Нэг монгол хүн жилд 90 кг, хятад хүн 6 кг мах хэрэглэж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Нэг монгол хүн жилд 90 кг, хятад хүн 6 кг мах хэрэглэж байна

Нэг монгол хүн жилд 90 кг, хятад хүн 6 кг мах хэрэглэж байна

Манай улс нэг хүнд ногдох махны хэрэглээгээр дэлхийд 11-рт орж, нийт махны дотоодын нийт үйлдвэрлэлтийн ДНБ-ий харьцаа нь 14.5 хувь байгаа нь махны хэрэглээ эдийн засагт хүчтэй нөлөөлдөгийг харуулж байна.

Судлаачдын тогтоосноор, нэг монгол хүн хоногт 240-270 гр мах, жилдээ 90 кг мах хэрэглэж байгаа нь дэлхийн бусад улс оронтой харьцуулахад өндөр хэрэглээтэйд тооцогдож байна. Ханшийн савлагаа, шатахууны үнэ, цаашлаад мал, мах бэлтгэлийн тогтолцоо муу, махны нөөц бүрдүүлэх арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр, цаг хугацааны хувьд оновчгүй зэрэг хүчин зүйлийн улмаас дотоодын зах зээлд махны нийлүүлэлт багасчээ.

Махны нийлүүлэлтэд махны экспорт голлон нөлөөлөөгүйг салбарын яамнаас онцолж буй юм. Мөн арилжааны банкны эх үүсвэрээр мах бэлтгэх үйл ажиллагаанд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар махны нөөц бүрдүүлэх, зөвхөн Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээнд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах зэрэг тодорхой арга хэмжээ авч эхэлжээ.

Мал сүргийн тоо сүүлийн таван жилд тасралтгүй өссөн нь нэг талаар эерэг мэдээ боловч бэлчээрийн даац хэтрэх, сүргийн бүтэц алдагдах, малын аливаа өвчин болон байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэх, нэгж малаас авах ашиг шим буурах, өвс, тэжээлийн нөөц хүрэлцэхгүй байх, малчдын амьжиргаа муудах, улмаар мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг сааруулах зэрэг сөрөг тал, эрсдэл дагуулж байгаа юм.

2018 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 66 сая 463.7 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 244.7 мянгаар өсөж, өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өсөлтийн хувь хэмжээ буурчээ. Нийт сүргийн 86,6 хувийг эзэлж буй бог малын мах бэлтгэлд хязгаарлалт тогтоохгүйгээр үхэр, адууны мах бэлтгэхэд квот тогтоож байгаа нь сүргийн бүтцийг харгалзан үзэж буй хэрэг аж.

Манай улс хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 10-12 сая толгой мал хэрэглэдэг. Мөн дотоодын махны хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй цаашид жил бүр 9 сая толгой мал буюу 180 гаруй мянган тонн мах экспортлох боломжит нөөцтэй. 2018 оны экспортын гүйцэтгэлээр 70,4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортложээ.

Энэ нь мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 50 мянган тонн хүргэнэ гэсэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэгдсэн үзүүлэлт бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 4,4 сая малыг экспортод гаргаж, 154.1 сая ам.доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийн орлого олжээ.

Махны төрөл, экспортолсон улсаар нь авч үзвэл, өнгөрсөн онд Азербайжан, БНАСАУ, БНХАУ, Вьетнам, Иран, Испани, Казакстан, Катар, Киргизстан, Малайз, Арабын нэгдсэн Эмират улс, ОХУ, Хонконг, Узбекстан, Япон гэсэн 15 улс орон руу хонь, ямаа, үхэр, адууны мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна. Үүнийг өмнөх онуудтай харьцуулахад экспортын мах, махан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, дулааны аргаар боловсруулсан махны экспорт өссөн үзүүлэлт юм.

Монгол Улсад махны эрүүл ахуй, чанар стандартыг мөрдүүлэх замаар эрэлтийг эрүүл аюулгүй хүнсээр хангах боломжтой гэж эдийн засагчид дүгнэж буй юм.

Хэрэглэгчдийн хүнсэндээ хэрэглэж буй нийт махны 10 хүрэхгүй хувь нь л стандартын шаардлага хангадгийг судалгаагаар тогтоожээ.

Улаанбаатар хотод өнгөрсөн сарын 28-ны өдрийн байдлаар үхрийн мах (ястай)-ны үнэ 9833 төрөг, хонины мах (ястай) 7,333 төгрөгийн үнэтэй байв. Арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн үнийн судалгаагаар, хонины мах (ястай) 9,433 төгрөг, үхрийн мах (ястай) 11137 төгрөг болж өсчээ.

Монголд үхрийн махны үнэ өсөхөд хонины мах их борлуулагддаг ажээ. Тиймээс хонь болон үхрийн махны үнийн хоорондын хамаарал хүчтэй байна.

Манай улсын хувьд үхрийн махны эрэлтийн нэгдсэн судалгаа хийгдээгүй, үүнтэй холбогдон гарах эдийн засгийн үр ашгийг мөн тооцоолж чадаагүй хэвээр байна.

АНУ, Хятадын худалдааны дайн зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан сүүлийн хэдэн улирал дэлхийн зах зээлд томоохон хэлбэлзэл үүсчээ. Дэлхийн улс орнуудын үхэр сүргийн нийт тоо толгой 996.6 сая орчим гэж үздэгээс 30 хувь нь Азид, 20 хувь нь Өмнөд Америкт, үлдсэн хэсэг нь бусад тивд оногддог. Хятадын нэг хүнд ногдох махны хэрэглээ жилд 6 орчим кг буюу дэлхийн бусад орнуудын нэг хүнд ногдох махны хэрэглээтэй харьцуулахад бага боловч хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлэгч улсын хувьд махны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ.

Манай хойд хөрш болох ОХУ нь гурван жилийн өмнө буюу 2016 онд махны импортоороо дэлхийд дээгүүрт орсон бөгөөд нийт хэрэгцээнийхээ 60 хувийг дотооддоо 40 хувийг импортоор хангасан байна. Дэлхийн улс орнуудын үхрийн махны хэрэглээний жагсаалтаас харахад, ОХУ-д үхрийн мах 7.35 ам.доллар байгаа бол Хятадад 9.74 ам.доллар байгаа аж.

Дэлхийн хөгжингүй орнуудын нэг хүнд ногдох үхрийн махны хэрэгцээ.кг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж