Оросын тэрбумтан, 49 настай Дмитрий Обрететский Английн Суррей хотын Оксшотт тосгонд нохойгоо салхилуулж яваад амиа алджээ.
Хэргийг тодруулбал, тэрбээр арваннэгдүгээр сарын 25-ны өдөр тус тосгонд зам дагуу нохойгоо салхилуулан алхаж явсан бөгөөд энэ үед гурван машин мөргөлдсөн авто осол болсон байна. Ослын улмаас нохой нь газар дээрээ үхэж, өөрөө хүнд гэмтэлтэй хотын эмнэлэгт хүргэгджээ. Ослоос хойш тав хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 30-ны өдөр тэрбээр эмнэлэгт амьсгал хураасан аж.
Тус авто осолд холбогдсон хүмүүсийг тухайн өдөр саатуулан байцаасан боловч ямар ч баривчилгаа явагдаагүй байна. Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мөн уг хэрэгтэй холбогдуулан Обрететскийн дотны найз нарын нэг Павел Боровков гэгчээс Оросын “Life” агентлаг тодруулга авахад "Англид хүмүүс маш болгоомжтой машин жолооддог. Түүнийг санаатайгаар хөнөөсөн байхыг үгүйсгэхгүй” гэж ярьсан байна.
Ийнхүү Англид нууцлаг байдлаар амиа алдсан Оросын нэр нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалт нэгээр нэмэгдэж байна гэж дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлжээ.
Дмитрий Обрететский Mars, Nestle, Procter & Gamble брэндүүдийг албан ёсны төлөөлөгч “Magnat Trade Enterprise” худалдааны компанийг үүсгэн байгуулагч бөгөөд хэдэн жилийн өмнө гэр бүлээрээ Лондон хотод амьдрахаар Английг зорьсон байна.
Эх сурвалж: CNN, INDEPENDENT