НҮБ-д суух Хойд Солонгосын элч төлөөлөгч өчигдөр /2019.12.07/ АНУ-тай хийж буй цөмийн яриа хэлэлцээ бүрмөсөн дуусгавар болсныг мэдэгджээ.
НҮБ дах Пёньяны суурин төлөөлөгч Ким Сон “Бид одоо АНУ-тай дахин цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээ хийхгүй. АНУ-ын тал энэхүү яриа хэлэлцээг дотоодынхоо улс төрийн асуудалтай хутган, цаг хожиж байна” хэмээн буруутгасан байна.
Уг асуудлаар Дональд Трамп, Ким Жон Ун нар 2018 оны зургадугаар сараас хойш гурван удаа уулзсан ч үр дүнд хүрээгүй байна. АНУ-ын зүгээс Хойд Солонгосыг бүх цөмийн зэвсгээсээ татгалзах хүртэл эдийн засгийн хоригуудаа цуцлахгүй гэсэн байр суурьтай байгаа бол Хойд Солонгосын тал харилцан буулт хийх замаар цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах саналтай байсан учир талууд зөвшилцөж чадалгүй гацаанд ороод байсан юм.
Саяхан Хойд Солонгосын зүгээс зогсонги байдалд байгаа цөмийн хэлэлцээг үргэлжлүүлэх эсэхийг шийдэхэд маш бага цаг хугацаа үлдээд байгааг АНУ-д сануулсан билээ. Харин тэдний уг сануулгыг АНУ хараахан онцлон авч үзээгүй тул Хойд Солонгосын тал өөрсдийн шийдвэрээ гаргасан бололтой.
Гэхдээ баасан гариг /2019.12.06/-т АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй утсаар ярьж Хойд Солонгостой хэрхэн харилцах талаар зөвлөлдөж, цөмийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх тал дээр аль аль нь анхаарал хандуулахаар зөвшилцсөн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ