Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсч буйг эрх баригчид гадна, дотнын хурал, цуглааны үеэр бахархалтайгаар ярих болжээ. Тоон мэдээллээс харахад, 2016 онд 1.3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг өнөөдөр 7.1 хувьтай байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн ч 31.8 их наяд төгрөг буюу 7.3 хувийн өсөлттэй байгаа ажээ.
График №1
Эдийн засгийн өсөлт нь иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах үндсэн нөхцөл болох учиртай. Харамсалтай нь, энэ өсөлтийг бид үр дүнтэй ашиглаж чадахгүй байгаа бололтой. Тодруулбал, өнгөрсөн гурван жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсч, төгрөгийн ам.доллартай харилцах ханш буурч энэ хэрээр иргэдийн худалдан авах чадвар жил ирэх тусам буурсаар иржээ.
Тухайлбал, 2016 онд 1.3 хувьтай байсан инфляц 2017 онд 6.4 хувь, 2018 онд 8.1 хувь, харин өнөөдрийн байдлаар 9 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлж байна.
2017-2018 онд инфляц ингэж огцом өсөх болсон шалтгаан нь хатуу түлш /хэрэглээний нүүрс, мод/, шатахуун болон махны үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Хатуу түлшийн хувьд 20 хувиар өссөн дүнг 2018 онд Монголбанк зарласан.
График №2
Статистик үзүүлэлтээс харахад, 2013-2016 он хүртэл Ардчилсан намыг Засгийн эрх барьж байх хугацаанд махны үнэ дээд төвшиндөө нэг кг нь 9733 төгрөгт хүрсэн бол 2016-2019 он буюу МАН-ыг Засгийн эрх барьсан энэ хугацаанд статистикт махны үнэ 14 мянгад хүрсэн гэж байгаа ч өнгөрсөн зургадугаар сард үхрийн цул мах 1 кг нь 16 мянга 500 төгрөгт хүрсэн. Харин АИ-92 шатахууны үнэ 2013-2016 онд 1500-1600 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол 2019 онд 1980 төгрөг болж өсчээ.
Харин ам.долларын ханш 2013 онд 1660 төгрөгтэй тэнцэж байсан бол 2019 онд ам.доллар 2721.72 төгрөгтэй тэнцэж байна.
Үүнээс гадна, дарга нарын бахархалтайгаар ярьж буй эдийн засгийн өсөлт гадаад орчинд ч ажиглагдсангүй. Учир нь, саяхан олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох FATF Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулсан. Мөн дэлхийн өрсөлдөх чадварын судалгаагаар Монгол Улс өрсөлдөх чадвар болон ур чадвар, авьяасыг үнэлж буйгаараа үймээн самуунтай байгаа Венесуэл улстай хамтдаа сүүл мушгисан.
Дашрамд мэдээллэхэд, ур чадвар, авьяастай иргэдээ үнэлж буйгаараа Монгол Улс Венесуэлийн доор бичигдсэн билээ.
Холбоотой мэдээ