П.Даш Шадар сайдад зөвлөнө

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

П.Даш Шадар сайдад зөвлөнө

Шадар сайд Ц.Оюунбаатар улсын нөөцийн хөрөнгийг шамшигдуулсан гэх хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж, дуулиан тарьж явсан генерал П.Дашийг ахлах зөвлөхөөрөө авчээ. Онцгой байдлын албаны ажил байдлыг гадарлана гэж үзэн, Шадар сайд ийм сонголт хийсэн бололтой. Гэхдээ яагаад улсын хөрөнгө мөнгө идсэн уусан нөхөр сайдад зөвлөх болж байгааг ер ойлгохгүй юм. Монголд энэ зэргийн албыг залгуулчих хүн П.Даш генералаас өөр байхгүй болчихсон юм уу, эсвэл намаас нь ийм үүрэг даалгавар өгөгдөөд арга буюу авч ажиллуулдаг уу.  Ийм нэгэн хачирхалтай сонголт хийсэн байх юм.

Нэг өдөр сайдын албанд томилогдсон Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ багаа бүрдүүлж буй мэдээ чих дэлсэж л байна. Сайдын сонголт бусдыгаа бодвол Ч.Үйтүмэн гавьяатын анх “моод” болгосон, илүү, илүү гэдэг үгийг л санагдуулах болоод байна. Учир юу вэ гэвэл илүү мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллахад анхаарч байгаа аж. Ахлах зөвлөхөөрөө барилгын салбарын жаргал, зовлонг арван хуруу шигээ андахгүй мэдэх Б.Баасан гэх хүнийг томилжээ. Мөн бусад зөвлөхүүд нь салбарынхаа ажлыг гадарлах хүмүүс гэж дуулдаж байна. Ингээд нэр цэвэр хүмүүсээр сонголт хийж болж л байна.

Ерөнхийлөгчийн хэлсэн үг бий, мэргэжлийн хүн байвал нам бус байсан ч яадаг юм бэ. Ажил хийж чадах хүнд, ачаа даах хүнд итгэл хүлээлгэ гэж…

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж