Хууль, тогтоолын төслүүдийг баталж, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Хууль, тогтоолын төслүүдийг баталж, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хууль, тогтоолын төслүүдийг баталж, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы (2019.12.06) өнөөдрийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр эхэллээ.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хот, орон нутгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхи бэхжүүлэх зорилгоор 3 үе шаттай, 10 жилийн хугацаатай, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэв. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.34 сая ам.долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, Харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлэх юм байна.  

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан.  Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга  Л.Төмөрбаатар болон холбогдох албан тушаалтнууд оролцов. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Л.Энх-Амгалан, О.Батнасан, М.Билэгт, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс төслийн хөрөнгийг эмнэлгийн байр засах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авахад зарцуулахаас гадна эмзэг бүлгийн иргэдийг эрт оношлогоо, эмчилгээнд хамруулах, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглүүлсэн эсэхийг илүүтэй тодруулав. Түүнчлэн гишүүд судалгаанаас харахад 27422 өрх эрүүл мэндийн гэнэтийн зардлаас болоод ядуурсан судалгаа байгаагаас гадна  эмзэг давхаргынхан хөнгөлөлтэй эмийг авахад орлогынхоо 95 хувийг зарцуулж байгааг тодотгов. Иймд эмзэг бүлгийн иргэдийн асуудлыг эрүүл мэндийн даатгалаар шийдэх, даатгалд хамрагдаагүй хүмүүсийн асуудлыг төслийн хүрээнд шийдвэрлэх, хөдөөгийн өрх, багийн эмнэлгийг эмч мэргэжилтнүүдээр хангах, тэдний мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарвал эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирна гэсэн саналуудыг хэлж байлаа. 

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх энэхүү төсөл нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа  зургаа дахь хөтөлбөр. Монгол Улсын эрүүл мэндийн хүртээмжийн талаар судалгаа хийхэд 63 хувьтай байна. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн алслагдсан хороололд зургаан жишиг өрхийн эмнэлэг, Хан -Уул, Чингэлтэй дүүрэг, Увс, Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөх, 10 аймгийн сумын эрүүл мэндийн төвийг байгуулна. Төслийн хүрээнд эрүүл мэндийн барилга, эмнэлгийн тоног төхөөрөмж, сургалт, хүний нөөцөө цогцоор нь шийддэгээрээ онцлогтой. Төслийн зорилго нь эмзэг бүлгийн болон алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж, нэг ч хүнийг орхигдуулахгүй байхад чиглэсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хариултдаа онцолсон.

Иргэд шинжилгээ, оношлогоо, эмчилгээгээ тус тусдаа эмнэлгүүдэд очиж хийлгэдгээс цаг хугацаа, зардал их шаарддаг. Сонгинохайрхан дүүрэгт удахгүй ашиглалтад орох нэгдсэн эмнэлэг нь хавдар, төрөх, нярайн оношлогоо гээд 7 төрлийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхээр болсон. Монголд ийм цогц үйлчилгээг нэг дор үзүүлдэг  эмнэлэг байгаагүй. Төслийн хүрээнд ийм нэгдсэн эмнэлгийн нэмж байгуулахаар төлөвлөөд байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хариултдаа онцлов. Тэрбээр цаашлаад бусад дүүрэг, алслагдсан аймгийн сумдад ийм эмнэлгүүдийг байгуулснаар иргэд эрүүл мэндийн даатгалаараа харьяа ойрхон эмнэлэгтээ очиж нэг цэгээс шинжилгээ, оношлогоо, эмчилгээгээ хийлгэх боломжтой болно гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. 

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.4 хувь нь дэмжив. 

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

Дараа нь “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулав. Хуулийн төслийг хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг танилцуулгадаа онцоллоо.  

Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны саналаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувь нь  дэмжсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлав. 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан. 

Төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх; нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэхээр тусгажээ. Мөн нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн 01-р сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар зохицуулжээ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох; сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгажээ.

Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 195 дугаар захирамжаар байгуулагдсан намуудын төлөөлөл бүхий Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах явцдаа улс төрийн 26 нам, сонгууль зохион байгуулахад оролцдог төрийн 8 байгууллага, мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгуулсан. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу төслийг вэб сайтад байршуулан олон нийтийн саналыг цахимаар болон бичгээр авах ажлыг зохион байгуулж ажилласан. Түүнчлэн хуулийн төслийг улс төрийн намууд болон сонгууль зохион байгуулж явуулахад төрийн үүрэгтэй оролцдог байгууллагуудад албан бичгээр хүргүүлсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас нийтдээ 410 гаруй санал ирүүлснээс 320 гаруй саналыг нь гурван хуульд тусгасан. Мөн Засгийн газраас ирүүлсэн 10 саналаас 9-ийг нь төсөлд тусгаад байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөлд Улсын Их Хурлын 76 гишүүний 50 гишүүнийг Улсын Их Хурлаас тогтоосон тойргоос, 26 гишүүнийг улс нэг тойргоос сонгох сонгуулийн мажоритар тогтолцооны хувилбараар зохион байгуулах, сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах, цахим орчин дахь олон нийтийн сүлжээ ашиглахдаа хязгаартай байх талаар, сонгууль болон санал хураалтын төрөл, түүнийг зохион байгуулах үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах асуудлыг хуульчлахаар, сонгогчийн шилжилт хөдөлгөөнд тавигдах хязгаарлалтыг нарийвчлан зохицуулаагүйгээс сонгогчид сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөхүйц байдлаар зохион байгуулалттайгаар шилжиж байсныг зогсоох талаар, сонгуулийн мөрийн хөтөлбөрт Төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргах асуудлыг тодорхой болгож, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт Төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргах хугацаа, журмыг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтуудыг тусгахаар боловсруулсан гэдгийг дурдав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хуулийн төслөөр өмнөх хуулийн алдаа, зөрчлийг зассан эсэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулсан талаар тодруулж байлаа. Мөн 26 хүртэлх хүний нэрийг дэвшүүлэх ёстой байтал нэг хүн дугуйлах шалтгааныг тодруулахын зэрэгцээ 26 хүртэлх хүний нэрийг дугуйлахад хугацаа, техникийн боломж бий эсэхийг илүүтэй лавлав.

Сонгуулийн тухай хуульд шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө хязгаарласан боловч, хэн хэзээ шийдвэр гаргах нь тодорхой бус байсан. Харин энэ хуулийн төслийн 26.3-т Иргэдийг засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож,  санал авах өдрийг сэргээнэ гэж оруулахдаа энэ асуудлыг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар шийдвэрлэнэ гэж тодорхой тусгасан гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж  хариулав.

Харин Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хариултдаа, Тойрогт нэр дэвшигчийн төлөө санал өгөх асуудлыг 26 тойрог 35 намаас нэр дэвшинэ гэж тооцвол нийт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэх юм байна. 900 гаруй хүнээс 26-г сонгоно гэхээр өглөөний 07 цагаас үдшийн 22 цагийн хооронд 2.5 сая  сонгогч санал өгч  амжихгүй. Бид саналын хуудас дээр ажиллаж үзэхэд  нэг хүнийг дугуйлах боломжтой гэж гарсан.  Өөрөөр хэлбэл, 26 хүнийг саналын хуудсанд тэмдэглэхэд техник, цаг хугацааны хувьд ч боломжгүй гэдгийг онцлов. 

Төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан хариултдаа, Сонгуулийн тухай хуульд тойргийг байгуулахдаа сонгогчийн тоог тодорхой болгож, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэс нь зэргэлдээх байхаар тусгаж өмнөх хуулийн алдааг зассан гэж байлаа. Түүнчлэн сонгуультай холбоотой маргааныг тухайн жилд нь шийдвэрлэх, энэ асуудалтай холбоотой хэрэг зөрчлийг Зөрчлийн тухайн хуулиар шийдвэрлэхээр тусгасан гэв.   

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуулийн хуульдаа эмэгтэйчүүдийн квотыг 25-аас доошгүй болгох, хэлэлцүүлгийн явцад тогтолцоотой холбоотой асуудлыг улс төрийн намууд сайн ярилцаж шийдвэрлэх, сонгуулийн санхүүжилтийн асуудлыг тодорхой тусгах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү эсрэг саналтай байв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдааны төгсгөлд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэв хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж