Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн өчигдөр /2019.12.06/ болж, өндөрлөлөө.
Энэхүү тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилготой юм.
Тэмцээний нэгдүгээр үе шатанд дүүргийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран тухайн харьяа дүүргийн ЕБС-иудын дөрөв болон тавдугаар ангийн сурагчдаас шилдэг гурван багийг сонгон шалгаруулжээ.
Хоёрдугаар шатанд буюу “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д есөн дүүргийн 25 сургуулиас нийт 25 баг буюу 9-10 насны 200 хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сорьж, шүд угаах аргачлалаар өрсөлдсөн юм.
Шилдгээр шалгарсан сургууль, цэцэрлэгийн бага ангийн багш нар “Амны хөндийн эрүүл мэнд“ сургалтыг сурагч, тэдний эцэг, эх асран хамгаалагч нарт зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах юм. Энэхүү туршлагаар цаашид нийслэлийн бусад сургуулийн багш нарыг сурган, тэдгээр хүмүүсээр дамжуулан бага ангийн хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч нарт зөв мэдлэг, дадал хэвшил олгохоор зорьж буй юм.
Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулиас хамтран хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын гарын авлага боловсруулж хэвлүүлсэн.
Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчит ЕБС-ийн нэгээс тавдугаар ангийн 3100 гаруй багш, сургуулийн эмч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шүдний эмч, нийгмийн ажилтныг сургалтанд хамруулсан бөгөөд төрийн өмчит 231 цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын арга зүйч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, шүдний эмч, 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч зэрэг нийт 658 хүнийг дээрх гарын авлагад багтсан сэдвийн дагуу сургагч багшаар бэлтгэсэн байна.
Монгол Улсын хүн амын дийлэнх хувь нь хот суурин газарт шилжин амьдарч, амьдралын хэв маяг, үндэсний уламжлалт дадал заншил нь өөрчлөгдсөн, нийт аймгийн 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж байгаагийн зэрэгцээ чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 гаруй жилд хоёроос гурав дахин нэмэгдэж, сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурсан, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаархи хүн амын мэдлэг, дадал хангалтгүй байгаа зэрэг нь шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, яс сийрэгжих өвчнийг үүсгэх гол шалтгааны нэг болж байна.
Сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 02-12 насныханы дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэссэн төдийгүй 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 гарчээ.
Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд шалтаан, мөн амьсгалын замын халдвараас гадна 200 гаруй халдварт өвчний суурь болдог ажээ.
Эх сурвалж: ЭМЯ
Холбоотой мэдээ