Зургаан жил дугуй засвар ажиллуулсан хүү

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

Зургаан жил дугуй засвар ажиллуулсан хүү

Зургаан жил дугуй засвар ажиллуулсан хүү

“Ямар ч ажлыг чин сэтгэлээ хийх хэрэгтэй. Ажил хүнийг голохоос биш, хүн ажлыг голохгүй гэдэг сайхан үг бий” хэмээн ярих нүдэнд дулаахан хүүг Гантулгын Ганбаяр гэдэг. Ойр дотнынхон нь түүнийг Баяраа гэж дууддаг. Баяраа өглөө бүр хичээлдээ эртлэн явж, шөнөдөө дугуй засвартаа хонож, борви бохис хийлгүй ажилладаг шаламгай нэгэн.

Баяраа одоо 18 настай ч энэ жил зургаа дах жилдээ дугуй засварын газар ажиллуулж буй юм. Баяраагийн бага нас бусдынхтай адил дардан байсангүй. Түүний хүүхэд нас дугуй засварын газрын тоосон дунд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Одоогоос зургаан жилийн өмнө Баяраагийн аав С.Гантулга хүүгээ дугуй засварт ажиллахыг санал болгосон бөгөөд тэр үеэс эхлэн ажлыг гололгүй чин сэтгэлээсээ хийж, гэр бүлдээ дэм болсоор иржээ. Үеийнх нь нөхөд түүнийг дугуй засварын хүүхэд хэмээн шоолж байсан ч тэрбээр зорилгоосоо ухралгүй зүтгэсээр өдгөө өөрийн гэсэн “бизнестэй” болтлоо өргөжсөн байна. Энэ бол түүний аливаад сэтгэл гаргаж, өөриймсөг, ханддагийнх нь нэгэн илрэл биз ээ.

Ингээд түүний амьдралын хэсэг хормыг сурвалжилснаа хүргэе. Баяраагийн дугуй засвар 3-4 дүгээр хороололд байрлах “Өргөө” кино театрын арын уулзварт байдаг. Биднийг очиход Баяраа тун завгүй байлаа. Учир нь хоёр үйлчлүүлэгч дугуйгаа нөхүүлэхээр хүлээн зогсож байв. Биендээ ахадсан ажлыг нугалж буй тэрбээр бидэнтэй ч үг сольж амжсангүй түр хүлээж байгаарай хэмээн инээмсэглэл тодруулав.

Энэ зуур тос, маслын хурц үнэрт хамар цоргиж, эгнүүлэн өрөн тавьсан дугуйнаас өөр анхаарал татах зүйл байсангүй. Хэсэг хором хүлээсний эцэст Баяраатай ярилцлаа.

КОЛЛЕЖОО ТӨГСӨӨД ЗАМЫН ЦАГДАА БОЛНО ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙГАА

Сайн байна уу. Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Г.Ганбаяр гэдэг. Энэ жил зургаа дах жилдээ дугуй засвар ажиллуулж байна. Хамгийн анх 12 настайгаасаа дугуй засварын газрыг найзтайгаа нийлээд ажиллуулж эхэлсэн дээ. Тухайн үед манай аав “миний хүү хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд үз” гэж билээ. Нэг л мэдэхэд дугуй засварын газар ажиллаад зургаан жил болсон байна.

-Багасаа ажил, хөдөлмөр эрхлэхэд шантрах үе байв уу?

-Дөнгөж эхэлж байхад нуруу хүрэхгүй, дугуйгаа даахгүй үе зөндөө байсан. Хүмүүс ч гэсэн миний дүү чадах уу гэхээр нь чадна аа ах аа гээд гүйдэг байсан. Одоо бол өргөсөөр байгаад сурчихсан. Иймэрхүү дугуй хөнгөндөө ордог.  Тулгарч байгаа бэрхшээл гэвэл зуны цагт нуруу өвддөг. Байнгын үйлчлүүлэгчид итгэл алдав аа, найдвартай хийж өгөөрэй гэдэг. Хатуу дугуй орж ирэхэд ажиллагаатай хэцүү байдаг. Бусдаар ч гайгүй дээ. Мэдэхгүй чадахгүй юм аа сурчих юмсан гэж боддог.

-Цаашдаа ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ. Ирээдүйн зорилгоосоо хуваалцаж болох уу?

-Одоогоор би Монголын үндэсний их сургуулийн авто инженерийн ангид суралцдаг. Коллежоо төгсөөд замын цагдаа болно гэсэн бодолтой байгаа. Ямартай ч ирэх онд цэргийн зарлан ирэхээр цэрэгт явна гэж бодож байна. Хичээлийн хажуугаар ажиллахаар заримдаа их ядардаг. Саяхан тайлан, дадлагаа хамгаалчихсан болохоор одоо нэг хэсэгтээ санаа амар байна.

-Гэр бүлийнхнийгээ танилцуубал?

-Манай аав жолооч, ээж болохоор дүү нарыг хараад гэртээ байдаг. Би айлын дунд хүү. Дээрээ нэг ах, эгч, доороо хоёр дүүтэй.

-Дугуй засвар ажиллуулахад хэр ачаалалтай байдаг вэ?

-Өвөл, зуны цагт ачаалал ихэсдэг. Хүмүүс хөдөө гадаа явахаасаа өмнө дугуйгаа солиулах нь эрс нэмэгддэг. Үнэ ханшны хувьд нэг дугуй солих 2500-3000 төгрөгийн хооронд байдаг. Ер нь дугуйнаасаа шалтгаалан үнэ хэлбэлздэг. Жийпний дугуй гэхэд нэг дугуй 5000 төгрөг байдаг. Гэхдээ байнгын ирдэг үйлчлүүлэгчдээ арай хямдралтай. Дугуй засварын орлого амьдралд тийм ч хүрэлцээтэй байдаггүй. Ачаалалтай өдрүүдэд дунджаар тогныхоо мөнгийг хасаад 50-100 мянган төгрөг олдог. Гэхдээ зүгээр гараа хумхиж сууснаас хамаагүй дээр шүү дээ.

-Хэдэн жилийн өмнө чиний талаар пост сошиалд явж байсан. Тэр үеэс хойш чиний амьдрал хэр өөрчлөгдсөн бэ?

-Тэр пост бол санамсаргүй байсан. Би дотор дугуй янзалж байхад манай найз намайг дуудсан. Бид хоёр тухайн үед сардаа 300 мянган төгрөг төлөөд түрээсээр ажилууллдаг байсан. Харин одоо нөгөө найз маань Замын-Үүдэд сурч байгаа гэсэн. Тухайн үед телевизээс хүмүүс ирж надаас сурвалжлага авч байсан /инээв/.

-Аав ээж, найзууд чинь чамайг дугуй засварт ажиллана гэхээр юу гэж хүлээж авсан бэ?

-Гэмтэж бэртэв гэж хэлдэг. Орой ажил гарахаар болгоомжтой байгаарай гэдэг. Ажил хийснээс хойш гэрт тодорхой хэмжээгээр нөлөө гарсан байх аа. Заримдаа гэрийхнэн дургүйцнэ. Унтаж амрахгүй ингэж ажиллаа гэдэг. Арван жилд байхдаа орой нь ажиллаад өглөө нь хичээлээсээ хоцорчхоод байдаг байсан. Тухайн үед багш нар хичээлээ битгий таслаад байгаарай гэдэг байж билээ.

-Чөлөөт цаг хэр гардаг вэ?

-Хичээл тараад оройдоо эндээ хоноод өглөө нь хичээлдээ шууд явдаг. Тиймээс чөлөөт цаг нээх их гардаггүй. Найз нартайгаа уулзахаар бол ажил дээр ирээд уулзчих гэдэг. Одоо бол ажлын ачаалал даагаад сурчихсан. Одоо энэ дугуй засварыг ахтайгаа хамт ажиллуулж байна.

БИД ХОЁР ДУГУЙ ЗАСВАРЫН ГАЗАРТ ТАНИЛЦСАН

Баяраагийн найз Б.Цэнгүүнбаяр ийн ярилаа. Тэрбээр Баяраатай хамт таван жил найзалж байгаа аж. “Би Баяраатай багаасаа цуг ажилласан. Баяраа бол зорилготой, хичээнгүй хүүхэд. Өөрийнхөө төлөө сайн хичээдэг. Дугуй засварт ажиллахад саад бэрхшээл нээх байдаггүй. Сонирхдог зүйлстэй ойр болохоор хэцүү зүйл гардаггүй. Би гагнуурын мэргэжил сонгосон байгаа. Одооноос хичээгээд ирвэл амьдрал дээр юмны учрыг ойлгоод муу сайныг сайн ялгаад сайхан амьдарна гэж боддог. Бид хоёр дугуй засварт танилцсан. Одоо бид нэг сургуульд сурдаг” гэлээ.

Дашрамд дурдахад Үндэсний статистикийн хорооноос гаргасан  ажиллах хүчний судалгааны 2019 оны гуравдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байгаа бөгөөд ажиллах хүчний оролцооны түвшин 60.1 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүд 67.4 хувь, эмэгтэйчүүд 53.5 хувь байна. Хөдөлмөрийн нөөцөд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 54.2 хувь байна. Хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүд 60.1 хувь, эмэгтэйчүүд 48.8 хувь байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 10 сард ажилгүй 69.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 19.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 52.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.8 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.8 мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 185  хүнээр буурсан байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны аравдугаар сарын эцэст 49.6 хувийг бүрэн дунд, 29.0 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 4.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.2 хувийг бага, 1.4 хувийг боловсролгүй, 1.0 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

Өөрөөр хэлбэл ажлын байр байхгүй байна хэмээн гомдоллох бус “Хийх юм их байна даа” хэмээн хөдөлмөрлөх Баярааг хараад залуус нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг. Ажил олдохгүй байна гэж зүгээр суух биш өөрсдөө ажлын байраа бий болгож буй бүтээлч, хөдөлмөрч хүмүүс залуусын эгнээ улам бүр тэлээсэй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж