Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ оржээ. Дэлгүүр, хоршоогоор дүүрэн хүүхдийн бэлэг овоолоостой харагдана. Хүүхдийн бэлэг том жижиг, их багаасаа хамаараад янз бүрийн үнэтэй. Харин доторх зүйл нь яг адилхан, бөөн амттан. Гэхдээ амттан ч хор болдог. Хүнсний дэлгүүрүүд шинэ жил, хүүхдийн баяраар хугацаа нь дууссан бараагаа уутлаад бэлэг болгон зардаг. Идэх ч хэцүү, хаях ч хэцүү ийм бэлгийг бид хүүхдэдээ бэлэглэх нь зөв үү. Бид хүүхдэдээ бэлэг өгч байна уу, хор өгч байна уу. Энэ бол хөндөх ёстой сэдэв болсон. Чихэр, чипс, ундаа жүүс. Бүгд сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнүүд. Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнүүд хүүхдэд чинь хоол биш хор болдгийг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч, эцэг эхчүүд тэр бүхнийг тоохгүй өнгөрснөөс болж адаглаад л хүүхдийн шүд цоорч, цаашлаад сахарын өвчтэй болох эрсдэл үүсч байна.
"Монголчууд маш олон баяр тэмдэглэдэг. Баяраар хүүхдүүд ялангуяа чихэр, жимс ихээр хэрэглэдэг. Үүнийг бид баярын дараах балаг гэж хэлдэг. Ганцхан шүд өвчлөөд зогсохгүй дотоод эд эрхтэн өвчлөх, архаг хууч өвчин сэдрэх, мухар олгой үрэвсэх зэрэг олон талын өвчлөлүүд нэмэгддэг" гэж “Oral Care” шүдний эмнэлгийн ерөнхий эмч Б.Баярмаа ярьж байна. Өөрөөр хэлбэл, баярын үеэр амттанд бялуурсан хүүхдүүд дараа нь олон өвчин тусах эрсдэлтэйг тэрбээр анхааруулсан юм.
Ингээд “Oral Care” шүдний эмнэлгийн Ерөнхий эмч, АУ-ны магистр Б.Баярмаатай ярилцсанаа хүргэе.
-Шинэ жил, цагаан сар, хүүхдийн баярын дараа хүүхдийн шүдний өвчлөл хэр ихэсдэг вэ?
-Шинэ жилийн чихэр амттаны замбараагүй хэрэглээнээс (идэлтээс) үүссэн цооролт тодорхой хугацааны дараа өвдөж эхэлдэг. Энэ үед л эцэг, эхчүүд чихэр өгсөндөө харамсаж, хүүхдээ дагуулсаар шүдний эмнэлэгэт орж ирнэ. Нэг хэсэг нь бидний буруугаас болоод хүүхэд маань чихэр идчихлээ. Уг нь өгөхгүй гэж боддог юм. Гэтэл баярын үеэр бэлгэнд ирсэн чихэр жимсийг нь харамлаж чадсангүй гэдэг. Нөгөө хэсэг нь хүүхдээ “буруу” эрхлүүлж чихэр, сахарын агууламжтай хүнсийг хяналтгүй өгчихөөд өөрөө л идээд байсан гэж хүүхдээ буруутгана. Мэдээж эдгээр хүнс шүдний цооролтод нөлөөлж байгаа боловч шүд угаалт дээр нь ерөөсөө анхаарахгүй байна.
–Хүүхдүүд баяраар чихэр жимс огт амсахгүй байна гэж байхгүй. Тэгэхээр чихэр жимсийг хэрхэн хэрэглэвэл шүд цоорхоос сэргийлж чадах вэ?
-Чихэр хэрвээ өгмөөр байгаа бол нэг дор бөөнд нь өг гэж зөвлөх байна. Учир нь амны хөндийн PH буюу хүчиллэг, шүлтийн тэнцвэрт орчин нь байнга унаад хүчиллэг болоод байвал шүдний цоорол үүсэх магадлал өндөр болдог.
Би өөрөө энэ салбарт арваад жил ажиллаж байгаа эмчийн хувьд хэлэхэд хүүхэд хэрвээ чихэр иднэ гээд нэхээд байвал нэг дор бөөнд нь бялууртал өгчих хэрэгтэй.
Хүүхэд тав, арав иднэ. Тэгээд бялуурна. Дахиж идмээргүй болно. Түүнээс биш хүүхэд хэлж нэг идээд, хулгайгаар нэг идээд байвал цооролт хурдан явагдана. Ялангуяа иштэй буюу модтой чихэр амны хөндийн PH-д их нөлөөлдөг. Ингэж бөөнд нь бялууртал өгсний дараа хамгийн гол нь шүдийг нь сайн угаалгах хэрэгтэй. Гэхдээ үүнд бас учир бий. Нэгдүгээрт, чихрийг өлсөөгүй байхад нь өгнө. Өөрөөр хэлбэл хоолны дараа өгч болно. Хоёрдугаарт, чихэр идэнгүүт нь угаахгүй. Чихэр идсэний дараа амны хөндийн хүчиллэг орчин илүү ихэссэн байдаг учраас 30-40 минутын дараа шүдээ угаана. Үгүй бол шүдний паалан гэмтэнэ.
-Чихрийг оруулагч ямар амттан байдаг юм бол?
-Амттан гэхээр зөвхөн чихэр гэж боддог. Гэтэл сахар болон сахар орлуулагч орсон бүх төрлийн хүнс амттанд багтдаг. Үүнд печень, шокалад, резинэн чихэр, Choko pie, жүүсзэрэг орно. Хүүхдэд ямар ч тэжээлгүй, хор болох эдгээр хүнсийг орлуулж болно.
Чипс өгмөөр байвал ааруулан чипс өгье. Чихрийн оронд хорхой ааруул, хатаасан жимс, самарнууд өгч болно. Самар идсэн хүүхдийн уураг тархи, оюуны хөгжил сайн явагддаг. Бид цэцгэндээ ус өгдөг хэрнээ хүүхэддээ яагаад ундаа өгнө вэ.
Хүүхдийн судсаар цус биш сахар урсана. Энэ нь зөвхөн шүд бус биеийн эрүүл мэндэд асар хортой шүү дээ.
-Ялангуяа бага насны хүүхдийн шүд илүү өвчилж байгаа талаар ярьж байна. Тодорхой жишээ байвал хэлэхгүй юу?
-“Эрүүл Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5-6 сар үзлэг хийж байхад нэг ширхэг эрүүл шүдтэй хүүхэд гараагүй. Бага насны буюу 2-6 насны хүүхдийн бараг 90 хувь нь шүдний цоорол, цоорлын хүндрэлээс шалтгаалсан идээт үрэвсэлтэй байна. Жишээлбэл, нэг хүүхдийн 20 шүд бүгдээрээ цооролттой, үүний 10 нь идээт үрэвсэлтэй тохиолдол байсан. Үнэхээр амьдралын боломж муутай айлын хүүхэд шүдээ эмчлүүлэх боломжгүйгээс болсон уу гэхээр бас тийм биш. Боломжийн амьдралтай айлын хүүхэд харагддаг. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхэддээ тавих анхаарал сулраад ирэхээрээ хайр, халамжаа чихрээр орлуулдаг байх талтай. Өөрөөр хэлбэл хүүхэддээ зарцуулж чадаагүй цаг хугацаагаа чихэр өгч аргалдаг. Харамсалтай нь үүний улмаас идээт үрэвсэл нь эдгэхгүй байсаар шүдээ авхуулах тохиолдол маш их байсан. Үүнээс болоод ирээдүйд амны гажиг үүсэх, өсөлт хөгжилтөд нөлөөлөх, эрүүл шүдтэй хүүхэдтэй харьцуулахад оюун ухааны хувьд сул дорой болох магадлалтай.
Шинэ жилээр бид хүүхдэдээ заавал чихэр бэлэглэх албагүй. Тоглоом, ном, чихмэл бэлэглэж болно.
Австраличууд гэхэд зориулж авсан хувцас, гоёл чимэглэл бэлэглэхийг илүүд үзнэ. Үүнээс гадна шинэ жилээр хүүхэдтэйгээ хамт заавал ямар нэгэн үзвэр, урлагийн тоглолт үзнэ.
- Англи: Өөрийн гараар хийсэн бэлэг өгнө. Түлхүүрийн оосор, утасны чимэглэл, анхилуун үнэртэй лаа, аяга таваг, бэлэг тэмдэг агуулсан дурсгалын зүйлс гээд сэтгэл зүрхээ бэлгэндээ шингээдэг.
- Герман: Бэлэг бэлгийн дээд ном гэж үздэг. Тиймээс хүүхдүүдэд шинэ жилээр ном бэлэглэх нь түгээмэл. Үүнээс гадна гэр бүлээрээ аялалд явж, хамтдаа дурсамж бүтээдэг.
- Франц: Чин сэтгэлийн үгтэй мэндчилгээ эсвэл дурсгалын зүйл бэлэглэнэ. Ингэхдээ өвлийн өвгөнөөс хүссэн хүүхдийнхээ дуртай тоглоомыг хариу захидлын хамт гацуурын доор үлдээнэ.
- Финлянд: Хамгийн чухал бэлэг бол боксын бээлий, теннисний цохиур, гимнастикийн хувцас гэх мэт спортын хэрэгсэл. Мөн хичээлийн хэрэгсэл ч бэлэглэнэ.
- Япон: Энэ улсын хүүхдүүд цаасан дээр хүслээ зурж, он солигдох шөнө дэрэн доороо хийж унтдаг. Ингэвэл тэр жилдээ уг хүсэл нь биелдэг гэж тэд итгэдэг. Ихэвчлэн хүүхдэд үндэсний уламжлалт чихмэл тоглоом бэлэглэдэг.
Зарим улс оронд хүүхдэд зориулсан “Candy day” өдөр байдаг.
Хүн өгсөн, худалдаж авсан бүх чихрүүдээ хадгалаад долоо хоногийн зөвхөн нэг өдөр иднэ. Тэр нь амралтын өдөр байдаг. Өглөө хүүхэд босоод гэрийнхээ ажилд туслах, хичээл номоо хийх зэрэг үүргүүдээ биелүүлээд хоолоо идсэний дараа одоо би чихрээ идэж болох уу гэж асуудаг. Тэгээд аав, ээжээсээ хадгалсан чихэртэй хайрцгаа аваад хүссэнээрээ иддэг. Идэж дуусаад тодорхой хугацааны дараа шүдээ угаана. Ингэснээр шүд цоорох эрсдэл багасдаг байна. Харин олон өдөр чихэр бага багаар идээд байвал цоорох эрсдэл мэдээж өндөр болно. Үүнээс гадна олон хоног дараалан чихэр идэхээр судсан дахь чихрийн эргэлт ихэсдэг аж. Энэ нь шүд цоорохоос гадна дархлаа сулрах шалтгаан болдог. Улмаар ханиад хүрч, хатгаа ч болох аюултай. Тиймээс хүүхэддээ чихэр өгөх “Candy day” буюу тохиролцооны тактиктай болоорой.
Холбоотой мэдээ