Ханиалгаж, уйлагнаж, халуурсан хүүхдүүд эмнэлгээр дүүрэн. Хүлээн авах зааланд эмчид үзүүлэхээр дугаарлаж буй хүмүүсийн ихэнх нь өвчиндөө шаналах уйлах хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд. Тэд хүүхдээ үзүүлэхээр хоёр цаг дугаарлаж байгаагаа дуулгав.
Хүйтний эрч чангарахтай зэрэгцээд ханиад томууны дэгдэлт ихэсч, эмнэлгүүд ачаалалд дарагджээ. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт өчигдөр /2019.12.05/ орой ажил тарах цагаар очиход ийм дүр зураг угтсан юм. Ханиад хүрсэн хүүхдүүдийн ихэнх нь хатгаа болж байгааг эмч нар хэллээ. Хоёр хоног гэртээ ханиалгаж, цээж нь хэржигнэж, өндөр халуурч, ханиад нь эмэнд дарагдахгүй байсаар хүндэрсэн болохыг ээжүүд учирлаж байв. Зарим эцэг эхчүүд эмчид үзүүлэхээр хоёр цаг дугаарлаж буйгаа хэлсэн юм.
ЭМЧИД ҮЗҮҮЛЭХЭЭР 1-2 ЦАГ ДУГААРЛАЖ БАЙНА ГЭВ
Иргэн А.Ренчиндулам:
-Эмнэлгийн ачаалал их байна. Өрх, дүүргийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхээр ээж аав нар их ирж байна. Оочер ихтэй байна билээ. Өрхийн эрүүл мэндийн төвдөө үзүүлтэл хатгаа болж байна, хэвтэн эмчлүүл гэж хэлсэн. Манай хүүхэд долоон сартай, ханиалгаад гурав хоносон. Энэ жил түүхий нүүрсийг хориглосон ч ханиад томууны дэгдэлт их байна. Ер нь таваас доош насны хүүхдүүд ханиадтай байна. Энэ жил эмнэлэгт хоёр, гурав дахь удаагаа ирж байгаа нь энэ. Хүүхдээ үзүүлэхээр цаг дугаарлаж байна.
Иргэн Э.Батзоригт:
-Эмнэлгийн ачаалал өмнөх жилээс ялгаагүй их байна. Эмчид үзүүлэхээр ирээд хоёр цаг гаруй хүлээлээ. Өрхийн эрүүл мэндийн төвөөс хэвтэх бичиг өгсөн. Манай ач нэг нас хүрээгүй, ханиад нь хүндэрсэн болохоор л хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж эмч хэлсэн байх. Хоёр хоногийн дотор л ханиад нь хүндэрч халуурч байна.
Иргэн Нараа:
-Эмнэлгийн ачаалал өмнөх жилтэй л адилхан байна. Буурсан зүйл огт байхгүй. Манай хүүхэд ханиад хүрсэн. Уг нь зүгээр байсан ч ойр ойрхон ханиалгаад л ханиад нь хүндэрсэн. Ханиад нь эмэнд дарагдахгүй байсаар л хатгаа болчихлоо. Дөнгөж ханиад хүрээд л хатгаа болж байх шиг байна гэлээ.
Баянгол дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг мөн л адил ачаалалтай байв. Ханиалгаж, уйлагнасан, эцэг эхийнхээ энгэрт тэврүүлсэн хүүхдүүд. Ихэнх нь таваас доош насны хүүхдүүд харагдав. Тус эмнэлэг нь 24:00 цагаар ажиллаж байгаа юм. Эмнэлгийн зүгээс ямар нэгэн мэдээлэл өгөх, эцэг эхчүүдийг уулзахыг зөвшөөрсөнгүй.
Ханиад томууны дэгдэлт оргилдоо хүрч буй энэ үед Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетийг уртасгасан цагаар ажиллуулах үүрэг өгч, эмч нар илүү цагаар ажиллаж байгаа юм. Ердөө хоёрхон эмнэлгээр ороход л ачаалал хэр байгаа нь тодорхой харагдаж байгаа юм. Гэхдээ эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ амны хаалт зүүлгэж хэвшээгүй нь амьсгалын замаар дамжих вирусийг улам идэвхжүүлж, өвчнийг хүндрүүлж байх шиг. Эмч нарын зөвлөснөөр амны хаалт зүүж хэвших нь томуу томуу төст өвчин болон аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Ханиад, томуу нь агаар дуслын замаар халдварладаг, амьсгалын эрхтэн тогтолцооны цочмог халдвар юм. Манайд идэвхтэй дэгддэг үе нь арваас дөрөвдүгээр сар. Томууны улираар 2018-2019 онд Хүүхдийн тасгийн 977 ор дүүрч, хэвтсэн хүүхдийн тоо 1700-д хүрчээ. Улсын хэмжээнд жилд дунджаар 300 гаруй мянган хүн томуу, томуу төст өвчнөөр өвддөг байна. Тиймдээ ч энэ үеийг эмч нар “Томууны улирал” хэмээдэг. Томуу үүсгэгч 200 гаруй төрлийн вирус байдгаас манайд А, В хүрээнийх нь зонхилон тохиолддогийг халдвар судлаач нар хэлж буй.
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАРХАЛТ БАГАССАН, ЭДГЭРЭЛТ ХУРДАН БАЙНА
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Нийслэлийн дүүргийн эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийн орны зохицуулалтын хувьд Эрүүл мэндийн сайдын тушаалаар орны зохицуулалт хийсэн. Одоогоор бүх эмнэлгүүд орны зохицуулалтаа хийсэн. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн тасагт нэмэлтээр 100 ор, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 90 ор, СХД-т 106 ор тус тус нэмэлтээр гаргасан байна. Өнөөдрийн байдлаар орны ачаалал дундаж үзүүлэлттэй байна. Томуугаас гадна олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга нь амны хаалт зүүх. Тиймээс амны хаалтыг зөв хэрэглэх талаар сурталчилж байна. Одоогоор бид томуугийн дэгдэлт гэж үзэхгүй. Хэсэг газарт л томуугийн дэгдэлтийн урьтал үедээ байна гэж харж байгаа. Ер нь энэ жилийн хувьд томуугийн тархалтын хэмжээ буюу нэг нэгдээ халдвар тараах нь бага, эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн өвчлөл өмнөх жилүүдтэй харьцуулахад хөнгөн, хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн харшлын гаралтай өвчлөлийн хүндрэл багассан, орны эргэлт хурдан байна. Өнгөрсөн жил нэг хүүхэд хатгаа оноштойгоор эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлдэг байсан бол энэ жил тав хоногийн дотор эдгэрч байна гэж эмч нар хэлж байгаа юм.
Эрүүл мэндийн яаманд дүүргүүдийн эмнэлгүүдээс долоо хоногт тутам ирүүлдэг тандалт судалгааны мэдээллээс үзэхэд томуугийн амбулоторийн нийт үзлэг 5.8 хувийг эзэлж буй. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар их үзүүлэлттэй байна.
ХӨСҮТ-өөс гаргасан 48 долоо хоногийн томуу томуу төст халдварын тандалтын мэдээний дүгнэлтийг гаргажээ. Тодруулбал, улсын хэмжээнд амбулаториор нийт үйлчлүүлэгчдийн 5.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлжээ. Өнгөрсөн оны мөн үед энэ үзүүлэлт 5.3 хувьтай байв. Ялангуяа дөрөв хүртэлх насны хүүхдүүд өвчинд хамгийн мэдрэг, томуу томуу төст өвчнөөр өвчлөх нь их байгаа нь ажиглагджээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсчдийн 40 орчим хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа аж. Агаар дуслын замаар дамждаг томуу томуу төст өвчнөөр 14 хүртэлх насны хүүхэд илүү өвдөж байгаа юм.
ХҮН АМЫН ДУНД В ХҮРЭЭНИЙ ВИРУС ЗОНХИЛЖ БАЙНА
ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа:
-Хүн амын дунд томуу, томуу төст халдвар зонхилж байна. Ер нь бол В хүрээний вирус зонхилж байгаа юм. Энэ вирус нь олныг хамрах нь бага боловч хүндрэх нь илүү. Үүнд эцэг эхчүүд, эрүүл мэндийн байгууллагууд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ талаарх зөвлөгөө мэдээллийг бид цаг тухайд нь хүргэж байна. Арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүдийн Хүүхдийн кабинет 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Энэ нь эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилготой. Хоёрдугаарт дүүргийн эмнэлгүүдэд нээлттэй утас ажиллуулж байна. Амьсгалын замын халдваржилт улирлын үед 15 хүртэлх наасны тэр дундаа дөрөв хүртэлх насны хүүхэд илүү өвчинд мэдрэг байдаг. Тиймээс эцэг эхийн анхаарал халамж, цэцэрлэгийн удирдлагууд мэдрэмжтэй хандах хэрэгтэй гэлээ.
Нийслэлийнхэн энэ жил түүхий нүүрсгүй өвөлжснөөр утаа багассан гэж албаны хүмүүс хэлж буй. Гэсэн нь ханиад, томуу, хатгалгаа өвчний гол суурь болсон утаа буурснаар эмнэлгүүдийн ачаалал ч бас буураагүй нь дээрхээс харагдаж байна.
Холбоотой мэдээ