Д.Ангар: НДШ-ийг нэмэгдүүлэх нь зөв, хориг үндэслэлгүй

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Д.Ангар: НДШ-ийг нэмэгдүүлэх нь зөв, хориг үндэслэлгүй

Д.Ангар: НДШ-ийг нэмэгдүүлэх нь зөв, хориг үндэслэлгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Энэ нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн арваннэгдэх хориг юм.

Тэрбээр хориг тавьсан албан бичигтээ үндсэн гурван асуудлыг дурдсан. Тодруулбал, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлснийг, Ирээдүйн өв сангийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөд тус тус хориг тавьсан.

Үндсэндээ Ерөнхийлөгч жил бүр УИХ-ын баталсан ирэх оны төсөвт хориг тавьсаар ирсэн. Энэ удаагийнх нь зөвхөн төсвийн тухай хуульд тавьсан гуравдах хориг нь. Өмнөх жилүүдэд төсөвт тавьсан хоригийг нь УИХ хүлээж авч байгаагүй. Тэгвэл Төсвийн тухай хуульд тавьсан гурав дахь удаагийн хоригийг хүлээж авах эсэх нь энэ долоо хоногт тодорхой болно.

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх бөгөөд дараа нь хуваарийн дагуу холбогдох байнгын хороо, улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцсэнээр эцэслэх учиртай. Хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй бол хууль, УИХ-ын шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ.

УИХ-ын зарим гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг  хүлээж авахад хүндрэлтэй гэдгийг хэлж байгаа юм. Учир нь нийслэл, аймгууд энэ сарын 05-ны өдрөөс өмнө төсвөө баталчихсан. Хэрэв хоригийг хүлээгээд авчихвал төсвийг дахин задлах хүндрэл учирна.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч  ирэх онд НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлснийг хориглосон нь хуульзүйн хувьд учир дутагдалтай. Монгол Улсын Засгийн газар 2016 онд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан. Ингэхдээ ОУВС-аас өгсөн хэд хэдэн шаардлагыг хүлээж авсны нэг нь НДШ-ийг үе шаттайгаар буюу таван хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байдаг. Энэ хүрээнд ирэх онд НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж буй.

НДШ-ийг нэмэгдүүлэх нь ажил олгогч ААН-үүд болон ажилтнуудад хүнд дарамт болох нь тодорхой. Нийгэмд ч гэсэн энэ талаарх шүүмжлэл хүчтэй өрнөж, Капитал банканд  алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах зорилготойгоор НДШ-ийг нэмэгдүүлж байна гэдгийг ч хэлж байгаа.

Тэгвэл Ерөнхийлөгч нийгмийн сэтгэлзүйд тулгуурлан улс төрийн тоглолт хийж хориг  тавьсан байхыг ч үгүйсгэхгүй.  Энэ тухай хоригтоо “Татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд Улсын Их Хурал “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай гэж үзэж байна” гэдгийг тодотгосон.

 Ерөнхийлөгчийн хориг хэр үндэслэлтэй эсэх талаар зарим эдийн засагчийн байр суурийг тодрууллаа.

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар: НДШ-ИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА НЬ ЗӨВ

Ерөнхийлөгч улс төрийн шинжтэй хориг тавьсан. Нийгмийн даатгалын сан алдагдалай ажилладаг нь тодорхой. Орлого нь зарлагаа нөхөж чадахгүйгээс НДС жил бүр алдагдалтай гарч байгаа. Санг алдагдалд хүргэхэд АН, МАН аль аль нь оролцсон. АН-ын хувьд олон жил нийгмийн даатгал төлөөгүй хүмүүсийг НД-д хамруулсан. Энэ нь НДС-г алдагдалд оруулахад нөлөөлсөн гэсэн үг. МАН малчдыг НД хамруулсан зэрэг нь сүүлийн 10 жил аль аль намын буруу бодлогоос НДС нь цөмөрчихсөн. Энэ нь системийн гажуудлын асуудал учраас системийн шийдлээр нь засна. НДШ-ийг нэмэгдүүлэх эсвэл тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлт хэрэгтэй. Санхүүч хүний хувьд хэлэхэд, НДШ-ийг нэмэгдүүлсэн шийдвэрийг дэмжиж байгаа. Өөр ямар ч арга байхгүй. НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж байж НДС-гийн алдагдал бага ч гэсэн багасна. Харин Ерөнхийлөгч хориг тавьсан нь буруу. Ерөнхийлөгч асуудлаа огт олж хараагүй. Капитал банкинд мөнгө алдсан нь мэдээж буруу. Капитал банкнаас  ч мөнгөө авах ёстой. Мөн НДШ-ийг нэмэх ёстой. Аль алийг нь зэрэг хийх ийм асуудал. Аль нэгийг нь хийснээр системийн гажуудлыг засах шийдэл биш болно. Капитал банканд алдсан мөнгөө авч жирийн иргэдэд дарамт бүү үзүүл гэсэн Ерөнхийлөгчийн хориг олон нийтэд таалагдах нь тодорхой ч харамсалтай нь системийн шийдэл биш.

Хоёрдугаарт, би Ерөнхийлөгчийн хоригийг хуульзүйн талаас нь ойлгоогүй. НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх хууль нь аль хэдийн батлагдчихсан. Тэр үед нь Ерөнхийлөгч хориг тавиагүй одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалт. Хэрэгжиж буй хуулийн зохицуулалтаар орж ирэх орлогыг тооцоолж төсөвт тусгасанд нь хориг тавьж байгаа нь ойлгомжгүй. Ерөнхийлөгчийн хоригийг олонхын бүлэг хүлээж авахгүй байх.

ЭДИЙН ЗАСАГЧ, СУДЛААЧ Б.ЛХАГВАЖАВ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ

 Намайг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллах үед буюу 2016 он эдийн засгийн хувьд их хямралын үе байсан. Энэ хямралаас гаргахын төлөө ажилласны үр дүнд 2017, 2018 онуудад макро эдийн засаг бага зэрэг өндийсөн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ч өссөн. Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж мөн татварын НӨАТ-ын систем хэрэгжсэн зэрэг энэ бүхний үр дүнд энэ жил 2 их наяд төгрөгийн татварын орлого илүү гарсан. Гэтэл энэ мөнгийг сонгуульд зориулж жалгаар нэг тараах гэж байгаа нь 76 нөхрийг гаргахын төлөө олсон мөнгө биш. Энэ 2 их наяд төгрөгөө ирэх жилүүдэд төлөгдөх өр зээлүүдэд зарцуулах ёстой. Ирэх жилийн намар гэхэд 500 сая ам.долларын өр төлнө. Дараа жил нь тэрбум ам.долларын өр дарна. Үндсэндээ Монгол Улс ойрын жилүүдэд 4 тэрбум ам.долларын өр зээлийг төлнө.

Ний нуугүй хэлэхэд хуруу, хумсаа хугалан байж татвараас олсон хэдэн төгрөгийг маань сонгуулийн төсөвт зарцуулах нь. Ерөнхийлөгч үүнтэй мөн санал нийлж байна лээ. Ялангуяа Ерөнхийлөгч хоригтоо объект бүрээр нь нэр зааж хориг тавьсан. Харамсалтай нь, УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй нь тодорхой. Миний өнгөрсөн дөрвөн жил ажиллаж татварыг чамгүй сайн цуглуулж өгсөн мөнгө маань ч хэрэггүй болж замхарч байгаад үнэхээр харамсч байна.

Нийтийн мөнгөнөөс бий болсон татварын орлогыг яаж зөв зарцуулах уу гэдэгт төр огт хөдлөхгүй байгаа. Монгол Улсын нийт гадаад өр 29 тэрбум ам.доллар. Мөн Монголбанкны асар их өр бий. Энэ бүх өрөө багасгамаар байна. 2020 оны төсвийг хэлэлцэх үеэр цэвэр сонгуулийн төсөв боллоо гэж би хэлж байсан. Ирэх оны төсвийг 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталлаа. “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад ирэх оны төсөв нийцээгүй.

Эдийн засагч Б.Дэлгэрсайхан: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ҮНДЭСЛЭЛ БАГАТАЙ

Ерөнхийлөгчийн хориг үндэслэл багатай. Яагаад гэвэл НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлсэнд хориг тавих хууль зүйн үндэслэл байхгүй. 2017 онд батлагдсан хуулиар НДШ-ийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж