Амралтын өдрүүдээр хотын ойгоор аялал зугаалга хийхгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байна. Учир нь, энэ зун, намрын дуулианы эзэн болсон хүрэн баавгай хоёр өдөр дараалан Гачууртын Шар хоолойгоор орж иржээ. Тиймээс мэргэжилтнүүд баавгайг барихаар өгөөш тавин ажиллаж байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас асуухад “Нийслэлийн орчимд хүрэн баавгай байна гэх дуудлага арванхоёрдугаар сарын 5-нд ирсэн. Дуудлагын дагуу мэргэжилтнүүд гурав дахь өдрөө ажиллаж байна” гэлээ.
БААВГАЙНААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ
- Хотын ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна.
- Араатан амьтад идэш тэжээлээ барьсан эсвэл шархадсан, хүнтэй гэнэт тулгарсан үедээ дайрах нь бий. Ийм нөхцөлд хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
- Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдон явахыг анхааруулж байна. Учир нь эх амьтан идэш тэжээл хайж явахдаа ч төлтэйгөө ямагт ойрхон байх бөгөөд тэднийгээ хамгаалахын тулд догшин авир гаргах нь олонтаа.
- Хэрэв баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харахгүй, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулахыг хичээх хэрэгтэй ба нуруугаа харуулахгүй байх нь зүйтэй.
- Нийслэлийн ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг тохиолдоно. Өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх боломжтой. Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргэх нь зүйтэй.
Түүнчлэн нийслэл хотод зэрлэг ан амьтан орж ирсэн тохиолдолд Нийслэлийн байгаль орчны газрын 11-318003, Нийслэлийн шуурхай мэдээллийн 11-310005 утсанд мэдээлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Холбоотой мэдээ