Өмнөд Солонгосын тагнуулын хоёр ажилтанг Хойд Солонгосын дүрвэгч эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг байсан хэмээн буруутгажээ. Хохирогчдын нэг нь тэдний нэгэнд хэдэн арван удаа хүчирхийлүүлж байснаа ярьжээ. Зарим нь бүр хоёр ч удаа үр хөндүүлж байсан тухай хохирогчийн өмгөөлөгч мэдүүлсэн байна.
Хэрэгт холбогдсон этгээдүүдийн дэд хурандаа, ахлах түрүүч цолыг нь хурааж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Тус улсын Батлан хамгаалах яамны тагнуулын алба нь Хойд Солонгосын дүрвэгчдийг илрүүлэн шалгаж, тагнуулын мэдээлэл цуглуулах үүрэгтэй. Энэ оны эхээр дээрх хоёр сэжигтнийг дүрвэгч эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан газарт томилсон байна. Хуулийн байгууллагын мэдээлж буйгаар эхний хохирогч эмэгтэй тухайн үед согтууруулах ундаа хэт их хэрэглэснээс болж ухаангүй байсан аж. Ахлах түрүүч түүнийг удаа дараа хүчирхийлсэн бол, дэд хурандаа гэх эр нэг удаа хүчирхийлсэн байна.
Өмнөд Солонгост Хойд Солонгосоос дүрвэн ирсэн 33 мянга орчим хүн байгаагаас 72 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Хойд Солонгосоос ирсэн дүрвэгч эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг хүний эрхийн төлөө тэмцэгч ВВС-д ярихдаа "Хойд Солонгосын олон зуун дүрвэгч эмэгтэйчүүд Өмнөдөд ирэхээсээ өмнө Хятадад бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Тэд үүнийг тэсвэрлэн амьд гарсныхаа төлөө Өмнөдөд ирээд “бузар” гэх тодотголтой болдог" хэмээжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ