Лос Анжелес хотын гэрэл зурагчин, 58 настай Дэнни Сулливан Аляаскийн Катовик гэх газарт аравдугаар сард явахдаа цагаан баавгайн хоёр бамбарууш олж харжээ.
Энэ үзэгдэл чухамдаа зэрлэг онгон байгальд залуу баавгайнуудын тоглож наадаж, үнэхээр хайр хүрэм харагдах учиртай ч өнөөгийн бодит байдал санаснаас өөр байлаа. Хэтэрхий өлссөн бамбаруушууд хуванцар хогийг хоолтой андууран булаацалдаж, хогны төлөө хоорондоо зодолдож байв.
"Энэ үед цаг агаар байх ёстойгоосоо таван хэмээр дулаан байлаа. Тиймдээ ч ус их оройтож хөлдөж байсан юм. Уг нь бол жилийн энэ үед ус аль хэдийн мөстчихсөн байх ёстой. Ус хөлдчихсөн байсан бол тэд энэ хогийг олж идэхгүй л байх байсан. Мөн цагаан баавгайн ан их хоцорч эхэлж байна. Гэхдээ энэ гол асуудал биш. Тэнд ямар ч хог байх учиргүй. Аляскад ийм савтай сүү зардаггүй шүү дээ. Та дэлхийн хаана ч байсан таны хаясан хог дэлхийгээр нэг тарж, байгаль орчныг сүйтгэж байна гэдгийг энэ явдал харуулж байна. Бид уг нь явж буй газрынхаа хогийг боломжоороо түүдэг. Гэвч бамбаруушуудын олсон хогийг авах ямар ч боломж байсангүй. Энэ бол бидний хүний хөл ч хүрээгүй газарт хог олж харсан ганц тохиолдол биш. Бидэнд дэлхийг сөнөөх ийм их хүч байгаа шигээ аврах хүч ч бий гэж би итгэдэг. Бид одоо бол үнэхээр эх дэлхийгээ үгүй хийсээр байна. Энэ зургуудыг харсан хүмүүс байгаль эхийнхээ төлөө санаа зовоосой, юм хийгээсэй гэж би хүсч байна" хэмээн Дэнни зургуудаа тайлбарлажээ.
Б.Амарбаясгалан
Эх сурвалж: unilad.co.uk
Холбоотой мэдээ