Шинэ Зеландын үндэсний агаарын тээврийн “Air New Zealand” компани “Twiice” гэх компанитай хамтран нэг удаагийн хэрэгслийн хог хаягдлыг бууруулахын тулд идэж болдог кофены аягыг үйлчилгээндээ нэвтрүүлжээ.
Энэхүү аягыг шингэн нэвчихгүй технологиор ванилын амттай жигнэмгээр хийсэн байна.
Тус агаарын тээврийн компани нь жилд найман сая орчим кофены нэг удаагийн аягыг үйлчилгээндээ ашигладаг бөгөөд бүгд эргээд хэнд ч хэрэггүй хог хаягдал болдог аж. Их Британид л гэхэд жилд 2,5 тэрбум нэг удаагийн аяга хог дээр хаягддаг ба үүний дөнгөж 0,25 хувийг дахин боловсруулдаг байна.
Шүүмжлэгчдийн зүгээс онгоцны түлш агаар мандалд маш их хэмжээний хүлэмжийн хий үүсгэдэг учир агаарын тээврийн компаниуд үнэхээр л байгаль орчинд санаа зовниж байгаа бол кофены аягаа солиод зогсохгүй илүү том өөрчлөлт хийх хэрэгтэй хэмээжээ. Мөн зарим нь энэхүү идэж болдог аяганы орц найрлагад анхаарлаа хандуулж, барьцалдуулагч бодис байгаа эсэхийг нь сайтар нягтлахыг хүссэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ