Монгол залилангийн орон болжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Монгол залилангийн орон болжээ

Монгол залилангийн орон болжээ

Монголд залилан, мэхлэх гэмт хэрэг  хэрээс хэтэрч буй талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын зүгээс өнөөдөр /2019.12.06/ хэвлэлийн хурал зарлаж, хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт:

-Монголд гэмт хэрэг дийлдэхээ байлаа. Ялангуяа залилан, мэхлэх гэмт хэрэг ихээр гарах боллоо. Хүнээ дээрэмдээд байгаа гэмт хэрэгтэй хууль, хяналтыхан тэмцэж чадахгүй байна. Хууль хяналтын байгууллага өнөөдөр гэмт хэрэгтэй бодитоор тэмцэх чадваргүй болчихож. Цагдаагийн нэг хэрэг бүртгэгч доод тал нь 100 хэрэгтэй. Прокурор гэхэд 2 мянга гаруй хэрэгт хяналт тавьж байна. Ийм ачаааллаас болоод хууль, хяналтыхан ажил хийх дур сонирхолгүй болчихсон байгаа гэж харагдаж байна. Ингээд хоорондоо хэрэлдэж, маргалдсан, бухимдсан, уурласан, уусан харанхуй түнэр нийгэм болчихоод байна. Хуулийн шинэчлэл, ялангуяа хохирогчдыг хамгаалдаг ээлтэй хууль, эрх зүйтэй болохыг төр засгийн удирдлагаас бид шаардаж байгаа юм. Бид одоо хэрэгтнийг хаацайлсан, хохирогчид халгаатай хуультай байна. Монгол улсад шударгаар амьдрахаас илүү гэмт хэрэг хийх нь илүү хялбар ажил болж хувираад удлаа. Үүнийг нэн даруй шийдэхгүй бол газар авлаа шүү.

Х.Бат-Ялалтын хэлж буйгаар хууль хяналтыхан ажлын ачааллаас гадна уг гэмт хэргийг шийдэх хууль эрх зүйн чадваргүй байна. Үүний тод жишээ бол орон сууц худалдаж авсан иргэн Пагмажавын хохирсон байдал. Тэрбээр одоогоос бараг жилийн өмнө худалдах, худалдан авах гэрээгээр 60 сая төгрөгийн байр худалдаж авчээ. Ингэхдээ байрны мөнгөө өгөөд гэрчилгээгээ авчихсан. Гэтэл өнөөг хүртэл худалдаж авсан байрандаа ороогүй.

Иргэн Ч.Пагмажав:

– Г.Уртнасан гэж хүн Надад байр зарахдаа төлбөрийг бүрэн хүлээж авсан. Нотариатаар баталгаажуулаад гэрчилгээ ч өгсөн. Гэрээндээ сарын дараа байраа чөлөөлж өгнө гэж заасан. Гэтэл үүнээс хойш жил өнгөрчихөөд байхад энэ хүн одоог хүртэл байраа чөлөөлж өгөөгүй. Өчигдөр би аргаа бараад цагдаа дуудаад хамт очлоо. Гэтэл цагдаа энэ хүнийг гаргах эрх бидэнд байхгүй гэлээ. Надад байрны гэрчилгээ, бичиг баримт нь бүгд байна. Энэ хүн надад байраа зараад мөнгийг нь авчихаад чөлөөлж өгөхгүй байна шүү дээ гэхэд  гэртээ байгаа хүний тав тухыг алдуулаад яах вэ. Та гадуур хөөцөлдөөд заргаа ав л даа гэх юм. Би үүнийг харахдаа цагдаа албаар гэмт хэрэгтнийг хаацайлаад байгаа юм биш. Хуулийн тогтолцоо ийм байна. Залилагч хүн гэртээ тухтай амраад, харин залилуулсан хүн шүүх цагдаагаар хөөцөлдөж өмгөөлөгч аваад хохироод явна гэнэ. Чингэлтэй дүүргийн шүүхэд харьяаллаараа гомдол гаргахаар хаяг дээрээ байхгүй байна гэдэг хариу хэлнэ. Ийм шалтгаанаар энэ хэрэг хоёр удаа буцсан. Харицагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй юм гэсэн заалт байдаг гэж тайлбарлаж байна. Гэтэл залилан хийсэн хүний ээж нь хаалга онгойлгож өгөөд тийм хүн байхгүй гэж хэлээд зогсож байна. Үүнийг би яагаад ч ойлгохгүй байна. Маш их бухимдаж байна.

-Түрээсийн байрны өөр нэг хохирогч бол Б.Өнөрцэцэг. Тэрбээр 2017 онд байр түрээслэхээр 9 сая төгрөг бөөнөөр нь өгчээ. Хуулийн дагуу гэрээ хийгээд, нотариатаар батлуулсан. Гэтэл байрны түрээслэгч цаанаа дам түрээслэгч болж таарсан. Хуулийн байгууллагад хандахаар огт авч хэрэгсэхгүй байна. Намайг залилсан энэ хүн дээр нийт 70-аад хохирогч байна. Гэр бүлээрээ нийлж залилан хийдэг. Байрны түрээсээр бүр гаршчихсан. Хамгийн гол нь эдгээр хүмүүсийг цагдаа нар саатуулдаггүй. Гэтэл гэмт хэрэгтнүүд хууль, цагдаа, шүүхийг доромжлоод явж байна. Цагдаад гомдол гаргахаар чамайг ална, гэрээр чинь хүйс тэмтэрнэ гэх мэтээр айлгаж, дарамталж байна. Үүнээс болоод энэ хүмүүс бүр даварчихсан, одоо болтол залилангаа үргэлжлүүлээд хийж байна. Энэ хэрэг одоо Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа.

Иргэд гэмт этгээдүүдэд залилуулаад  дээр нь  өмгөөлөгч нарт мөнгө өгөөд хэргээ шийдүүлсэн ч юмгүй хохироод үлдэх болжээ. Иргэн Р.Нямхүү хүүгээ цаг бусаар алджээ. Хэсэг бүлэг хүмүүс бүлэглэн зодсоноос түүний хүү гэмтлээ даахгүй нас баржээ. Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээр гурав, Нийслэлийн давж заалдах шүүхээр хоёр удаа оржээ. Одоо шүүхээр 13-нд дахиад орох гэж байна. Энэ тухай Р.Нямхүү гуай ярихдаа "Өчнөөн шат дамжлага болоод явж байгаа мөртлөө хэрэг нь үнэн зөвөөр шийдэгдэхгүй байна. Яагаад гэвэл энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд будлиантсан. Энэ хэрэг гудамжны камерт тод харагдаж байгаа юм. Гэтэл үүнийг шүүх ер авч хэлцэхгүй, харин хэрэгтнүүдийн худал мэдүүлгийг авч хэлэлцэж байна. Уг нь бичлэг дээрээ миний хүүг бүлэглэж зодож байгаа. Хоорондоо танил байж мэдэх хүмүүс миний хүүг санаатайгаар зодсон байгаа юм. Гэтэл үүнийг шалгаагүй. Ганцаар хэрэг үйлдсэн болоод. Зодуулаад хүнд гэмтэл авчихсан байхад түргэний эмч ирээд буруу оношилсон. Тэгээд цагдаа нар талийгаачийг авч яваад бэртэл нь бүр хүндэрч, нас барсан. Бид өмгөөлөгчид  7 сая төгрөг өгсөн байхад гэмт хэрэгтнүүд бидэнд хохирол барагдуулж байна гээд нийтдээ 800 мянган төгрөг өгсөн. Гэтэл биднийг өмгөөлөх ёстой өмгөөлөгч одоо болоо, үүнээс илүү юу авах гээд байгаа юм гэсэн. Монгол хүний үнэ цэнэ үнэхээр үнэгүй болжээ. Би эх хүний хувьд маш их гомдолтой байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж