"Чи наанаа өлсөөд үхээрэй" гэж байсан

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Ардчилал-30

"Чи наанаа өлсөөд үхээрэй" гэж байсан

"Чи наанаа өлсөөд үхээрэй" гэж байсан

Ардчилсан хувьсгалын төлөө амь биеэ зориулан зүтгэсэн олны дундаас яагаад ч юм Хөвсгөлийн Г.Оюунгэрэлийг хамгийн их онцолмоор санагдлаа. Амьдрал нь бартаа саадтай байснаас тэр үү, аль эсвэл ардчилалд тэгтлээ үнэнч явсных уу, ямартаа ч түүний тухай бодохоор өөрийн эрхгүй хөнгөн гунигт автана. Бас бахархах сэтгэл төрнө. Өвлийн тачигнасан хүйтэнд хөхүүл хүүхдээ хажуугийн айлдаа орхиод талбай дээр ес хоног өлсгөлөн зарлаж суусныг нь сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Амьдралаа холбосон хань нь “Чи наанаа өлсөөд үхээрэй” гэчихээд салаад одож. Ардчиллыг дэмжигч гэдгээр ажлаас нь халчихдаг байж. Тэглээ ч тэр итгэл үнэмшилдээ одоо ч үнэнч хэвээр. Аавынхаа нэрээс илүү би ардчиллын нэрийг өндөрт өргөж явахыг хичээдэг. Тиймдээ ч надад гудмаар хүртэл муухай явах эрх байхгүй хэмээн тэр ярих. Дэндүү тэвчээртэй, дайчин, эгэл эмэгтэй. Ардчилалд ингэтлээ зүтгэх болсны учир юунд байв…

ДУТВАЛ ШОРОНД ХИЙНЭ

Гомбосүрэнгийн Оюунгэрэл 1961 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд айлын том охин болон төржээ. Доороо зургаан дүүтэй, хариуцлагатай эгч. Аав ээж нь эгэл малчин хүмүүс. Хүүхдүүдээ тэжээх гэж борви бохисхийхгүй ажилладаг мөртлөө авч буй цалин амьдралд даанч хүрэлцэхгүй. Нэгдлийн 16 толгой малтай ч шинэ шөл ууж чадахгүй, 2 үхэртэй ч цай сүлж болохгүй. Цагаан-Уул сум уг нь малын толгойгоор улсдаа эхний тавд ордог. Гэсэн ч бүх хэрэглээ хэмжээ хязгаартай. Өөрийн мэдлийн мал гэж нэг ч үгүй. Ноос, ноолуур, сүү, мах гээд бүгдийг нь албан журмаар тогтоогоод өгчихсөн. Дутааж болохгүй. Дутаавал шоронд хүртэл орно. Эдний суманд өвлийн мах бэлтгэлийн нядалгааны ажил бараг сар үргэлжилдэг байж. Аав нь нядалгаанаас үлдсэн цувдай, толгой шийр авч ирнэ. Түүнийг борцолж бэлдээд зуны гурван сар иднэ. Харин наадмын үеэр л хэрчим махны бараа харж, шөлтэй хоол хийгээд хөлсөө гартал иддэг байжээ. Зунжингаа цувдай идсэн хүүхдүүдэд түүнээс амттай хоол гэж үгүй. Үнээний сүү хүртэл хэмжээтэй. 12 мөнгөний дэвтэрийг таллаж хуваагаад зунжингаа сүүний тооцоо бичнэ. Хаврын эхэн сараас зуны сүүл хүрэхэд хоёр үнээний сүү нормдоо хүрэхгүй. Дутсан мөнгийг аав нь цалингаасаа хасуулна. Хотондоо малтай мөртлөө ходоод хоосон. Суулга дүүрэн сүүтэй атлаа гэдэс цайлгах юм үгүй.  Ингэж их хөдөлмөрлөөд байгаа хэрнээ өлмүүн, зэлмүүн амьдарч буйгаа жаахан охин их л гайхдаг байж. Сүүлд нас биед хүрсэн хойноо энэ нийгэм нэг л биш гэдгийг ойлгож эхэлжээ.

ДАРГЫН ЭХНЭРИЙГ УУРЛУУЛЖ БОЛОХГҮЙ

Г.Оюунгэрэл Политехникийн сургуулийг сантехникийн инженер мэргэжлээр төгсчээ. Ажлын гараагаа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестээс эхэлсэн байна. Нэг удаа аймгийн нэгдүгээр хүний гэрт өргөтгөл хийхээр болжээ. Гурван өрөө байрыг дөрөв болгож, хананд нь обой наах, мөн сантехникийг ажил хийх байв. Даргын эхнэрийн ааш гэж адсага. Бүхнийг удирдана, уурлана, хашгична. Тухайн үед ажлын бригад засвар хийхдээ даргын унтлагын өрөөнд ягаан өнгийн обой наачихаж. Бас шинэ суулгасан крантаас ус муу дусалж. Ингээд хамаг хэрэг мандах нь тэр. Г.Оюунгэрэлийг даргын эхнэр гэртээ дуудаж, мэндийн зөрөөгүй зандарч эхэлжээ. Барилгын нэг муу инженер байж юун үнэтэй торгоор дээл хийдэг юм. Ийм дээл өмсдөг чи хэн бэ гэж ирээд л загнаж гарчээ. Ээжийнхээ хийж өгсөн дээлийг ч өмсөж болдоггүй хэрэг үү хэмээн Г.Оюунгэрэл дотроо бодохдоо эрх мэдэлтний дээрэлхүү занг яс махандаа шингэтэл мэдэрч байлаа. Эндээс л хүний эрх, эрх чөлөө, тэгш боломж, хүн байхын утга учрыг эрж ядан бачимдаж эхэлжээ. Миний насаараа ардчилалд үнэнч зүтгэх болсон шалтгаан ердөө л энэ гэж тэр бодолхийлэн ярив. Магадгүй үүнийг ярихдаа тэр тухайн цаг үеийг ахин мэдрэх шиг болсон биз. Энэ таагүй явдал Г.Оюунгэрэлийг улам хурцалж, амиараа дэнчин тавиад ч болов ардчилал, шударга ёсны төлөө тэмцэхээр зориг шулууджээ.

ӨЛСГӨЛӨН ЗАРЛАВ

Ажлаа тараад Г.Оюунгэрэл хэсэг залуустай нэгдэн, “Шинэ толь” гэх сонинг нууцаар уншдаг байжээ. Эндээс л Улаанбаатар хотын хөдөлгөөн, жагсаал цуглааны талаар мэдээлэл авна. 1990 оны дөрөвдүгээр сарын сүүлээр хотоос хэдэн залуус ирж, талбай дээр цуглаан зохион байгуулаад баригджээ гэсэн мэдээлэл таржээ. Үүний дараа иргэд Даваадоржийн талбай дээр битүү цуглав. Улмаар гэр бариад хүмүүс өлсгөлөн зарлаад эхэлжээ. Энэ тухай сонсоод Г.Оюунгэрэл гэртээ сууж тэссэнгүй. Гурван нялх үрээ хажуу орцны айлд гуйж үлдээгээд талбай руу гараад гүйчихэж. Хамгийн бага нь хөхнөөсөө ч гараагүй байж. Тэгээд талбай дээр журмын нөхөдтэйгээ нэгдэж, хар даалимбан дээр цагаан шохойгоор “Бид ирээдүй хойчийнхоо сайхан амьдралын төлөө амь насаараа дэнчин тавьж байна” гэсэн лоозон бариад суужээ. Уг тэмцэлд нутгийн иргэдээс гадна Дархан, Дорнодоос ч мөн хүмүүс нэгдэж байв. Тэд эрх баригчдад хандан дараах шаардлага тавьжээ. Үүнд:

  • БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны 86-р зарлигийг өөрчлөх
  • Мөрөн хотын Ардын депутатын хурлын Тэргүүлэгчдээс гаргасан “баривчлах” тогтоолыг хүчингүй болгох
  • Ардын түр хурал болон Ард түмний Онц зөвлөл байгуулах зэрэг юм.

Өлсгөлөн зарласан хүмүүс эхнээсээ эмнэлэгт хүргэгдсээр, хасагдсаар ердөө хоёрхон хүн үлджээ. Тэдний нэг нь Жамбалдорж агсан, нөгөөх нь Г.Оюунгэрэл. Тэд нийтдээ ес хоног өлсгөлөн зарласан байна. Эхний гурван өдөр ямар ч шингэн зүйл уухгүйгээр хуурай өлсгөлөн зарлажээ. Гурав дахь өдрөөс нь хүний эрх зөрчигдөж байна гээд Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс хүмүүс ирээд хоёр цаг тутам 200 грамм ус өгч байжээ. Мөн хоёр цаг тутамд маскийг нь сольж, хүмүүстэй ямар нэгэн байдлаар ярилцлага, уулзалт хийлгэхгүй байжээ. Ийм нарийн дэглэм тогтоогоод дахин хоёр цаг тутамд эмч нар ирж даралт үзээд, бие нь муудсан тохиолдолд албадан эмнэлэгт хүргэдэг байжээ. “Тэнд суурь өвчтэй хүн гурав хоногоос илүү тэсдэггүй юм байна лээ. ” Өлсөж болно, өлсгөлөн тайлна гэдэг хүнээс маш их тэсвэр тэвчээр шаарддаг юм байна лээ. Яагаад гэвэл жаахан юм идэнгүүт хүний ходоод ажиллаж эхэлдэг. Өлсгөлөн тайлна гэхээр анхны өтгөн доош нь гарахаар л энэ хүн аюулгүй боллоо гэж үздэг юм байна. Анхны өтгөн гарсан хүмүүсийг гурав хоногийн дараагаас эмнэлгээс гаргасан” хэмээн Г.Оюунгэрэл ярих. Тэрбээр өлсгөлөн эхлэхэд 49 кг байсан бол найм хоногийн дараа 42 кг болжээ. Хүн чичихэд л унах хэмжээнд сульдсан байж. Тиймээс эмнэлэг рүү явахдаа хоёр хүнээр түшүүлээд явжээ. Тэсвэр тэвчээр, чин зориг, үнэн сэтгэл шалгасан ардчилсан хувьсгалын өлсгөлөн. Одоо хүртэл бодох төдийд ходоод харлана.

Г.Оюунгэрэл өлсгөлөн зарлаад хоёр хонож байхад ээж, дүү хоёр нь хязгаарласан улаан туузны цаана түүнийг хараад зогсож байжээ. Тэрбээр энэ тухай дурсахдаа “Тухайн үед ээж маань надад юу ч хэлээгүй. Дараа нь яагаад ирэх болсноо дурссан юм. Ээж маань ярихдаа “Аав бид хоёрыг чинь нэгдлийн дарга дуудаад танай охин бүтэхгүй хүмүүстэй нийлээд явна. Манай нутгийн нэр гутааж байна. Тиймээс одоохон болиул гээд загналаа. Даргын өрөөнөөс гараад аавтай чинь муудалцаж, чамайг өмөөрлөө. Тэгээд ер нь охиноо холоос ч атугай очиж харья гээд очсон юм. Охиноо хараад өрөвдсөн ч нэгэнт эхэлсэн бол эцсийг нь үзэг гээд юу ч хэлээгүй. Тэгээд гурван хүүхдийг чинь аваад сум руугаа явсан даа” гэсэн юм. Муу ээж нь тэр цагаас хойш миний улаан фэн болсон доо. Ардчилал гэхээр надаас дутуугүй амь тавина. Насан эцэс болтлоо намайг дэмжиж, ар тал минь болсоор байсан. (Уйлав. Түүний ээж өнгөрсөн наймдугаар сард өөд болжээ. сурв). Тухайн үед би ерөөсөө л ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдрал, Монгол улсынхаа бие даасан байдал, хүний эрх эрх чөлөө, тэгш эрхтэй байхын төлөө зүтгэсэн. Миний амь нас дүүрч. Ямартаа ч ээж маань гурван хүүхдийг минь хүн болгочих байх гэж бодож байсан хэрэг. Гэхдээ дотроо бол мэдээж айдастай байсан. Гурван хүүхэд, муу ээж минь нүдэнд харагдаад болж өгөхгүй. Өлсгөлөн зарлаж байхдаа хоорондоо шивнэж байгаа юм л даа. Өнөө шөнө биднийг үл мэдэх газар руу аваачаад буудчихвал яах вэ. Гэсэн ч хэдүүлээ нэгнээсээ ер салахгүй шүү гээд л ярина. Удалгүй Улаанбаатар хотоос Ц.Элбэгдорж тэргүүтэй удирдагчид ирлээ. Бараан үүл арилж, тэнгэр цэлмэх шиг л. Сэтгэл уужраад л явчихсан. Яагаад гэвэл тэднийг ирснээр бидний тэмцэл улам илүү утга учир, итгэл үнэмшилтэй болсон. Сайн, сайхан зүйлийн төлөө явж буйгаа илүү ихээр мэдэрсэн. Үүний үр дүнгээр Ардын түр хурал байгуул гэсэн Хөвсгөлийн өлсгөлөнгийн шаардлага биелж, 1992 оны Улсын бага хурал, одоогийн парламентийн тогтолцоо бий болсон түүхтэй. Хөвсгөлийн өлсгөлөн маш сайн зохион байгуулалттай байсан. Иргэд үнэн сэтгэлээсээ тэмцэж байв. Гэтэл одоогийн өлсгөлөнг харж байхад учир дутагдалтай санагддаг. Өлсгөлөнгийн дараа гэрийг нь буулгахад дүүрэн вакус, зөгийн балны шил гарч ирдэг тухай сонсож л байлаа. Харин бид хэний ч албадлагаар яваагүй, чин зүрхнийхээ дуудлагаар байсан гэдгийг батлан хэлье” гэсэн юм.

УНАЖ, БОССОН АМЬДРАЛ МИНЬ

“Үнэндээ ардчилсан хувсгалд оролцсоны дараа амьдрал орвонгоороо эргэсэн. Ажлаас халж, амраг ханиасаа салж, гурван хүүхдээ хүн хийх ганц л зорилготой үлдсэн, би. Социализмын үед Их сургууль төгсөнгүүт хөдөө сум руу томилчихдог байсан даа. Нөхрийг маань хаа байсан Ханх сум руу илгээж, бид хоёр тусдаа амьдрах болсон. Залуу хосууд хол байна гэдэг сэтгэл холдохын нэр шүү дээ” хэмээн Г.Оюунгэрэл яриагаа үргэлжлүүлэв. Үүнд өлсгөлөн ч бас нөлөөлсөн. Талбай дээр өлсөөд сууж байхад түүний нөхөр ирээд “Чи наанаа өлсөөд үхээрэй” гэж хэлж байжээ. Тэгээд л хоёр тийшээ салж, бага насны гурван хүүхдээ тэврээд үлдсэн байна. 1990 онд өлсгөлөнд орсноос болоод Г.Оюунгэрэл инженерийн ажлаасаа халагдаж, нормчин боллоо. Сантехникийн слесарь болоод 12 секцтэй радиоторыг үүрээд орон сууцны барилга дээр ажиллаж байлаа.Бүр хэцүүдэж Цагаан-Уул сум руугаа ч явсан байна. Нутагтаа барилгын техникч хүртэл хийж үзлээ. Ардчиллаас хойш 30 жилийн хугацаанд янз бүрийн ажил хийж явахдаа Г.Оюунгэрэл Ардчилсан намын хүн гэдгээс болоод дөрвөн ч удаа ажлаасаа халагдсан байдаг. Хамгийн сүүлд 2016 оны сонгуулийн дараа тэр Хөвсгөл аймгийн Аудитын газрын даргаар ажиллаж байжээ. Тэтгэвэрт гарахад ердөө зургаахан сар дутуу байхад түүнийг ажлаас нь халчихаж. Гэхдээ Орхон аймгийн аудитын газарт ахлахаар орох санал тавьжээ. Тэр үгүй гэсэн. Учир нь хамтдаа улс төрийн өлсгөлөнд оролцож байсан журмын анд н.Цогбадрахын ажлыг түүнд өгөхөөр болсныг мэджээ. Яаж ч ядарсан Ардчилалд хамт зүтгэж явсан анхдынхаа хоолыг булаахгүй гээд тэр шүд зуусаар ажлаа өгсөн байдаг. Гэхдээ төр түүний ажилч, хичээнгүй, чин шударга занг үнэлсэн байна. Тэрбээр ажлаасаа гарсны дараа Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат ажилтан цол тэмдгээр энгэрээ цоолжээ. Ханиасаа хагацаад удаагүй байсан түүний дотор одоо л нэг онгойх шиг боллоо.

Сүүлд ханилсан нөхөр нь 13 жил ханилаад 2012 онд тархины хорт хавдараар нас баржээ. Өөрийнхөө орон сууцыг зараад Тайланд руу эмчилгээнд хүртэл явжээ. Байгаа бүхнээ зараад орох оронгүй, хийх ажилгүй, кармандаа мөнгөгүй, нөхрөө оршуулчихаад яах учраа олохгүй тэвдэж явахад намын нөхөд нь түүнд нэг өрөө байр өгчээ. Ерөнхийлөгч Х.Баттулгаас байрныхаа батламжаа авчихаад хамгийн түрүүнд нөхрөө л бодож. Тэр минь шинэ байрандаа орохыг минь харсан ч болоосой гэж “хань татаж” баярлажээ. Ямартаа ч гурван хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн байна. Тэрбээр одоо Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зөвлөхөөр ажиллаж буй. Тэрбээр энэ боломжийг олгосон С.Одонтуяа даргад маш их баярлаж явдгаа үүгээр дамжуулаад илэрхийлэхийг хүссэн юм. Тэр ардчилал эрх чөлөө, иргэдийнхээ сайхан амьдралын төлөө дуртай ажлаа хийгээд С.Одонтуяа даргатайгаа олон сайхан ажил зохион байгуулаад явж буйдаа бахархдаг.

ААВЫН ОВОГ ШИГ АРДЧИЛАЛ

Г.Оюунгэрэл аавынхаа нэрээс илүү Ардчиллын нэрийг өндөрт өргөхийг хичээдэг. Тиймдээ ч гудамжаар хүртэл муухай явахыг хүсдэггүй гэнэ. Яаж ч ядарсан үсээ самнаад ч болов алхана. Үгүй бол Ардчиллын Г.Оюунгэрэл гээд намын нэр хөөдчихвий гэж айна. Тэрбээр нэг л зүйлийг огт ойлгодоггүй гэдгээ хэлж байв. Монголчууд Ардчилсан замыг сонгосон мөртлөө яагаад тэс өөр үзэл баримтлалтай хүмүүсийг сонгоод байдаг юм бол. Бид ардчилсан сонголтоо тууштай хийгээд явсан бол монгол улс одоогийнхоос алхам урагшилсан байх болов уу гэж боддог. Учир нь одоогийн шийдвэр гаргаж буй хүмүүс иргэдийнхээ амьдралын гүнд орохгүй байгаа гэнэ. Тэрбээр ярихдаа “Монгол улс хүнээ тордож, олуулаа болж байж л хөгжинө. Хүнээ хөгжүүлсэн, хүмүүжилтэй зөв сайхан гэр бүлээс зөв хүүхэд төрнө. Зөв хүүхдүүд Монгол улсын ирээдүйг авч явна. Санаа зовж буй асуудал бол иргэд минь хангалуун сайхан амьдарч чадахгүй байна. Ажиллах хүчнийхээ үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Ядаж эрүүл мэндийнх нь салбар руу онцгой анхаармаар байгаа юм. Болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй. Сэтгэл байвал ямар нэгэн гарц шийдэл байж л таараа” гэсэн юм. Нээрээ л бидэнд боломж, сонголт байна. Түүнийг л бид зөв ашиглах хэрэгтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
391
ТэнэглэлТэнэглэл
70
ЗөвЗөв
9
БурууБуруу
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж