Би багаасаа л Гокугийн үнэнч фен байсан. Одоо ч хэвээрээ | News.MN

Би багаасаа л Гокугийн үнэнч фен байсан. Одоо ч хэвээрээ

Би багаасаа л Гокугийн үнэнч фен байсан. Одоо ч хэвээрээ

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа багцлан хүргэж байна-


ЭРЭЛХЭГ, ХҮЧИРХЭГ ЗАЛУУ БОЛООРОЙ ГЭЖ ХҮҮДЭЭ ГОКУ НЭР ӨГСӨН

Өнгөрсөн Баасан гаригт /2019.11.29/ хүүдээ Гоку гэх нэр өгсөн аавын мэдээлэл цахим хуудаснаа тарж, олны анхаарлыг татав. Гокугийн аавыг Д.Очирхуяг гэдэг бөгөөд багаасаа "Dragon ball Z" аниме-г үзэж өссөн учраас хүүдээ дээрх нэрийг өгсөн байна. Түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.


БИ БАГААСАА Л ГОКУГИЙН ҮНЭНЧ ФЕН БАЙСАН. ОДОО Ч ХЭВЭЭРЭЭ 

-Анхны хүүхдээ өлгийдөн авсанд халуун баяр хүргэе. Аав болсон мэдрэмжээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Би гурван настайгаасаа хойш Польш улсад 20 гаруй жил амьдарсан болохоор эхлээд амьдралаа тогтвортой болгосны дараа гэр бүл зохиож, хүүхэдтэй болох нь зөв гэсэн зарчим баримталж ирсэн. Эх орондоо есөн жилийн өмнө буюу 23 насандаа ирсэн. Өнгөрсөн хугацаанд сэтгэлд таарах зөв хүнээ ч их хайсан. Өнгөрсөн жил эхнэртэйгээ танилцаж, 31 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авлаа. Сэтгэгдэл их сайхан байна.

Хүүгээ анх эмнэлэгт харахад миний дотор халуу дүүгээд, дахин дурлаж байгаа юм шиг л санагдсан. Тэрхүү гайхалтай мэдрэмжийг ямар үгээр илэрхийлэхээ хэлж мэдэхгүй юм. Хүү маань аравдугаар сарын 31-ний өдөр төрсөн, одоо нэг сартай. Монгол Улсад бүртгэгдээгүй нэртэй болохоор төрсний гэрчилгээ нь нэг хоногийн дараа гардаг юм байна лээ. Хүү маань өдөр ирэх тусам улам л хөөрхөн, хайр хүрэм болоод байна даа.

-Та хүүдээ Гоку хэмээн нэр өгсөн гэдгээ өөрийн цахим хуудасдаа бичсэн байсан. Их ч олон хүний хандалт авсан харагдсан. Хүүдээ  яагаад Гоку гэх нэр өгөх болов? Хүмүүст сонирхолтой санагдаж байгаа байх?

-Намайг бага байхад алдартай аниме их гардаг байлаа. Тэр дундаас би "Dragon ball Z" буюу Луут бөмбөлөг Z-ийн Гокугийн улаан фен байсан юм. Тус анименд Гоку долоон ширхэг шидэт лууны бөмбөгийн эрэлд гарч, хожим нь төрөл бүрийн шидийн хүчнүүдийг ашиглан дэлхийг хорон муу санаатнуудаас аварч байгаа тухай адал явдал гардаг. Гоку нас барсан найзууддаа үхлийн дараах амьдралд нь хүртэл тусалж, заримыг нь дэлхий дээр тодорхой хугацаагаар эргүүлэн авч ирж байгаа тухай ч гардаг.

Фитнессээр хичээллэн биеэ хөгжүүлэх болсон маань Гокугаас л болсон. Ер нь багадаа булчинлаг ах нарыг харахаар гоё харагддаг байсан.

Энэ бүхнээс харахад би  багаасаа л Гокугийн үнэнч фен байсан. Одоо ч хэвээрээ  Тийм ч учраас хүүдээ Гоку шиг эрэлхэг хүчирхэг, нинжин сэтгэлтэй, үнэнч шударга бусдын төлөө гэсэн сэтгэлтэй залуу болохыг бэлгэдэн тус нэрийг өгсөн. Би одоо хүртэл Dragon ball Z-г үздэг. Мөн Наруто, Барутог ч үздэг.

-Залуу хүмүүс өөрийг тань дэмжиж байгаа бол ахимаг насны хүмүүст монгол ёс заншлыг эвдэж байна гэх сөрөг хандлага ажиглагдаж байсан л даа. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Намайг  хүмүүс “од” болохын тулд хүүгээ Гоку гэж нэрлэсэн гэх сөрөг хандлага бага зэрэг ажиглагдсан шүү. Гэхдээ сөргөөс илүү эерэг хандлага давамгайлж байгаад би баяртай байна. Миний танилууд “Чи нээрээ хүүдээ Гоку гэж нэр өгсөн юм” уу гэж их асууж байсан л даа.

Би хүүдээ Гоку гэж нэр өгсөндөө хэзээ ч харамсахгүй. Надад энэ нэр үнэхээр таалагддаг. Би Европт олон жил амьдарсан болохоор илүү задгай сэтгэлгээтэй байх шиг байна. Харин манайхан өөрсдийгөө хэт хайрцаглачихдаг.

Эцэг эх нь хүүхдэдээ хэн гэдэг нэр өгөх нь тухайн хүмүүсийн л сонголт. Би ямар ч буруу зүйл хийгээгүй гэж бодож байна. Юмс өдөр ирэх тусам өөрчлөгдөж байна. Шинэ зорилго, тэмүүлэл бүр эсэргүүцэлтэй тулгардаг шүү дээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Д.ЦОЛМОН: УЛСТӨРЧДИЙН ЗОЛИОС БОЛГОХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Салхитын мөнгөний ордтой холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн, өнгөрсөн хавраас Авлигатай тэмцэх газар /АТГ/ шалгаж эхэлсэн билээ. Уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг прокурорт шилжүүлээд байна. Тодруулбал, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлээд байгаа аж. Уг асуудлаар Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмонтой дэлгэрэнгүй ярилцлаа.


-Салхитын мөнгөний орд гэх хэрэгтэй та чухам яаж холбогдов. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-2019 оны сар шинийн дараагаас энэ хэргийн тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээллүүд гарч эхэлсэн юм байна лээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгчдийн нэр, зургийг нь зарим сайтуудаар тавьсан байсан. Хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орсон гэдгийг дээрх мэдээлэл гарсны дараа хяналтын шатны шүүхийн 2017 оны тавдугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг үзэж байж л мэдсэн. Учир нь, Дээд шүүх жилдээ ойролцоогоор 1600 гаруй иргэний хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэдэг.

Шүүгчид дор хаяж 80 хувьд нь бүрэлдэхүүний шүүгчээр ажилладаг, хэний ч хувьд хоёр жилийн өмнө шийдсэн хэргийг өчигдөр, уржигдрын шийдвэрлэсэн хэрэг шиг бүрэлдэхүүнд нь байсан эсэхээ санах боломжгүй. Хэвлэлээр гарсан мэдээлэл нь хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан, үндэслэлгүй байсан учраас би хувьдаа их бухимдсан.

Тэгээд "бүгдээрээ хэвлэлийнхэнд хандъя. Нэр төрөө сэргээлгэе. Ингэж дайрч давшилж болохгүй. Шүүхэд хандъя” гэхэд шүүгчид маань "угаасаа ингэж шүүх рүү дайрдаг юм. Нэг хэсэг ингэж байгаад чимээгүй болчихдог. Чи шинэ хүн болохоор цочирдож байгаа байлгүй. Тэгээд ч шүүгч өөрөө шүүхэд хандах нь зохимжтой биш” гэсэн. Хэвлэлээр яваад байсан мэдээллүүд дахиж гарахаа больсон. Гэтэл 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт миний нэр орсон байсныг 2019 оны зургадугаар сарын 27-ны өглөө цахим сайтаас мэдсэн, одоо ч энэ зарлигийг албан ёсоор надад өгөөгүй байгаа.

-Та хэргийг шийдвэрлэхэд шүүх бүрэлдэхүүнд байсан юм байна. Хэргийг хэдэн шүүгч шийдвэрлэдэг юм бол. Гадуур яригдаад байгаа авлигад зуучилсан, авсан гэх мэдээлэлд тодорхой тайлбар өгөхгүй юу? 

-Дээд шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гомдлын үндсэн дээр хянах үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлд зааснаар хэргийг Улсын Дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолд шүүх хуралдаан даргалагч, илтгэсэн шүүгч гарын үсэг зурна гэсэн байдаг. Энэ таван шүүгчийн хувьд даргалагч нэг шүүгч, илтгэгч нэг шүүгч, үлдсэн гурвыг нь бүрэлдэхүүний шүүгч гэж нэрлэдэг. Миний хувьд үлдсэн гурван шүүгч буюу бүрэлдэхүүний шүүгчийн нэг л байсан. Шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүнийг томилох нь Шүүхийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу Танхимын тэргүүн батламжилдаг хууль зүйн зохицуулалт үйлчилдэг.

Харин гадуур яригдаад байгаа авлигад зуучилсан, авлига авсан гэсэн ярианы тухайд энэ хэрэгт арав гаруй хүн яллагдагчаар татагдаж, шалгагдаж байгаагаас үзэхэд заримыг нь авлига өгсөн, заримыг нь зуучилсан, заримыг нь авсан гэж буруутгасан байгаа.

Гэхдээ энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хангалттай үндэслэл” бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой. Ингэж хэлснээрээ шалгагдаж буй хүмүүсийн тухай ямар нэгэн хувийн дүгнэлт хийгээгүй, харин хуульд заасан нөхцөлийг л мөрдөгч, прокурор тогтоох ёстой гэдгийг хэлэхийг хүссэн юм.

-Хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн мэдээлэл яваад байна. Одоо аль шатандаа явж байна вэ. Хэргийг шүүхэд шилжүүлэх тухайд та санал нийлж байна уу?

-АТГ-аас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн, одоогоор шүүхэд шилжүүлэх эсэхийг прокурор хянаж байгаа. Би өмнө нь хэлсэн, энэ хэрэгт 10 гаруй хүн яллагдагчаар татагдсанаас шалгагдаж байгаа үндэслэлтэй, баримттай нь ч байна, үндэслэлгүй буюу гэмт хэрэг хийсэн гэснийг нотлох баримтгүй, таамгаар татагдсан нь ч байгаа гэж үзэж байна.

Миний хувьд энэ хэрэгт ямар ч хамааралгүй, би хэний ч нөлөөнд автаагүй, хэнээс ч авилга аваагүй болохоор энэ талаар баримт байхгүй нь ойлгомжтой. Иймээс би надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхийг эрс эсэргүүцэж, прокуроруудыг гагцхүү хуульд захирагдахаар төрд өргөсөн тангарагтаа үнэнч ажиллана гэдэгт итгэл алдраагүй байгаагаа дахин хэлмээр байна.

Нийгэм, улс төрийн энэ ороо бусгаа энэ үед шударга ёсны хамгийн ойлгомжтой, тодорхой хэмжүүр нь болох хуулиа зөв хэрэглэж, улс төрийн элдэв дарамт шахалтыг гагцхүү хуулиар хаах, хуульчийн итгэл үнэмшил, эр зоригийн асуудал өнөөдөр чухлаар тавигдаж байна.

Өөрт хамааралтай хэсгээс ярихад Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа АТГ намайг гэрчээр хоёр удаа дуудсан. Гурав дахь удаагаа дуудахдаа яллагдагчаар татах тогтоол танилцуулсныг би зөвшөөрөхгүй гэдгээ хэлж, бүх газарт гомдол гаргасан.

ДЭЛГЭРЭНГҮЙ


"ХАНЬ МИНЬ ААВЫНХАА ЕРӨӨЛӨӨР ЧИНГИС ХААНЫ ОДОНГ БҮТЭЭСЭН"

Монголын орчин үеийн калиграфийн урлагийн их мастер, уран зураач Д.Баттөмөр агсны гэргий Б.Баярцэцэгтэй ярилцлаа. Түүний ханийг Монгол төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одон болон Монгол Улсын төрийн хар сүлдийн эх загвар гаргаж, Их тэнгэрийн гүүрийн "Хаан хаалга" монументаль бүтээлийг хийсэн гэдгээр нь хүмүүс илүү мэдэх биз.

Жил бүрийн Монгол бахархлын өдөр Чингис хааны тэргүүн дээд одонгоор хэн энгэрээ мялаах вэ хэмээн гэр бүлээрээ анхаарал хандуулж, уран бүтээлч ханиараа бахархдаг тухайгаа ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


Монголын орчин үеийн калиграфийн урлагийн их мастер, уран зураач Д.Баттөмөр агсны гэргий Б.Баярцэцэгтэй ярилцлаа. Түүний ханийг Монгол төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одон болон Монгол Улсын төрийн хар сүлдийн эх загвар гаргаж, Их тэнгэрийн гүүрийн "Хаан хаалга" монументаль бүтээлийг хийсэн гэдгээр нь хүмүүс илүү мэдэх биз.

Жил бүрийн Монгол бахархлын өдөр Чингис хааны тэргүүн дээд одонгоор хэн энгэрээ мялаах вэ хэмээн гэр бүлээрээ анхаарал хандуулж, уран бүтээлч ханиараа бахархдаг тухайгаа ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


 

Энэ жилийн Монгол бахархлын өдрөөр “The Hu хамтлаг Чингис хааны одонгоор энгэрээ мялаалаа. Таны хувьд ханийнхаа бүтээсэн одонд анх удаа учиг зангидаж өгсөн гэж дууллаа?

-Ханийн минь шавь калиграфийн их мастер Т.Жамъяансүрэн “Та хоёрын бүтээлийг нэг дор байрлуулья” гээд анх энэ саналыг надад тавьсан юм. Тэгээд Т.Жамьянсүрэн калиграфийг нь бичиж, би зүү ороож хатгасан. Талийгаачийг маань хүндэлж буй сэтгэлээ илэрхийлж, байнга дурсан санах үүднээс надад ийм санал тавьсан юм болов уу.

Би өмнө нь ханийнхаа калиграфиар бичиж байсан ганц нэг бүтээлийг хатгаж байсан л даа. Жишээлбэл, “Үлэмжийн чанар” бүтээл нь байна. Хань маань юмыг их хурдан сэтгэдэг болохоор анх зүү ороох хатгамлыг калиграфитай хослуулах санааг гаргаж байсан юм.

-Жил бүрийн Монгол бахархлын өдөр гэр бүлийнх нь хувьд ханиараа, хүүгээрээ, ааваар бахархах бахархлын өдөр тохиодог байх?

-Ханийгаа өдөр болгон бодож, дурсан санадаг. Гэхдээ жил бүрийн Монгол бахарлын өдөр Чингис хааны одонг гардуулах мэдээллийг сонсохоор л хайрт ханиа илүү бодон бахархаж суудаг. Гэр бүлийнхэн, найз нөхөд маань ч түүнийгээ дурсана. Үнэхээр сайхан санагддаг. Мөн бахархахын зэрэгцээ “Амьд сэрүүн байсан бол илүү ихийг хийж бүтээх байсан даа” гэж боддог. Хань маань монголын түүхийн их мэдлэгтэй, эх оронч үзэлтэй хүн байсан.

-Хань нь Чингис хааны тэргүүн дээд одонг бүтээх болсон тухай дурсамжаас хуваалцахгүй юу?

-Хань маань өмнө нь Богд хааны үед шагнадаг байсан Эрдэнийн очир одонг сэргээн, эх загварыг нь гаргаж байсан юм билээ. Тэр үед надад ярихдаа “Манай аав намайг чи зураач болно. Гэхдээ миний хүү төрийн одон хийдэг мундаг зураач болоорой” гэж ерөөж, надад бийр бэлэглэж байсан. Хүн хүсэл мөрөөдлөө үргэлж бодож явбал хэзээ нэгэн цагт биелдэг юм байна” гэж хэлж байсан.

Тухайн үед Эрдэнийн очир одонг хийхээ больсон учраас Чингис хааны тэргүүн одонг бүтээх шалгаруулалтад оролцсон. Шалгаруулалтад Монголын урчуудын эвлэлийн хорооны бүхий л нэртэй зураач нар оролцож, хэдэн бүтээл шалгарч үлдсээр ханийн минь бүтээл шилдгээр шалгарсан. Төмөрөө маань өөрийнх нь бүтээл шалгарсныг сонсоод “Аавын минь хэлсэн ерөөл биеллээ” гэж ихэд баярлан билэгшээж байсан сан. Өөрөө Монголынхоо түүхээ маш сайн мэддэг болохоор монголын бүхий л бэлгэдлийг Чингис хаан төрийн тэргүүн одондоо шингээж өгсөн байдаг.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Д.ДОЛГИОН: ЗАГВАРЫН ЕРТӨНЦДӨӨ ТОП МОДЕЛЬ ХАМГИЙН ТОМ ЦОЛ

Монголын загварын ертөнцийн хамгийн том ёслол болох ‘Гоёл’ наадам өнгөрөгч долоо хоногт /2019.11.30/ Соёлын төв өргөөнд болж, отгон топ модель тодорсон. Загварын хүрээллийнхний хүсэн хүлээсэн 32 дахь удаагийн ‘Гоёл-2020’ наадмын энэ жилийн Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион өргөмжлөгдсөн билээ. Ингээд түүний яриаг хүргэе.


-Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс “Гоёл” наадмын отгон Топ моделиор шалгарсанд баяр хүргэе. Үзэгчид тайзнаа гарахад нь алга ташин хүлээн авч байсныг анзаарсан. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Маш их баярлалаа. Миний хувьд 32 жилийн түүхт “Гоёл-2020” наадамд Монгол Улсын 20 дахь Топ модель хэмээх эрхэм цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Наадмын төгсгөлд цом гардан авахад амьдралын минь дахин давтагдашгүй сайхан мөч байлаа. Намайг олон жил итгэл, сэтгэлээрээ дэмжиж байсан баг хамт олон, гэр бүл, найз нөхдөдөө баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол бид бүхний шагнал юм болов уу гэж бодож байна.

Хүн бүр дотроо ямар нэгэн таамаг дэвшүүлж байсан байх. Мундаг уран бүтээлч, уран гартай дизайнерууд улам нэмэгдэж, өрсөлдөөн ихэсч байгаа нь сайшаалтай. Намайг дэмжиж байгаа хүмүүстээ дахин талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын иргэнийхээ хувьд өөрийн чадах салбартаа хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Цаашдаа улам хичээх болно.

-Энэ жилийн “Гоёл” наадмын зохион байгуулалтыг зарим хүмүүс цомхон болсон гэж шүүмжилж байсан.  Таны хувьд энэ жилийн наадам ямар онцлогтой болж өнгөрсөн бэ?

-“Гоёл” наадам жил бүр дахин давтагдашгүй болдог гэж боддог. Энэ жилийн хувьд олон шинэ моделиуд оролцохоос гадна үндэсний үйлдвэрлэгч, дизайнерууд гээд өргөн хүрээтэйгээр оролцож, илүү чанаржсан юм шиг санагдсан. Мөн урилгаар олон улсын зочид, шүүгчид ажилласан нь монголын хувцас загварын салбарын хөгжилд чухал ач холбогдолтой болсон болов уу.

-“Гоёл” наадамд оролцох моделиудыг хэрхэн шалгаруулдаг вэ?

-Монголын хувцас загварын анхдугаар түүхэн наадам гэдэг утгаараа оролцох моделиудыг орон даяар шалгаруулдаг. Модель хүнд дүр төрх чухал байхаас гадна биеийн харьцаа, алхааны техник, сонсгол, гэрэл тайзны мэдрэмж, туршлага, ёс зүй гээд маш олон шалгуур тавьдаг.

Таны хувьд “Гоёл” наадамд хэд дэх жилдээ оролцож, Топ моделиор тодров?

-Монголын загварын ертөнцөд Топ модель нь хамгийн том цол. Тийм учраас асар их үүрэг хариуцлага, хичээл зүтгэл дагалддаг юм болов уу. Миний хувьд “Гоёл” наадамд 13 дахь жилдээ оролцлоо. Өнгөрсөн жил “Miss Universe” олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа амжилттай оролцож, хугацааны хувьд давхцаж таарсан учраас наадамдаа оролцож чадаагүй.

ДЭЛГЭРЭНГҮЙ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-07 66.181.178.72

Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулах гэсэн явуургүй үйлдлүүдийн цаана ямар бодлого, явуулга хийгдэж байгааг давхар бодож дүгнэлт хийгээд үзвэл бас нэгийг бодогдуулж байна…

Avatar

mufasa 2019-12-07 66.181.161.62

bi huuhdedee simba gej ner ognoo

Avatar

Зочин 2019-12-07 64.119.16.48

ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БАЙГААГ НЬ МЭДСЭН БАЙЖ , ЭВЛРЭЭД ЗӨВШӨӨРӨӨД ДУУГҮЙ ЯВААД БАЙСАН ХҮН , ТЭР ТУСМАА ШҮҮГЧ ХҮН БОЛ ХҮНИЙ АДАГ Л ГЭСЭН ҮГ .

Avatar

Зочин 2019-12-07 59.153.112.233

Их л хөдөлгөөнтэй хүүхэн дээ. Хэдэн цаас гусчихсан юм болов уу даа

Avatar

Зочин 2019-12-07 66.181.184.155

Тийм байж болноо. Гэхдээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Цолмон бол тэгэх хүн биш. Сайн мэднэ. Додооддоо ядаж бие биенээ зөвөөр ойлгохсон. Одоо бүр гадаадынхан хүртэл гүтгээд эхэлсэн шүү дээ.

Avatar

Зочин 2019-12-07 202.9.40.165

Авилгачдыг гадаад руу оргуулж, ардын хүүхдүүдийг хэлмэгдүүлэн шоронд яргалдаг тэрбумтан шүүгч нар бүтэхгүй ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж