У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Н.Энхбаяр нарын хэнээр туг бариулах вэ?

Хуучирсан мэдээ: 2019.12.08-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Н.Энхбаяр нарын хэнээр туг бариулах вэ?

"Ньюс" агентлаг долоо хоногийн онцлох нийтлэлүүдээ тоймлон хүргэж байна.


ХИЙН ХООЛОЙ МОНГОЛООР ДАЙРАХ НЬ БҮГДЭД АШИГТАЙ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн асуудлыг хөндөнө хэмээн албан бус эх сурвалжууд мэдээлж байна. Энэхүү айлчлал 2019 оны арванхоёрдугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд товлогдсон бөгөөд айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхий сайд нарын хэлэлцээгээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Москва хотноо ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болж, энэ үеэр “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарах ажээ.

Сүүлийн 2-3 жилд идэвхжих хандлага ажиглагдаж байгаа Монгол-Оросын эдийн засгийн харилцааны хамгийн анхаарал татаж байгаа сэдэв нь хийн хоолойн асуудал юм. Ялангуяа энэ оны есдүгээр сард Монголд нэг өдрийн айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын дараагаас хийн хоолой үнэхээр Монголын нутгаар тавигдах магадлалтайг нотолсон хэд хэдэн үйл явдал болсон. Монголд хийсэн айлчлалаас буцаж очингуутаа Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром”-ын ерөнхийлөгч Алексей Миллертэй уулзан, Оросоос Хятад руу татах хийн хоолойг Монголын тал нутгаар дайруулан тавих боломжийг судалж үзэхийг үүрэг болгосон.

Үүний дараахан есдүгээр сарын 11-ний өдөр Абу Дабид болсон Дэлхийн Эрчим хүчний конгрессийн үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак, Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй уулзаж, хийн хоолой тавих асуудлаар хамтарсан ажлын хэсэг гаргахаар тохиролцсон. Энэ хоёр үйл явдал нь хийн хоолойг Монголын нутгаар дайруулах улс төрийн шийдвэрт нийлүүлэгч Орос, хэрэглэгч Хятадын хооронд хийгдсэн гэсэн үг юм. Нефть, байгалийн хий зэрэг стратегийн бүтээгдэхүүний төслүүдийн хэрэгжилт улс төрийн шийдвэрээс ихээхэн хамааралтай.

Н.НАРАНТУЯА
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


2020: ЕРӨНХИЙ САЙДЫН ТӨЛӨӨХ ЦУСГҮЙ ТУЛААН

Цагаа олсон реклам мөн эсэхийг мэдэхгүй ч ХҮН-ын “Бид хулгайч биш” самбар олон хүнд хүрчээ. Арван зургаан оны сонгуулийн өмнөхөн хоёр хуваагдаж, ах намуудын шоглоом болоод өнгөрсөн ХҮН бол 2020 оны сонгуульд хүч үзэхээр сэм бэлтгэж буй гуравдагчдын нэг. Монголын улс төрийн гуравдагчийн орон зайг эзлэхээр олон нам төрсөн, одоо ч төрөн гарсаар байгаа ч тэдний улс төрд эзлэх эзлэхүүн тэг хувьтай хэвээр. Тиймээс Баасан гаригт МАН-ын удирдлагуудын гаргаж ирсэн 26:50 холимог хувилбар гуравдагчдад боломж олгоно гэж жижгүүд том хүлээлтэй байна. Товчхондоо, Н.Энхбаяр, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарт боломж гарч ирж байна гэсэн үг. Гэхдээ тэд эвсэхгүйгээр дан, дангаараа тоглолт хийвэл хэцүү. Эрх баригчдын санал болгож буй энэ хувилбарын сайн нь сонгогч нэг бүрийн санал тоологдоно, мажоритар шиг сонгогчдын санал гээгдэхгүй. Олон намын оролцоо улс төрд нэмэгдэнэ. Улсын төсвөө жалга довоор цацахгүй эерэг талтай.

Нэр хүнд, чадамж нь улам уруудсаар байгаа УИХ-ын нэр хүндийг аврах ганц гарц нь хүнээ солих биш, сонгуулийн системээ солих явдал. Парламентын засаглалыг сонгодогжуулах үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан, үүний араас хийгдэх шинэчлэл нь сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх.

Г.Занданшатарын парламентын гишүүд хүчин, хүүхэн шуухны хэрэгт холбогдож, шүүх прокурорт дуудагдах болсон хийгээд ЖДҮ, 60 тэрбумаас бүрдсэн УИХ-ыг тараах асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн үес байнга хөндөж тавих болсон. Үнэндээ хүндээ биш тогтолцоондоо, сонгуулийн системдээ алдаа нь байгаа. Товчхондоо, Ж.Батзандан, С.Жавхлан, А.Сүхбат, Д.Гантулга, Х.Болорчулуун нарыг гаргаж ирсэн систем нь мажоритар, тэд бол жижиг тойргийн том гажгийн бодит жишээнүүд.

Ж.НЯМСҮРЭН
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


 Ч.ХҮРЭЛБААТАРТ “ЗОРИУЛСАН” ХОРИГ  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 3-ны өдөр Ч.Хүрэлбаатарт долоо, МАН-д 11 дэх хоригоо тавив. Түүний сүүлийн хориг 2018 оны төсөв болон Өмгөөллийн тухай хуулиудад хэсэгчлэн тавьсан хориг байлаа. Ерөнхийлөгчийн хувьд нийт 11 удаа хориг тавьсан бөгөөд өөрөө нэгийг нь буцаан татаж, УИХ хоёр хоригийг хүлээн авч, үлдсэнийг нь хүлээж авахаас татгалзаж байсан юм.

Ерөнхийлөгч чуулганы үеэр хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавьсан бол 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол баталдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 11 удаа хориг тавьсны долоо нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт “зориулсан” хориг. Өөрөөр хэлбэл, түүний Сангийн сайдын томилгооноос эхэлсэн хориг сүүлийн гурван жилийн төсөв болон Татварын багц хууль гэх мэт Ч.Хүрэлбаатарын автортой бүхэнд хориг тавьж буй нь сонирхолтой.

Ерөнхийлөгчийн хувьд хориг тавьж буй нь УИХ алдаа гаргасан, түүнийгээ сайжруулах ёстой гэж тавьж буй ч нэг хүнд зориулан долоон удаа хориг тавьж буй нь улс төрийн зорилго агуулсан байх вий гэсэн хардлага ч улс төрийн хүрээнд бий. Гэвч МАН үнэмлэхгүй олонхоороо Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хүлээж аваагүй байдаг. Тиймээс олонхын бүлэгт тавьж буй Ерөнхийлөгчийн хоригууд нэг төрлийн "улс төр" болон хувираад буйг хэлэх хүмүүс бий.

Ш.ЧИМЭГ
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж