АНУ Ирантай дайтахаар бэлтгэв

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

АНУ Ирантай дайтахаар бэлтгэв

АНУ Ирантай дайтахаар бэлтгэв

Ираны түрэмгийллийн эсрэг АНУ-аас Ойрхи-Дорнод дахь хүчээ зузаатгахаар нэмж цэрэг илгээх болсныг Пентагоноос Баасан(2019.12.06)гаригт мэдэгдлээ. Сири, Ирак болон Ойрхи-Дорнодын бусад бүс нутагт Ираны нөлөө их гэж АНУ-аас үзэж, үүнийг сулруулахын тулд эдийн засгийн хоригоо сэргээх арга хэмжээ авсан. Түүнчлэн Саудын Арабт өнгөрсөн намар болсон газрын тосны үйлдвэрийн дэлбэрэлт, далай тэнгисийн халдлага болон бусад дэлбэрэлтүүдэд Ираныг сэжиглэн буруутгажээ. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын гишүүн, батлан хамгаалахын бодлогын дэд сайд Жон Рүд хэлэхдээ Персийн булан руу 14 мянган цэрэг нэмж илгээхээр төлөвлөсөн аж. АНУ-ын армийн дарга нар Ойрхи-Дорнод дахь цэргийн тоогоо нэмэгдүүлэх асуудалд санал зөрөлдсөн ч тагнуулын байгууллагаас Иранаас ирж болзошгүй аюул, заналхийлэл нэмэгдсэн гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи-Дорнодын бүс нутаг дахь цэргийн тоог нэмэгдүүлэхийг дэмжсэн гэдгийг эх сурвалжууд онцолжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ Ираны засгийн газар орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын эсрэг хүч хэрэглэн 1000 гаруй хүнийг хөнөөж, 7000 хүнийг баривчилсан гэж буруутгасан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын элчин сайд нартай уулзах үеэрээ Дональд Трамп ийнхүү мэдэгджээ. Өмнө нь Дональд Трамп нь бүс нутаг дахь исламын хэт даврагчдын эсрэг “дуусашгүй дайн”-аас гарч, Сири улсаас цэргээ гаргахаар болсноо мэдэгдэж байсан.

АНУ-ЫН ЭСРЭГ ТӨСӨВ БАТЛАВ

Ираны ерөнхийлөгч Хассан Роухани Ням гаригт (2019.12.8) АНУ-ын эдийн засгийн хоригийг эсэргүүцэх, даван туулахад зориулан төсөв баталснаа танилцууллаа. Тэрбээр инфляц өсч, импортын барааны үнэ нэмэгдэж, эдийн засаг уналтад орсон нь АНУ-аас Ираны эсрэг ялангуяа газрын тосны экспортод чиглэсэн хориг тавьсан нь нөлөөлсөн гэж мэдэгджээ. Газрын тосны олборлолт, түүний борлуулалтаас олж байгаа ашиг орлого нь Иран улсын нийт төсвийн 80 хувийг бүрдүүлдэг. Тэгвэл АНУ-ын эдийн засгийн хоригийн эсрэг Ираны засгийн газраас 4845 их наяд риал буюу ойролцоогоор 36 тэрбум ам.долларын төсөв баталжээ. Уг төсвийн задаргаанд нийгмийн салбарын ажилчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг багтаажээ. Иранд ойрын хугацаанд ОХУ-аас таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх тухай ерөнхийлөгч Хассан Роухани цухас дурдсан байна. Иранд шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн өнгөрсөн долоо хоногт орон даяар Засгийн газрын эсрэг жагсаал болсон юм. Жагсаалын үеэр Ираны хууль хүчнийхэн иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэж, олон хүн амь үрэгдсэнийг АНУ тэргүүтэй олон улс хурцаар шүүмжилсэн. Шатахууны үнэ өнгөрсөн арванэгдүгээр сараас эхлэн нэмэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сард Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарч, тус улсын эсрэг эдийн засгийн хоригоо сэргээсэн юм. 2015 онд Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулагдах үед олон улсын цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгчид, хэлэлцээрт оролцогч улс орнууд тэр дундаа тухайн үеийн АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама цөмийн зэвсэг хураах чиглэлд гарсан түүхэн, чухал ач холбогдолтой гэрээ хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ гэрээг Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах бус харин ч эсрэгээрээ терроризмыг санхүүжүүлэхэд нь Тегеранд тусласан, АНУ-д ямар ч ашиггүй маш муу гэрээ гэж үзсэн юм.

АНУ БА ИРАНЫ ЗӨРЧИЛ

Иран улс нь 1979 оны исламын хувьсгалаар хаант засгаа түлхэн зайлуулж исламын шашны хэт үзэл бүхий улс болон хувирсан. Хувьсгалын дараагаас АНУ-тай харилцаагаа эрс муутгасан Иран улс 1979-1988 оны хооронд Ирак улстай дайтсан бөгөөд хэн хэн нь ялалт байгуулж чадалгүй дайн зогссон түүхтэй. Тухайн үед Вашингтон нь Иракийг дэмжин зэвсэг санхүүгээр тусалж байснаас АНУ ба Ираны зөрчил эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж