Уран гулгалтын 2019-2020 оны улирлын гранпри финал тэмцээн Италийн Турин хотын “Italian Ice Sports Federation” ордонд арванхоёрдугаар сарын 5-нд эхэлсэн. Гранпри финал тэмцээнд улирлын цуврал 6 гранпри тэмцээнд хамгийн өндөр оноо авч эхний 6 байранд шалгарсан эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, хос, бүжгийн хосын тамирчид өрсөлддөг.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй ганцаарчилсан болон спортын хосын төрлийн богино үзүүлбэрийн дүн гараад байна. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд АНУ-ын тамирчин, дэлхийн хошой аварга Н.Чен 110.38 оноотой эхний байранд орсон бол Японы тамирчин, олимпийн хошой, дэлхийн хошой аварга Ю.Ханю 97.43 оноотой удаалж, Францын К.Аямоз 96.71 оноотой эхний гурван байранд бичигдсэн байна. Харин Оросын Д.Алиев, А.Самарин болон Хятадын Жин Боян нар 90 оноонд хүрч чадаагүй бөгөөд дээрх 3 тамирчдын хувьд медаль хүртэх боломж багасаад байна. Маргааш эрэгтэй ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр явагдснаар энэ улирлын шилдгийн шилдэг тамирчин тодорно.
Спортын хосын төрөлд Пёнчаны олимпийн мөнгө, дэлхийн хошой алт, хошой мөнгөн медальт Хятадын хос Суй Венжин, Хань Сон нар 77.50 оноотой тэргүүлсэн бол Оросын А.Бойкова/Д.Козловски нар 76.65 оноо, Д.Павличенко/Д.Кодыкин нар 75.16 оноо аваад байна. Спортын хосын төрлийн медалийн төлөөх өрсөлдөөн илүү сонирхолтой болох магадлалтай бөгөөд онооны нягтрал илүү ойр байна.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр бүжгийн хосын медалийн эзэд тодрох бол эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр явагдана. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрийн дүн гарна.
Б.БЯМБАБАЯР