ТОЙМ: Ерөнхийлөгчийн хориг, Ерөнхий сайдын айлчлал

Хуучирсан мэдээ: 2019.12.08-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Ерөнхийлөгчийн хориг, Ерөнхий сайдын айлчлал

“Ньюс” агентлаг уншигч танаа өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.

"АЛДАА ИХТЭЙ, ЭРСДЭЛ БҮХИЙ ТӨСӨВ"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригууд өнгөрч буй долоо хоногт олны анхаарлын төвд байлаа. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавив. Тэрбээр улсын төсөв өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон алсын хараатай нэгдмэл бодлого, эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой төрийн чухал бодлого болохыг онцолсон. Улмаар өнгөрсөн жилийн төсөв хэлэлцэгдэх үеэр энэ асуудлыг Улсын Их Хуралд тусгайлан сануулж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагыг удаа дараа тавьсан боловч үр дүнд хүрээгүйг тэмдэглэсэн юм.

Түүнчлэн уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, уламжлалт хөдөө аж ахуйдаа тулгуурлан мал аж ахуйн гаралтай баялаг, түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэрүүдийг барьж байгуулах нь ажилгүйдэл, ядуурлыг эрс бууруулах, улс орны эдийн засагт үсрэнгүй хөгжил авч ирэх онцгой ач холбогдолтойг сануулав.  Тодорхой санал, санаачилга гаргасан боловч эрх баригчдаас улсын төсөвт тодорхой бодлого, арга хэмжээг тусган хэрэгжүүлэх эрмэлзэл, хичээл зүтгэл огт гарахгүй байгааг шүүмжиллээ.

Монгол Улсын 2019 оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай, хэт үрэлгэн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилсан, зураг төсөлгүй олон барилга, байгууламжийг барихаар тусгасан зэрэг алдаа дутагдал ихтэй гарсныг онцлов. Мөн Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг илэрхий зөрчсөн байдалтайгаар батлагдсан бөгөөд үр дүн нь Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо хэдэн сургууль, цэцэрлэг барьснаа сайрхаж, сурталдахаас цааш хэтрээгүйг хэлсэн юм.

Түүнээс гадна Улсын Их Хурлаар батлагдаад буй 2020 оны төсвийг сонгуулийн явцуу ашиг сонирхолд илт баригдсан, хэтэрхий өндөр зарлагатай, тухайн зарлагадаа тохируулж үндэслэл муутай, бүрдэхээргүй хийсвэр орлогыг ихээр төлөвлөж тооцсон, төсвийн алдагдлыг 2.07 их наяд төгрөгт хүргэж, улам нэмэгдүүлсэн зэрэг улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл учруулах олон дутагдалтай, алдаа ихтэй, эрсдэл бүхий төсөв болсон гэж дүгнэв.

Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьсан. Тэрбээр өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх, өмгөөллийн үйл ажиллагааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэний “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” үндсэн эрхийг хангах зорилт бүхий Өмгөөллийн тухай хуулийн ололттой зарим үзэл санаа, зохицуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Гэвч 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар чиг үүрэг нь Монголын Хуульчдын холбоонд бүрэн шилжсэн “Өмгөөлөгчдийн холбоо” гэдэг байгууллагыг давхардмал чиг үүрэгтэйгээр дахин байгуулахыг дэмжих боломжгүйгээ мэдэгдсэн юм. Улмаар Монголын Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дордуулах, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх, давхардмал чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбоог хуулиар дахин байгуулах шаардлагагүй хэмээн үзжээ.

МОНГОЛЫН НУТГААР ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙ ДАЙРУУЛАХ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, сүүлийн гурван сарын хугацаанд түүнтэй хоёр дахь удаагаа уулзав. Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцсон нь долоо хоногийн онцлох үйл явдал байлаа.

Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүйг мэдэгдсэн юм.

Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах асуудал олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэж, хоёр тал Санамж бичиг байгуулсан билээ.

Хоёр улсын судалгааны ажлын хэсгүүд одоогоос эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажлаа эхэлнэ. Гэвч бодит ажил хэрэг болох хугацаа тодорхойгүй хэвээр байгаа юм.

Өнгөрсөн Даваа гариг (2019.12.02)-т Сибириэс БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээтэй хоолой ашиглалтад орсон. Анх 2014 онд хоёр тал тохиролцоонд хүрэхээс өмнө шугамыг барих хоёр боломжит хувилбарыг судалж байсан аж.

Монголын нутгаар дамжин өнгөрөх баруун чиглэлийн хоолой барих тухай яригдаж байсан ч БНХАУ-ын эрх баригчид зүүн шугам нь эрэлт өндөртэй Бээжин, Тяньжинтай холбоход ойр байсан тул энэ хувилбарыг хүчтэй дэмжиж төсөл хэрэгжсэн юм.

Дээрх төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэх юм.

Мөн Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй ажлын айлчлалын өдрүүдэд  ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн асуудлыг хэлэлцэхээр Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нараар ахлуулсан Ажлын хэсгийн анхдугаар уулзалт 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо болов.

Ажлын хэсгийн анхны уулзалтаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн маршрут нь урьдчилсан байдлаар Төмөр замын дагуу байхаар тохиролцсон юм. Маршрутын хувьд урьдчилан харж, тооцож болохооргүй газрууд байж болох ч тухай бүр нь Ажлын хэсэг хэлэлцэн шийдэхээр болов. Эхний ээлжинд Техникийн шийдэл гаргахад шаардлагатай мэдээллүүдийн жагсаалтыг ОХУ-ын ЭХЯ-наас Монголын талд 2019 оны 12 дугаар сарын сүүлээр ирүүлэхээр болсон юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж