"Эко Алтан Заамар"-ын 5 хүний амийг авсан ослыг сануулахуй

Хуучирсан мэдээ: 2019.12.08-нд нийтлэгдсэн

"Эко Алтан Заамар"-ын 5 хүний амийг авсан ослыг сануулахуй

Энэ сарын 6-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ажилтан 26 настай эрэгтэй техникт даруулж амь насаа алджээ

Монгол Улсад сүүлийн гурван жилд 947 үйлдвэрлэлийн осол болж, 88 хүн нас баржээ. Үүнээс уул уурхайн салбарт 22, барилгын салбарт 17, боловсруулах үйлдвэрлэлд есөн хүн нас барсан байна. 2019 он гарснаас хойш олны анхаарлыг татсан үйлдвэрлэлийн  осол гэмтэл шил дараалан болж, эрдэнэт хүний амь эрсэдсээр байна.

Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 6-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ажилтан 26 настай эрэгтэй техникт даруулж, амь насаа алджээ. Тодруулбал, эксковатор угсрах явцад трос тасарсан тул хүнд техник залуугийн дээр унаж, газар дээрээ амь насаа алдсан байна. Хэргийн газарт холбогдох байгууллагад ажиллаж буй юм.

Тус уурхайд мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайн хана нурж, зургаан хүн нурангид дарагдсан ч дөрвөн хүний амийг аварч чадаагүй юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Нуралт үүссэн карьерын дээд талд 10 метр орчим гүнзгий хиймэл нуур үүсгэсэн. Хиймэл нуурын ус хана руугаа нэвчиж нуралт үүссэн. “Эко-Алтан Заамар” компани нуурыг карьерын дээд талд байгуулсан нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн” гэсэн дүгнэлт гаргасан

ХАРИУЦЛАГАГҮЙ УУЛ УУРХАЙ ГЭЖ ЮУ БОЛОХЫГ ХАРУУЛСАН ТУС КОМПАНИ ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ШАЛГАРАВ

Улмаар талийгаачдын ар гэрт тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж төрөөс, компаниас тодорхой хэмжээний мөнгө гаргаж, хуулийн дагуу олгох ёстой. “Эко Алтан Заамар” ХХК-иас амь эрсэдсэн ажилтнуудын ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө байр, 50 сая төгрөг олгоно гэдгээ мэдэгдэж байсан ч удалгүй чимээгүй болсон. 

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2018 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг тавдугаар сарын сүүлээр шалгаруулсан. Тэгэхэд ТОП гэгдэх 100 аж ахуйн нэгжийн тоонд хариуцлагагүй уул уурхай гэж юу болохыг олон нийтэд харуулж чадсан “Эко-Алтан заамар” компани багтсан нь олны эгдүүцлийг төрүүлсэн гэхэд буруудахгүй

Уг нь тус компанийг хууль хяналтынхан шалгаад холбогдох хэд хэдэн хуулийн заалт зөрчсөн хэмээн үзэж, үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Гэтэл сумын Засаг дарга олигархи компанийн өмнө "балчирдсан" бололтой үйл ажиллагаагаа зогсоолгүй, үргэлжлүүлсээр байсан аж. Үүний үр дүнд дээр дурдсан харамсалтай осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн байна.

Ерөөсөө энэ компани “том” компани юм. Лицензэт талбайд нь Монгол Улсын холбогдох хуулийг дагаж мөрдөж байгааг хянаж шалгадаг, хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрхтэй Ашигт малтмал газрын тосны газар нь толгойг нь илээд өнгөрүүлдэг, хүний амь эрсдэж л байдаг, мэргэжлийн хяналтынхан уурхайг нь хаачихад эргээд л нээчихдэг.

БОАЖЯ-аас шалгалтаар илрүүлсэн зөрчлүүдийг үндэслэн “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа ч хүргүүлсэн байх юм. Гэвч энэхүү дүгнэлт, ноцтой гэсэн шалгалтын үр дүн хаана хүрээд гацав? Өнгөрсөн хоёрдугаар сард гарсан ослын талаар хэсэгтээ шуугисан ч монголчуудын "уужуу ухаан"-д мартагдаад өнгөрлөө. Иймд уг компанитай холбоотой хэргүүдийг ийнхүү эргэн санууллаа. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж