Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Доллар бүү ав!

Төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарч, Төв банк дотоодын зах зээлд хоёр ч удаа ам.доллар нийлүүлсэн боловч ханшийн өсөлт үргэлжилж байна. Монголбанкны өнөөдөр /2019.12.03/-ийн албан ханшаар ам.доллар 2720 төгрөгт хүрсэн бол "Найман шарга" валютын захад 2730 төгрөгтэй тэнцэж байна.

Монгол Улс саарал жагсаалтад орсонтой зэрэгцэн валютын ханш дотоодын зах зээлд эрчимтэй өсч эхэлсэн. Ам.долларын ханш өснө гэсэн мэдээллээс үүдэн хүмүүс бодит хэрэгцээгүй атлаа ам.доллар авч байгаа нь өндөр эрсдэлтэй алхам болохыг эдийн засагчид анхааруулж байна.

ДОЛЛАРЫН ХАНШИЙН ӨСӨЛТИЙН ЭСРЭГ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАВ?

Банкууд гадаад төлбөр тооцоо хийх, аливаа гэрээний үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ам.доллар худалдан авах зайлшгүй, хойшлуулшгүй эрэлтийг юун түрүүнд хангаж ажиллажээ. Спекуляци эрэлтийг аль болох бага хангахын тулд банкууд өдрийн арилжааны дээд хязгаарыг тогтоосон бөгөөд энэ нь ам.долларын бодит хэрэгцээтэй хүмүүст худалдахын тулд авдаг арга хэмжээ юм.

Нөхцөл байдал хүндрэхэд Монголбанк богино хугацаанд шуурхай арга хэмжээ авч, интервенцээр дамжуулан ханшийн огцом өсөлтийг намжааснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ.

Одоо ханш тэр үе шиг савлаагүй, хурдацтай өсөөгүй байгаа ч Монголбанк интервэнцээ хийсээр байгаа нь ам.долларын ханш богино хугацаанд огцом савах эрсдэлийг улам бууруулж байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Сүүлийн 14 жилийн хугацаанд ам.долларын ханш жил бүр 6-8 орчим хувиар төгрөгийн эсрэг чангарчээ. Энэ жилийн хувьд 3 хувиар суларна гэдэг нь төгрөг маш тогтвортой байгаагийн илрэл аж. Монголбанкнаас “Энэ нь экспортын гол түүхий эдийн үнүүд энэ жил өндөр, хэмжээнүүд нь тогтвортой байсан, Төв банк ханшийн хэт хэлбэлзэл үүсэх үед хариу арга хэмжээг хурдан авсантай холбоотой” гэж тайлбарлав.

Ирэх жилийн хувьд түүхий эдийн зах зээлийн үнэ огцом буурах магадлал бага, эрэлт ч боломжийн байхаар харагдаж буй тул суурь талаасаа ам.долларын нийлүүлэлт буурна гэж харахгүй байна.

ХАНШИЙН ӨСӨЛТ БУУРАХ УУ?

Өнөөдрийн байдлаар Төв банкны гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.доллар байна. ОУВС-­гийн тусгай хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээг үр дүнтэй хийж дууссанаар Монгол Улсын эдийн засагт ойролцоогоор 700 орчим сая ам.доллар орж ирэх хүлээлт үүссэн. Үүнтэй холбоотойгоор ам.долларын ханшийн өсөлт намжиж, улмаар буурах төсөөлөл байгаа юм. Ирэх онд “Оюу толгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт хэрхэн үргэлжлэхээс валютын урсгал шууд хамаарахыг эдийн засагчид өгүүлж байна. Тэдний үзэж буйгаар “Оюутолгой” төсөл хэрэгжиж байвал валютын урсгал тасрахгүй ажээ.

Валютын ханшийн савлагаа эдийн засаг харьцангуй сайн байгаа үед үүссэн нь хүмүүсийн дунд тарсан бүрэн бус, тэгш бус, албан бус мэдээллүүдтэй холбоотой тул мэдээлэлд илүү ул суурьтай хандаж, дэвэргэх бус бодитой хандахыг эдийн засагчид анхааруулж буй юм. Гадаад орчны эрсдэлийн хувьд АНУ, БНХАУ­-ын хооронд өрнөж буй худалдааны маргаан. Монголын эдийн засагт энэ нь санхүүгийн зах зээлд хүүгээр дамжин нөлөөлж байгаа бол эрдэс бүтээгдэхүүний үнэд сөргөөр нөлөөлж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж