УИХ-ын хамгийн залуу гишүүн хүчиндэх завдал үйлдсэнийхээ төлөө ял авч, одоо шоронд ялаа эдэлж буй. Тэгвэл түүний араас ялын тогтоолоо уншуулах дараагийн хүн нь УИХ-ын гишүүн Б.Батзориг байх уу. Түүнийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, намынхаа 49 хүнд ЖДҮХС-аас зээл авч өгсөн, мөн өөртөө авсан гэх шалтгаанаар хуулийн байгууллага жил гаруйн хугацаанд шалгасан. Түүнд холбогдох хэрэг хуулийн байгууллага дээр маш удаан шалгагдаж, гацаж байснаа гэнэтхэн прокурорт шилжиж, шүүхийн хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн.
Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 18-нд болсон шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон. Энэхүү хурлаар шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан.
Учир нь Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийгөө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаасан гэж байгаа. Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан аж. . УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэх хэрэгт буруутгагдаж буй.
Өмнө нь түүнд найман жилийн хорих ял оноох хуулийн заалтаар шүүж байсан бол энэ удаад хэргээ хүлээсэн гэж үзэж, хялбаршуулсан журмаар хэлэлцэхээр болж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Б.Батзориг хоёр жил хүртэлх ял төлөвлөөд байгаа аж. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн шийтгэх нь тодорхой гэж үзэж байгаа шүүгдэгчийн хувьд ялын хөнгөлөлт нь цагаатгах магадлалаас илүү ашигтай байдаг бөгөөд нөгөө талаас прокурорын хувьд гэмт хэрэгт шийтгэл оногдуулах нь баталгаатай байдлаар харилцан нөхцөлддөг хуулиар зохицуулагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа юм байна.
Ийнхүү жил гаруйн хугацаанд шалгаж, эцэст нь МАН Б.Батзоригоор туг тахих уу эсвэл гэдэг асуултын өмнө ирээд байна. Үнэн хэрэгтээ нэр бүхий УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий этгээддээ зээл авсан. Эцсийн дүндээ шийдвэр гаргаж, гарын үсэг зурснаараа Б.Батзориг буруудах учиргүй, МАН 49-н гишүүн ч хариуцлага хүлээх ёстой.
Яагаад жил гаруй хугацаанд би буруугүй хэмээж байсан Б.Батзориг, бид аваагүй гэж мэлзэж байсан МАН гэнэт хэргээ хүлээн зөвшөөрөх болов. Тэгвэл улс төрийн хөшигний ард МАН энэ удаад Б.Батзориг төдийгүй араас нь хоёр ч гишүүнд хариуцлага тооцохоор төлөвлөжээ.
Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд нарыг ЖДҮ-ийн асуудлаар нь хуулийн байгууллагад дуудахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ 2020 он дөнгөж гаргаад л Б.Батзоригийн ялын тогтоолыг уншиж, прокурор Б.Батзоригтой хамт хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр бэлтгэж байгаа гэх. Б.Батзоригийн хэргээ хүлээж, хялбаршуулах журам сонгосон ч цаанаа тохироотой хэмээн гэнэ. Хэрэв хэн нэгэнд хариуцлага тооцохгүй бол сэлэм нь гялалзаагүй У.Хүрэлсүхийн толгойлж буй МАН 2020 оны сонгуульд тус намаас нэр дэвших хүн болгоны өмнө ЖДҮ-чин гэсэн автор тавигдана. Тиймээс У.Хүрэлсүхийн сэлэм гялалзах, 2020 оны сонгуульд хэлэх үгтэй байхын тулд Б.Батзориг болон бусад хоёр гишүүнээр туг тахихаас өөр гарцгүй хэмээн намын удирдлагын түвшинд ярилцсан, тохиролцсон гэх мэдээлэл бий.
ТЭРБЭЭР ӨНГӨРСӨН ХУГАЦААГ ИНГЭЖ ХЭЛЖ БАЙСАН Ч ТЭРБЭЭР ОДОО ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ