Авлигаа оймсондоо нуусан “Ааяа"-гийн найзын хэрэг мартагдав уу?

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

Авлигаа оймсондоо нуусан “Ааяа"-гийн найзын хэрэг мартагдав уу?

Авлигаа оймсондоо нуусан “Ааяа"-гийн найзын хэрэг мартагдав уу?

Авлигын 10 мянган ам.доллар оймсондоо нуусан “Ааяа-гийн найзын” хэрэг нэгэн үе сошиалыг шуугиулж байв. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар/АТГ/мөрдөн шалгах явцад их хэмжээний мөнгө хураан авсан бичлэгээ өнгөрсөн долдугаар сарын 29-нд олон нийтэд ил болгосон юм. Эл бичлэгээр төр авлигад идэгдсэн нь илчлэгдсэн билээ.

Н.Баярсайхан авсан хахууль болгоноосоо "Ааяад тэдэн төгрөг, тэдэн хувийг өглөө" хэмээн тэмдэглэж байсан гэх. Тэгвэл авлигаас хувь хүртэгч Ааяа гэгч нь түүний ангийн анд, нэгэн цагт тус газрын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, дуулиан тарьсан ч удалгүй намжсан юм.

Хэргийг сануулбал, өнгөрөгч тавдугаар сард Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дээрх авлигын хэргийг хэлэлцсэн ч Эрүүгийн хуульд зааснаар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр 25 хүний заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгож, заримд нь торгууль ногдуулсан юм. Тодруулбал, Э.Аззаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Баярсайханд торгууль оногдуулсан.

Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230 сая 800 мянган төгрөг, 152 мянга 177 ам.доллар, 70 мянган юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон байдаг.

Олон нийтэд дэлгэсэн дээрх бичлэгийг 2017 оны арванхоёрдугаар сард хийсэн гэдгийг АТГ тайлбарласан. Тэд авлигад авсан их хэмжээний мөнгөө оймсондоо нуусан, гэр болон ажлын байрандаа хадгалж байсан нь тогтоогджээ. Хэргийг шалгах явцад дээрх нөхдийн гэр болон албан өрөө, биеэс нь ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгийг бэлнээр хураан авч байгаа нь бичлэгт гарч байгаа.

 

Гэтэл ийм тодорхой хээл хахууль, авлигын хэрэгт холбогдсон нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон байтал 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор Э.Аззаяа, Н.Баярсайхан нарыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн билээ.

Дээрх шийдвэрт олон нийт шүүмжлэлтэй хандсанаар Нийслэлийн прокурорын газраас анхан шатны шүүхийн уг шийдвэрийг эсэргүүцэн дараагийн шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм. Улмаар онц их хэмжээний авлига авсан хэргээр шалгагдаж байсан мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэргийг өнгөрөгч есдүгээр сард Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар хэлэлцсэн.

Тодруулбал, Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, О.Баттөр, Э.Онон, М.Нарангэрэл, Ж.Тэгвандан, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Н.Маржангүл, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Ж.Саруул, Н.Гантулга, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, М.Цагаанбаатар, Д.Хандсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Зандансүрэн, Г.Даваасүрэн, Э.Оргил, Т.Чингиз, Д.Төмөрбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн хэргийг прокурор Р.Батнасан, Н.Ням-Очир нарын хамтран бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Э.Онон, М.Нарангэрэл нарын өмгөөлөгч Х.Базаррагчаагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцсэн.

Ингээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, …шүүгдэгч Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Э.Онон, М.Цагаанбаатар, М.Нарангэрэл, Д.Хандсүрэн нарт холбогдох хэргийг тусгаарлан хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, … Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хянаж 25 шүүгчдэгчийн заримынх нь хувьд мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулах шаардлагатай, заримыг нь анхан шатны шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой нөхцөл байдал үүсчээ. Тиймээс заримынх нь асуудлыг анхан шатны шүүхээр, заримынх нь хэргийг тусгаарлаад, прокурорт буцаан, дахин яллах дүгнэлт үйлдүүлсний дараа анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн шүүгдэгч Б.Баярсайхан, Э.Аззаяа нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийн зэрэгцээ Монгол Улсын хилээр давахыг хориглох таслах сэргийлэх арга хэмжээг авсан байдаг.

Өдгөө уг хэрэг прокурорт хянагдаж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээллээр тун удахгүй анхан шатны шүүхийн тов гарах гэнэ.

Э.АРИУН 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж