УИХ 50:26 тогтолцоог буцаана

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

УИХ 50:26 тогтолцоог буцаана

УИХ 50:26 тогтолцоог буцаана

УИХ-ын 76 гишүүний 50-ыг жижиг тойргоос, 26-г улс нэг тойргоос сонгох тогтолцоо УИХ дахь МАН-ын бүлэгт “дайны гал” дүрэлзүүлээд байна.  Нэг хэсэг нь дээрх тогтолцоог “Олигархуудад зориулсан төсөл” гэж оношилсон бол нөгөө хэсэг нь “Үндсэн хууль зөрчсөн тогтолцоо өргөн мэдүүлж янз үзлээ” гэж бухимдлаа илэрхийлж буй.

Товчхондоо МАН-ын Удирдах зөвлөлөөс зүтгүүлсэн эл хувилбар буцаж, 2016 онд УИХ-аас баталсан жижиг 76 тойрог хэвээр үлдэж мэдэхээр байна.

Хэдийгээр УИХ  өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж,  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн ч энэ долоо хоногт Ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар болжээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг сонгууль товлон зарлахаас зургаан сарын өмнө баталсан байх ёстой ч эрх баригчид арванхоёрдугаар сарын 25-нд багтаан ёсчлоход хууль зөрчсөнд тооцогдохгүй хэмээн  үзэж, хэлэлцэх хоногоо сунгасан юм байна.

УИХ дахь МАН-ын бүлэгт өрнөж байгаа гол маргаан нь улс нэг тойргоос 26 гишүүнийг сонгоход сонгогч нэг хүнийг л дугуйлах нь Үндсэн хуулийн зөрчил рүү түлхэнэ гэж үзэж буй.

УИХ сарын өмнө Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа УИХ-ын гишүүнийг шууд сонгохоор хуульчилсан. Гэтэл дээрх төслөөр сонгогч том тойргоос нэг л нэр дэвшигчийг дугуйлна.  Бусад 25 нэр дэвшигч нь дам байдлаар буюу өөр нэг сонгогчийн сонголтоор УИХ-д сонгогдох, ингэхдээ улс нэг тойрогт өрсөлдсөн нэр дэвшигч нь хэдэн хувийн санал авсан бэ гэдгээс хамаарч 26 мандатын тоондоо хуваагдан очих болж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүнийг шууд сонгох заалттай зөрчилдөх болж буй аж.  Хүч түрээд, нэр дэвших эрхээр нь барьцаалаад ч болов 50:26 тогтолцоог УИХ-аас батлахад заргач нөхөр Цэцэд гомдол гаргаж, Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарвал өнөөгийн эрх баригч хүчинд л халтай. Нэг нэр хоёр хочтой болоод зогсохгүй, УИХ-ын сонгуульд бүлэг ч байгуулж чадахгүй суудал авах эрсдэлтэй.

Нөгөө талаас 50:26 хувилбарыг УИХ дахь Ардчилсан намын зөвлөл ч дэмжихгүй байна. Энэ талаар тус зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “хоёр мандаттай жижиг тойргоос сонгогч хоёр хүнийг дугуйлж, саналаа өгөх эрхтэй байхад 26 мандаттай улс нэг тойргоос нэг л нэр дэвшигчийг сонгогч дугуйлахаар тулгаж байгаа нь фашизм. Улс нэг тойрог 26 мандаттай юм бол 26 нэр дэвшигчийг дугуйлах эрхийг сонгогчид өгөх ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн.

МАХН-ын ганц дайчин О.Баасанхүү “Том тойрогт нэр дэвших нь мөнгөтэй хүмүүст ашигтай. Нэг хүн 50-иас дээш хувийн санал авчихлаа гэхэд араас нь санал аваагүй хүмүүс жагсаж УИХ-д суух боломжтой болно” хэмээн эсэргүүцэж буй.

Парламентын гаднах улс төрийн намуудаас 50:26-г хамгийн их дэмжиж байгаа нь ХҮН бол Ногоон намын дарга О.Бум-Ялагч, Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүхтэй хамтран УИХ-ын сонгуульд оролцоно гэдгээ зарласан нь нийслэлд нүүргүй болоод буй эрх баригч хүчинд муу мэдээ болж очиж байна.

УИХ-ын сонгуулийн тогтолцоо ямар байхаас хамаарч жижиг 50 тойрогт мандатын тоо нэмэгдэх эсэх шалтгаалах ч эрх баригч хүчин нийслэлийн мандатын тоог бууруулах бодлого барьж буй ажээ.

Энэхүү зураглалаар Говь-Алтай, Булган, Дундговь аймгийн мандатын тоо тус бүр нэгээр нэмэгдэж мэдэх нь. Учир нь мандатын тоог газар нутгийнх нь хэмжээ, хүн амынх нь тоонд дүйцүүлж хуваарилж ирсэн. Гэтэл энэ зарчим хүн амын төвлөрлийг дагаад өөрчлөгдсөн. Тухайлбал, Ардчилсан нам 2016 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлж, орон нутгийг хумихдаа зарим аймагт ялгаварлал гаргасан. Тухайлбал, Говь-Алтай 37910, Булган 41000, Хэнтий 50000 хүн амтай. Гэтэл Хэнтий аймагт гурван мандат, Булган, Говь-Алтай аймагт тус бүр нэг мандат хуваарилсан билээ. УИХ-ын нэг гишүүнд 28-30 мянган сонгогч оногдож байгаа бөгөөд энэ жишигт ойртуулах зорилгоор аймгуудын мандатын тоог өөрчлөх нь.

Хамгийн гол нь УИХ-аас сонгуулийн тогтолцоог ямар ч хэлбэрээр баталсан, тойргийг яаж ч өөрсдөдөө ашигтай байдлаар зурсан сонгогчид мөнгөөр саналаа худалдахгүй байж, хариуцлагатай сонголт хийж чадвал ард иргэдийнхээ боломжийг хулгайлсан хулгайч, худал амлалт өгдөг нэр дэвшигчдэд хариуцлага тооцож чадна. Өөрөөр хэлбэл, сонгогч таны санал Монгол Улс хөгжих үү, эс хөгжих үү гэдгийг шийднэ гэсэн үг юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж