Хаан шалдан байгааг бүгд хэлэх нь ардчилал

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Хаан шалдан байгааг бүгд хэлэх нь ардчилал

Хаан шалдан байгааг бүгд хэлэх нь ардчилал

Хувийн өмчтэй байж, түүнийгээ өөрөө захиран зарцуулах эрх мэдэлтэй, бодож санаж байгаагаа чөлөөтэй илэрхийлдэг эрх чөлөөтэй, улс орноо хэнээр удирдуулахаа өөрөө сонгодог ардчилсан нийгэм монголчууд бидэнд угаас байсан юм шиг ойлгодог бүхэл бүтэн үе бий болжээ. Тэдэнд телевизийн нэг л сувагтай байсан, тэр ганц сувгаар нь юу нэвтрүүлэхийг улс төрийн нам шийддэг байсан, хоттой хонь улсын мэдэлд, амьдарч байгаа байшин нь мөн улсын мэдэлд, өөрийн төлөө биш улсын төлөө хөдөлмөрлөдөг, албан байгууллага болгонд чиний юу хийж, юу хэлж, хаагуур явж, хэнтэй уулзаж байгааг намдаа мэдээлдэг матаачидтай, хоолны мах, цайны сүүгээ урт дараалалд зогсон байж олж авдаг байсан гэдгийг хэлээд ч итгэхгүй.

Өнөөдрийн монголчуудын энэ нийгэм 30 жилийн дотор орвонгоороо өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлтийн эхлэл цэг нь 1989 оны сүүл, 1990 онд явагдсан ардчилсан хувьсгал байсан. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Ардчилсан холбоо байгуулагдсанаа зарлаж тэрхүү хувьсгалыг гардан гүйцэтгэсэн ариун гавьяатай.

Монголын Ардчилсан холбооноос тухайн үеийн эрх баригч МАХН-д өгсөн шаардлагыг харахад монголчууд ямар нийгэмд амьдарч байгаад ямар нийгэм рүү тэмүүлсэнийг ойлгоно.

Ардчилсан холбооны шаардлагад дараах зүйлс багтаж байсан. Үүнд, сонгуулийн системийг шинэчлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, олон намын системтэй, намын тухай хуультай, байнгын ажиллагаатай парламенттай болох, зах зээлийн концепц боловсруулах, банкийг Засгийн газрын мэдлээс гаргаж төрийн дээд байгууллагад үйл ажиллагаагаа тайлагнадаг болох, төр засгийн үйл ажиллагааг МАХН шууд удирдаж байгааг халах, тусгай хангамжийг устгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хатуу мөрдөх, хүний эрхийг хамгаалах зөвлөл байгуулахыг шаардсан юм.

Хуучин нийгмийг халах үйл явц нэг шөнийн дотор хийгдчээгүй, энэ процесс хүнд, адармаатай зөвшилцөл дунд явагдсан. Энэ процесс одоо ч үргэлжилж буй. Харин ч 30 жилийн өмнөхөөс илүүтэй нийгмийн зөвшилцлийг одоо шаардаж байна. Яагаад гэвэл ардчиллаар олж авсан боломжийг хариуцлага болгож чадаагүйн бурууг Монгол одоо амсч байна. Харин хариуцлага болгож чадаагүйн буруутан нь ардчилал байсан мэтээр ойлголт төрүүлэх эрмэлзэл ихээр цухалзах боллоо.

Монголчуудын сонгон авсан нийгмийг гутааж байгаа зүйл бол авлига, хуулийн завхрал, шударга ёсны гажуудал, тэгш бус байдал болохоос биш ардчилсан тогтолцоог сонгосондоо биш. Харин ч ардчилсан тогтолцоогоо илүү хамгаалах цаг иржээ.

Өөрөөр хэлбэл, ухамсартайгаар хийсэн сонголтондоо эзэн болох цаг иржээ. Авлига гаарч байгаа учраас хүмүүс ядуу амьдарч байна. Хууль хэрэгжихгүй байгаа болохоор хүмүүс ядуу амьдарч байна. Тэгш бус байдал байгаа учраас хүмүүс ядуу амьдарч байна.

1990 оны хоёрдугаар сарын 18-нд хуралдсан Монголын Ардчилсан холбооны анхдугаар их хурал дээр нийтлэлч Баабар Ханс Андерсений “Хаан шалдан байна” үлгэрийг эш татаж байсан. Данийн зохиолчийн энэ үлгэрт бүх шалдан хаанаа хараад “гоё хувцастай байна” гэж зулгуйдаж байхад нэгэн буяхан хүү “хаан шалдан байна” гэж үнэийг хашгиран хэлдэг. Хаан шалдан байгааг хэлдэг бяцхан хөвгүүн улам цөөрсөөр байгаа учраас ардчилал үнэгүйдэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж