байгуулсны 380 жилийн ой тохиож буй. Энэ ойн баярын өдрүүдэд түүхэн өв соёл болсон гурван ч барилгыг устгаж, нураалаа. Өнгөрөгч аравдугаар сард тэртээ 1930-1936 онд Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байсан байшин буюу Хэлмэгдэгсдийн музейн хоёр давхар модон барилгыг нураасан бол Улаанбаатар хотын анхны европ хийцийн хоёр давхар барилга гэгддэг 1863-1865 онд Оросын консулд зориулан барьсан барилгыг мөн л зөвшөөрөлгүй буулгаж, устгасан байна. Үлдсэн барилга нь чамгүй хэл ам дагуулсан Байгалийн түүхийн музейн барилга юм. Эдгээр хуучны түүхэн дурсгалт барилгууд соёлын өвд бүртгэлтэй, нийслэлийн хамгаалалтад авсан барилга байжээ.

ТҮҮХЭН БАРИЛГА СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ АЖИЛД ХОЙРГО ХАНДСААР ИРСЭН

Ер нь төр засгаас хамгаалж үлдэх, нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай түүхэн барилгаа авран хамгаалах ажлыг огт хийдэггүй гэж хэлж болно. Энэ асуудалд маш хойрго хандсаар ирсэн гэдгийг судлаачид учирладаг.

“Өнөөдөр Улаанбаатар хотын түүхэн дурсгалт хэд хэдэн барилга балгас болоод байна. Тухайлбал, Гоожингийн өндөр хэмээх түүхэн дурсгалт барилга балгас болж хоцорсон. Энэ барилга нь 1912-1914 онд баригдсан бөгөөд энэ барилгыг анх Богд хаант Монгол улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан барьж, амьдарч байсан түүхтэй. Энэ барилгад сүүлд ЗХУ-ын түшмэл Козин гэдэг мэргэжилтэн ирж, ажиллаж амьдардаг байсан. Тиймээс монголчууд тэр хүний нэрийг монголчилж, “Гоожин” гэж нэрлэсэн.

Энэ түүхэн дурсгалт барилга нь одоогийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Өнгөрөгч 2008 онд нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамжаар тус дүүргийн хамгаалалтад авсан байдаг. Энэ барилгыг сэргээн засварлах бүрэн боломжтой. Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайдууд энэ түүхэн барилгыг нөхөн сэргээх талаар төрд уламжилдаг байсан ч ахиц гараагүй. Энэ мэт түүхэн дурсгалт чухал барилгуудаа сэргээн засварлахад анхаарахгүй байж, хотын төвд байрлах музейн барилгыг нураасанд харамсаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын түүхэн ой санамж болсон түүхэн барилгуудыг нураах нь маш буруу шийдэл. Ер нь Монгол Улсын хэмжээнд байгаа түүхэн дурсгалт барилгуудын дээврийг сэргээн засварлах шаардлагатай байдаг” гэдгийг Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр хэлж байв.

УЛААНБААТАР ХОТОД 100 ГАРУЙ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ 25 ДУРСГАЛТ БАРИЛГА БИЙ

Улаанбаатар хотод 1921 оноос өмнө буюу одоогоос 100 жилийн өмнө насжилттай 25 түүхэн дурсгалт барилга байдаг. Энэ нь маш цөөн тоо гэдгийг судлаачид хэлсэн юм. Жишээлбэл, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, хуучин циркийн барилга, Дамбадаржаа хийд, Анхны холбооны байр, Улаанбаатар хотын музей, Гоожингийн өндөр, зэрэг нэн даруй сэргээн засварлах шаардлагатай түүхэн барилга бий.

2019 оны байдлаар Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд 217 дэсийн 479 дурсгал бүртгэлтэй байна. Үүнээс улсын хамгаалалтад 11 нийслэлийн хамгаалалтад 15, дүүргийн хамгаалалтад 121, Соёлын өвд шинээр бүртгэн авсан 91 дурсгал байгаа ажээ.

Ингээд Улаанбаатар хотод түүх өгүүлэн орших зарим түүхэн барилгуудаас танилцуулъя.


ДАМБАДАРЖАА ХИЙД    

Улаанбаатар хотын хамгийн анхны архитектурын дурсгалт барилга байгууламж бол Дамбадаржаа хийд юм. Өдгөө 250 гаруй жилийн түүхтэй сүм хийдийн барилга нь 1761-1765 онуудад баригджээ. Хийдийн зохион байгуулалт нь Цогчин дуган, 12 аймгийн дуган, дөрвөн дацан бүгд 25 дугантай, 1500 лам ном хурдаг томоохон хийд байжээ.

Өдгөө тус хийдийн цогцолбороос цогчин дуган (хийц төлөвлөлтийг нэлээд өөрчилсөн), жин хонх, жин хэнгэрэгийн сүм, түүхийн баруун, зүүн сүм, сэрүүн лаврин, зүүн, баруун сэмчин, гүрмийн дуган, модон гэр дуган хадгалагдан үлдсэн.

Энэ хийдэд олон жил сэргээн засварлалт хийгдээгүй, бага зэргийн сэргээн засварлах ажил хийж байсан ч үндсэн лаврин болон бусад хэсэгт огт сэргээн засварлалтын ажил хийгдээгүй маш хүнд байдалтай байна.

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ        

Улаанбаатар хотын музейн барилгыг Цогтбадамжав хэмээх Буриад худалдаачин өөрийн хувийн сууцны зориулалтаар 1918-1919 онд анх барьсан түүхтэй. Тэрээр хувьсгалт дэвшилтэт хүн байсан учраас Д.Сүхбаатар тэргүүтэй ардын журамт цэргүүд 1921 оны долдугаар сарын 8-ны өдөр Нийслэл Хүрээг чөлөөлөх үед энэ байшингийнхаа нэгэн өрөөг жанжин Д.Сүхбаатарт хүлээлгэн өгсөн байна. Тус байшинд 1921 оны долдугаар сард Монгол Ардын Намын төв хороо, Ардын Түр Засгийн Газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байжээ.

Хожмоо энэ түүхэн барилгыг Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад авсан. Бөхийн өргөөний зүүн хойд талд байрлах музейн газарт 2009-2010 онд 10 давхар орон сууц баригдсан байдаг. Тус музейн дээврийн хэсэг муудсан бөгөөд ирэх 2020 онд Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахаар мөнгө төсөвлөөд байгаа гэнэ. Энэ барилгыг барьснаас хойш гадна талд нь огт сэргээн засварлалтын ажил хийгдээгүйг ажилтнууд нь хэлж байв.

ХУУЧИН ЦИРКИЙН БАРИЛГА

Хуучин циркийн барилга анх VIII Богд Жавзундамбын их хатан Дондогдуламын зуны сэрүүн лавиран байжээ. Одоогоос 140-өөд жилийн өмнө буюу 1880-аад онд барьсан энэ лавриндаа Дондогдулам хатан бурхан тахил, ном судар хадгалдаг байж. Мөн түүний уран дархан, сийлбэрч, барималч, оёдолчин, бичгийн их мэргэд энд амьдарч, бүтээлээ туурвидаг байсан аж.

Тиймээс энэ лавринг Эх дагины номын өргөө гэдэг болжээ. Ардын хувьсгалын үеэр энэ барилгыг түр агуулах болгон ашиглаж, цэргийн зэр зэвсэг хадгалж байсан бол 1940-өөд онд маршал Х.Чойбалсангийн тушаалаар цирк болгосон түүхтэй. Намхайцэрэн гэдэг хүн энэ барилгын дотоод зохион байгуулалтыг өөрчлөн, циркийн манеж бүтээжээ. 1971 онд Улсын цирк шинэ барилгатай болсноор хуучин циркийг Циркийн сургууль болгосон юм байна.

Түүнээс хойш нэг ч удаа их засвар хийгээгүй тул барилгын чанар муудан, сэргээн засварлах нэн шаардлагатай түүхэн барилгын нэг юм.

 АНХНЫ ХОЛБООНЫ БАЙШИН

Монгол бөхийн өргөөний баруун хойд талд байрлах энэ байшинд анх 1915 онд Нийслэл хүрээний 60 номертой телефон станцыг анх байгуулсан түүхтэй. Төмөр утасны хорооны энэ байшинг 1913-1925 оны хооронд Гоожин /Козин/-ны хэлмэрч Цогт  Бадамжав эрхлэн бариулжээ. Засгийн 2008 оны 175 дугаар тогтоолоор нийслэлийн хамгаалалтад авсан бөгөөд 1999 оны 64 дүгээр тогтоолоор түүхэн дурсгалт барилга, байгууламжийг хувийн өмчид шилжүүлэхийг хориглосон ч 2001 онд хувийн өмчид шилжүүлсэн.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Бэлтгэсэн: Д.БАТ-АЮУШ, А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж