“Тhe Hu” хамтлагийн дуун дээр метронд бүжиглэсэн монгол залуу

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

“Тhe Hu” хамтлагийн дуун дээр метронд бүжиглэсэн монгол залуу

“Тhe Hu” хамтлагийн дуун дээр метронд бүжиглэсэн монгол залуу

Цагдаагийн Сүлд чуулгын бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгар дэлхийг тойрон бий биелгээ хийхээр шийджээ. Ардын язгуур урлаг болох бие биелгээг орчин үеийн урлагтай хослуулсан тэрбээр дэлхий дахинаа сурталчлан түгээн дэлгэрүүлэхээр шийдэж, өөрийн бичлэгийг цахим сүлжээнд байршуулж эхэлжээ. Ингээд эх орондоо ирээд удаагүй байгаа түүнтэй бэлтгэлийнх нь үеэр ярилцсанаа хүргэе.


-Энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ёндонгийн Дамчаабадгар гэдэг. Одоо 24 настай. Би эх орондоо ирээд тав хонож байна. Цагдаагийн “Сүлд” чуулгад бүжиг дэглээч, бүжгийн багшаар ажилладаг. Цагдаагийн дэслэгч цолтой.

-БНСУ-д ямар сургуульд хэр хугацаанд суралцсан тухайгаа яриач?        

-Миний бие БНСУ-ын Сөүл хотноо “Trust” бүжгийн компанийн модерн бүжгийн сургалтад суралцаад ирлээ. Би 2017 онд Соёл, урлагийн их сургуулиа төгсч, БНСУ-д бүжгийн компанид ажиллаж байсан. Тэгээд 2018 оны хоёрдугаар сараас цагдаагийн “Сүлд” чуулгад бүжигчнээр ажиллаж байгаад бүжиг дэглээч болсон.

-Хүүхэд насныхаа тухай ярихгүй юу. Бүжгийн урлагтай хэр ойрхон өсөв?

-Миний хүүхэд нас Баянхонгор аймгийн Баянцагаан суманд өнгөрсөн. Зургаан наснаасаа бүжиглэж эхэлсэн. Тэгээд 2007 оноос аймгийнхаа Хөгжимт драмын театрын бүжгийн багш, уран сайхны удирдаач, гавьяат жүжигчин Ц.Алтанцэцэг багшийнхаа удирдлага дор монгол бүжгийн урлагт анх хөл тавьсан. Анх монгол бүжгээр суралцсан хэдий ч багш маань шавь нараа олон төрлийн бүжгээр бэлтгэдэг байсан.

-Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Аав маань сумын заан цолтой бөх хүн бий. Ээж маань номын санч мэргэжилтэй.

-“Дэлхийг тойрсон биелгээ” төслөө эхлүүлэх болсон тухайгаа яриач?

-Би оюутан байхаасаа л дэлхийг тойрон аялж, монгол ардын бие биелгээгээ биелэх юмсан гэж хүсч мөрөөддөг байсан. Тэгээд яг яаж эхлүүлэхээ мэдэхгүй байж байгаад 2018 оны гуравдугаар сард ХБНГУ-д зохион байгуулсан олон улсын комтемпорари бүжгийн дэглээч, гоцлол бүжигчдийн 23 дахь удаагийн уралдаанд шилдэг 17 бүжиг дэглээчийн нэг болж, Монгол Улсаас анх удаа оролцсон.

Тэр уралдааны үеэр анх энэ төслийнхөө санааг олж, бичлэгээ хийж эхэлсэн. Тэр үед мэргэжлийн камергүй байсан учраас “GoРro” камераараа бичлэг хийсэн. Харамсалтай нь өөрийнхөө алдаанаас болж, санаандгүй байдлаар бичлэгээ устгачихсан.

Тэгээд 2019 онд БНСУ-д суралцаж байхдаа энэ санаагаа дахин хэрэгжүүлж, ямар ч л байсан олон жил бодож явсан мөрөөдлөө биелүүлэх үүднээс бичлэг хийсэн юм.

-Яагаад төслөө “Дэлхийг тойрсон биелгээ” гэж нэрлэх болов?

-Төслөө дэлхийг тойрсон гэж өнгөрсөн цаг дээр нэрлэх болсон бэ гэж үү. Би энэ төслөө олон жил бодож, хэрэгжүүлэхээр сэтгэл дотроо мөрөөдсөн болохоор ирээдүй цагийг зөгнөж ингэж нэрлэсэн. Зарим хүмүүс надаас “Одоогоор дэлхийн хэдэн орноор явсан бэ” гэж асууж байсан. Миний хувьд эх орноосоо эхлээд л дэлхийн олон оронд очихыг хүсдэг. Ямар ч байсан төслөө БНСУ-д амжилттай эхлүүллээ. Үргэлжлүүлэн Монголынхоо үзэсгэлэнт сайхан газруудаар явж, биелгээгээ биелэх болно.

-БНСУ-д метронд бие биелгээ хийсэн байсан. Хүмүүс хэрхэн хүлээн авсан бэ. Их гайхсан уу?

-Анх удаа метронд бүжиглэж байгаа учраас хүмүүсээс санаа зовно л доо. Хамаагүй хөл, гараа хөдөлгөж, хүмүүст төвөг удах болов уу гэж бодож байсан. Гэхдээ зорилго маань ардын урлагаа сурталчлан таниулах шүү дээ. Миний хувьд метроны хүн багатай хэсэгт бүжиглэсэн. Тэнд байгаа хүмүүс гайхаж, дургүйцэх байх гэсэн чинь харин ч эсрэгээрээ алга ташиж, бичлэг хийгээд гоё хүлээж авсан. Зарим нь монгол хүн гэдгийг маань мэдэж байсан.

Бичлэг хийхэд хоёр найз маань тусалсан. Эхлээд шууд бүжиглэхгүйгээр хэсэг зогсч, орчноо ажиглаж байгаад бүжиглэсэн. Би биелгээгээ дэлхийд гарч ирж буй Монголынхоо “The Hu” хамтлагийнхаа дуун дээр бүжиглэсэн болохоор их сонирхолтой санагдсан байх. Рок дуун дээр биелгээ хийнэ гэдэг бол маш сонирхолтой хэлбэр. Миний хувьд контемпорари урлагийг ардын бие биелгээтэй хослуулснаараа онцлог.

Зарим хүмүүс үндэсний дээлээ өмсөхгүй яасан юм бэ, гараа арай олон савчаад байна гэж хэлсэн. Яг нарийвчлаад харвал бие биелгээний суудал, мөр нь байна. Цацал гар, мөргөл нь байна. Тэр үндсэн хөдөлгөөнийг нь би жаахан чөлөөт хэлбэрт оруулж, орчин үеийн урлагтай хослуулан биелдэг гэсэн үг.

-Биелгээ хийх дараагийн улсаа төлөвлөчихсөн үү?

-Би ойрын хугацаандаа БНХАУ-руу болон ОХУ-руу явж, биелэх төлөвлөгөөтэй байгаа. Учир нь ирж, очиход бага хугацаа шаардана. Манай чуулга шинэ он гараад шинэхэн уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа. Тоглолтын бэлтгэлийн үеэр ийш тийшээ олон хоногоор явах боломжгүй. Тийм учраас хөрш орнууддаа очиж, биелгээгээ биелэх бодолтой байна. Гэхдээ төслөө үргэлжлүүлэн биелгээгээ эх орныхоо үзэсгэлэнт газруудаар болон Улаанбаатар хотдоо биелэхээр төлөвлөсөн.

-Өмнө нь БНСУ-н Сөүл хотноо зохиогдсон “Seoul 2017” олон улсын гоцлол бүжигчдийн уралдаанд ардын бүжгийн төрлөөр оролцож, тэргүүн байр эзэлсэн гэж дуулсан. Бүжгийн урлагаар гаргаж байсан амжилтууд гэвэл?

-БНСУ-д 2017 онд зохион байгуулагдсан тэр тэмцээнд мэргэжлийн бүжигчид оролцдог өндөр зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ онцлог. Энд манай улсын Үндэсний урлагийн их театрын мундаг бүжигчид гоцлол бүжгийн төрлөөр өрсөлддөг. Миний хувьд 2017 онд бүжиг дэглээч, найруулагч Соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг багшийнхаа дэглэж өгсөн “Их хөлгөн” морин хуурын үүсэл гарлын талаарх бүжгээрээ оролцож, тэргүүн байр эзэлж байсан. Энэ тэмцээн миний тав дахь олон улсын тэмцээн. Энэ жилийн долдугаар сард БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулсан олон улсын гоцлол бүжигчдийн хоёрдугаар уралдаанд гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Д.Энхгэрэл багшийнхаа “Савдаг” бүжгээр оролцож, дэд байрын шагнал хүртсэн. Энэ нь миний олон улсын долоо дахь тэмцээн байсан.

-Нийгмээ дагаад залуус орчин үеийн бүжгийн төрлөөр ихэвчлэн хичээллэх болжээ. Харин таны хувьд ардын урлагаараа тууштай хичээллэж, орчин үеийн урлагтай хослуулж явна. Энэ нь уран бүтээлчийн арга барил гэж ойлгож болох уу?

-Уран бүтээлчдийн хувьд үзэгчид юу хүсч байна тэрийг л сонгон олонд хүргэдэг. Би 2017 онд Соёл урлагийн их сургуулийг бүжиг дэглээч мэргэжлээр төгссөн гэдгээ хэлсэн. Бүжиг дэглээч хүн өөрийн гэсэн арга барилтай байх ёстой шүү дээ. Тэр утгаараа би рок биелгээг хөгжүүлж, контемпорари урлагийг биелгээтэйгээ холбож өгдөг юм. Орчин үеийн урлагт ардын урлагаа шигтгэж өгснөөр дэлхий дахинаа бие биелгээгээ сурталчлан таниулах боломжтой гэж боддог.

-Бүжгийн урлагийн сайхан нь юу вэ?

-Бүжгийн урлагаар хичээллэснээр хамгийн түрүүнд хүн гоо сайхны мэдрэмжтэй болдог. Хоёрдугаарт хүний бие эрүүл байна. Гадуур маш их бүжгийн сургалтын төвүүд үйл ажиллагаагаа явуулж, хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлдэг. Энэ нь маш буруу юм. Урлаг тэр чигээрээ маш том хүмүүжлийг олгодог. Тухайн хүнийг зөв хүмүүжүүлж, нийгэмд сэхээтэн хүнийг бий болгохын төлөө урлаг оршин тогтнож байгаа болохоос мөнгө олох хэрэгсэл огтоос биш. Хэрвээ мөнгөний төлөө бүжгийн урлагаар хичээллэж байгаа бол тэр урлаг биш болно

-Ирээдүйн зорилго мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу? 

-Дэлхийг тойрсон биелгээ төслөөрөө дэлхийг тойрон биелэх зорилготой. Энэ мөрөөдөл маань өнөө маргааш биелэхгүй. Цаг хугацаа маш их шаардана. Энэ төслийнхөө хүрээнд өөрийн төлөвлөсөн дэлхийн орнуудаараа явахыг хүсч байна. Мөн бүжгийн урлагаараа дамжуулан хойч үедээ зөв хүмүүжлийг олгохыг хүсч байна.

 Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
414
ЗөвЗөв
70
ГайхмаарГайхмаар
31
ХөөрхөнХөөрхөн
28
ТэнэглэлТэнэглэл
16
БурууБуруу
14
ХахаХаха
13
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж