“Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

“Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” номын нээлт боллоо

“Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” номын нээлт боллоо

Монголын археологийн судалгааны тулгын чулууг тавилцсан нэрт эрдэмтэн  археологич, академич Доржхандын Доржийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн нээлт өнөөдөр боллоо.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс санаачлан “Монгол судлалын үндэсний зөвлөл”-ийн дэмжлэгтэйгээр нэрт эрдэмтний бүтээлийг хоёр ботиор эмхтгэн хэвлүүлж байгаа юм.  Эмхэтгэлийн тэргүүн ботид Монголын чулуун зэвсгийн үе, хадны зураг, эртний иргэншлийн түүхийн асуудлаар бичсэн эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл, илтгэлийг нэгтгэн оруулжээ. Хоёр дахь  ботид “Неолит Восточной Монголии” (УБ.,1971); “Петроглифы Монголии” (УБ.,1975); Монголын палеолит (УБ.,1978); “Каменный век Монголии” докторын зэрэг хамгаалсан бүтээлийн хураангуй (Новосибирск, 1990) зэрэг бүтээлүүдийг багтаасан байна.

Д.Дорж нь 1936 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт төржээ. Тэрбээр ЗСБНХУ (тухайн үеийн нэршлээр)-д археологийн мэргэжил эзэмшсэн Монголын хоёр дахь мэргэжилтэн юм. 1960-1991 онуудад  ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хашиж байсан. 1970 онд “Дорнод Монголын шинэ чулуун зэвсгийн үе” сэдвээр  ЗСБНХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарт дэд эрдэмтний зэрэг, 1990 онд ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарт “Монголын чулуун зэвсгийн үе” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг амжилттай тус тус хамгаалжээ. 1991 онд Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон юм.

Д.Дорж Монголын хүй нэгдлийн үеийн археологийн дурсгалууд, тэр дундаа Монголын чулуун зэвсгийн үе, хадны зургийн чиглэлээр дагнан судалгаа явуулж анхны нэгэн сэдэвт судалгааны бүтээлүүдийг туурвиж, олон тооны өгүүлэл, илтгэл бичсэн нь одоо ч эрдэм шинжилгээний үнэ цэнээ алдалгүй, судалгаа шинжилгээний үндэс суурь болсоор байгаа юм.

Эх сурвалж: ШУА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж