Месси, Роналдо хоёр хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй бол

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Месси, Роналдо хоёр хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй бол

Месси, Роналдо хоёр хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй бол

Спортод хэрвээ гэдэг зүйл байдаггүй. Гэвч энэхүү үйл явдал нь хөлбөмбөгийн түүхийг өөрчилж болохуйц байсан юм. Ингээд та бүхэндээ Лионел Месси болон Кристиано Роналдо нар хөлбөмбөгийн ертөнцөд байгаагүй бол сүүлийн 12 жилийн 11 “Баллон Д’иор” буюу алтан бөмбөг хэн хэн гэдэг тамирчдад очих боломжтой байсан тухай танилцуулья. Өнгөрөгч даваа гарагт 64 дөх удаагийн Баллон Д’иор буюу дэлхйин шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах ёслолын үйл ажиллагаа Парис хотод болж Лионел Месси өөрийн замналынхаа зургаа дах алтан бөмбөг шагналаа хүртэж, хөлбөмбөгийн түүхэнд ганцаараа уг шагналыг хүртсэн тоогоороо “рекорд” тогтоолоо. Харин түүний араас таван алтан бөмбөгтэй Кристиано Роналдо удаалж буй.

 2008 – ФЕРНАНДО ТОРРЕС

2008 оны Фернандо Торрес бол тэр жилдээ үнэхээр галзуу амжилтыг үзүүлж Ливерпул клубийн төлөө Английн Примьер лигт 24 гоол оруулан оны шилдэг мэргэн бууч болсноос гадна, аваргуудын лигт 6 гоол оруулан, Испаний шигшээ багтайгаа 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, финалын тоглолтонд Германы хаалганд хожлын гоолыг шигтгэн , тус тоглолтын шилдгээр нэрлэгдээд зогсохгүй тус тэмцээний бэлгэдлийн 11 тоглогчийн нэгээр тодорч байлаа. Харин түүний араас “Баллон Д’иор”-ын санал асуулгад Испаний шигшээ багийг финалд гарахад туслаж , хасагдах шатанд торгуулийн цохилт хаасан хаалгач Икер Касильяс болон Зенит клубтэйгээ УЕФА-ийн цомд түрүүлэн шигшээ багаа хагас шигшээ хүртэл чирсэн Андрей Аршавин нар жагсах байсан биз.

Үнэндээ энэ жил нь: Кристиано Роналдо тус шагналыг анх удаагаа хүртсэн.


 

2009 – ШАВИ

Пеп Гвардиологийн удирдлаган дор тоглосон эхний улиралдаа треблэ буюу лигийн цом, тивийн цом, холбооны цом гээд байж болох гурван том цом хүртсэн багийн гол амин сүнс  Хави тус улиралд Ла лигт 20 гоолын дамжуулалт , аваргуудын лигт 7 гоолын дамжуулалт өгч 2008-09 оны УЕФА аваргуудын лигийн шилдэг хагас хамгаалагч болсон тэрээр алтан бөмбөгийг авахад асуудалгүй байсан биз. Харин түүний араас өөрийнх нэг биеийн нөгөө тал мэт болж чадсан Андрес Иньеста болон тухайн улиралдаа 30 гоол оруулж байсан багийн хамтрагч Камерун довтлогч Самуэль Это’о нар жагсах байлаа.

Үнэндээ энэ жил нь : Лионел Месси анх удаа уг шагналыг хүртсэн.


2010 – УЭСЛИ ШНЕЙДЕР

Месси, Роналдо хоёрын эрин үеийн хамгийн анхны шударга бус хохирогч бол Нидерланд хагас хамгаалагч Уэсли Шнейдер. 2009-10 оны улиралд Жозе Моуриньогийн удирдлага дор дэлхийд өөрийгөө гайхуулж , Интер Милан клубтэйгээ треблэ хийж , Нидерландынхаа шигшээ багтай ДАШТ-ний финалд хүрсэн билээ. Түүнтэй 2009-10 оны улиралд эн зэрэгцэх тоглогч үнэхээр ховор байсан. Тэгвэл түүний араас алтан бөмбөгийн өрсөлдөөнд тухайн оны ДАШТ-ний финалын тоглолтын хожлын гоолыг оруулан Испаний шигшээ багтайгаа “Алтан дагина”-ыг өргөж , Испаний Ла лигийн аварга, Холбооны цомын аварга болсон Испани болон Барселона клубын уураг тархи Андрес Иньеста болон 2010 оны ДАШТ-нд 5 гоол шигтгэн Урагвайн шигшээ багаа хагас шигшээ хүртэл хөтөлж өөрөө тус тэмцээний шилдэг тоглогч болсон УЕФА-ийн цомын аварга Диего Форлан жагсах ёстой.

Үнэндээ энэ жил нь: Лионел Месси хоёрдох удаагаа алтан бөмбөгийг хүртсэн.


 

 2011 – ШАВИ

Ээлжит нэгэн хохирогч бол Хави. Месси , Роналдо хоёр байгаагүй бол тэрээр алтан бөмбөгийг хоёрдох удаагаа хүртэх байлаа. Тухайн улиралд Барселона клубтэйгээ Аваргуудын лигийн аварга болж клубынхээ төлөө хамгийн их буюу 549 тоглолтонд оролцсон гэх амжилтын эзэн болсон. Түүний араас Англи довтлогч Уэйн Руни болон Шавигийн үнэнч хамтрагч Андрес Иньеста нар удаалах байлаа. Манчестер Юнайтедын довтлогчийн хувьд Английн Примьер лигтээ түрүүлж багтайгаа Аваргуудын лигийн финалд шалгараад байв. Харин Андрес Иньеста Шавиг бодвол ялимгүй сул байсан.

Үнэндээ энэ жил нь : Лионел Месси гурван жил дараалж алтан бөмбөгийг хүртлээ.


2012 – АНДРЕС ИНЬЕСТА

Сүүлийн гурван жилийн “Баллон Д’иор”-ийн санал асуулгад шилдэг гуравт багтсан Андрес Иньеста энэ жил ЕАШТ-нд Испаний шигшээ багтайгаа аваргаа хамгаалж , тус тэмцээний шилдэг тоглогч болсноос гадна аваргуудын лигийн хагас шигшээд Челсигийн эсрэг тэнцээний гоолыг хийж байв. Тэгвэл түүний араас хамтдаа Испаний шигшээ багтайгаа ЕАШТ-нд аваргаа хамгаалсан хаалгач Икер Касильяс болон Европа лигийн аваргыг Атлетико Мадрид клубтэйгээ хүртсэн Радамель Фалкао нар жагсах нь тодорхой.

Үнэндээ энэ жил нь : Лионел Месси дөрвөн жил дараалан дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болсон.

 


 

 2013 – ФРАНК РИБЕРИ

Уэсли Шнейдерийн адил Баейрн Мюнхен клубтэйгээ треблэ хийж Бундес лигт 10 гоол 14 гоолын дамжуулалт өгөөд зогсохгүй УЕФА Европын шилдэг тоглогч болсон түүнд Дэлхийн шилдэг болоход асуудал байхгүй байсан биз. Харин түүний араас 2013 оны улиралд ПСЖ клубын төлөө 30 гоол оруулан Францын лигийн аварга болсон Швед довтлогч Златан Ибрахимович болон 2013 оны Тивүүдийн цомын аварга болсон Бразилын 21 настай Нэймар нар багтах байлаа.

Үнэндээ энэ жил нь : Кристиано Роналдо Мессигийн дөрөв дараалсан ноёрхлыг зогсоон өөрийнхөө хоёрдох алтан бөмбөгийг гардсан.


 2014 – МАНУЭЛЬ НОЙЕР

2014 оны ДАШТ-нд Германы шигшээ багтайгаа түрүүлж, тус тэмцээний шилдэг хаалгач болсон тэрээр Баейрн Мюнхен клубтэйгээ Бундес лиг болон  Холбооны цомд түрүүлсэн. Хүмүүс түүнийг домогт ЗХУ-ын Лев Яшинаас хойшхи дэлхийн шилдэг болсон анхны хаалгач болно гэж хүлээсэн ч тийм зүйл энэхүү жил болоогүй ээ. Түүний араас клуб болон шигшээ багт хамт зүтгэдэг Томас Мюллер болон 2014 оны ДАШТ-ний үеэр Италийн хамгаалагч Чьеллиниг хазаж дуулиан дэгдээсэн Урагвай довтлогч Луйс Суарез нар багтна. Луйс Суарез тухайн оны Английн Примьер лигийн шилдэг мэргэн буучийн шагналыг 31 гоолтойгоор хүртэж , баг нь хоёр ч цомын өрсөлдөөнөөс харамсалтайгаар хасагдсан.

Үнэндээ энэ жил нь : Кристиано Роналдо хоёр жил дараалж, карьертаа гуравдах удаагаа дэлхийн шилдэг боллоо.


 2015 – НЭЙМАР

2014-15 оны улиралд Барселонагийн урд шугамын Латин-Америк хослолыг барж идэх баг байсангүй. Нэймар ч Испаний Ла лигт 22 гоол, аваргуудын лигт 10 гоол тус тус оруулж багаараа треблэ хийсэн. Түүний араас тухайн улирал гайхалтай байсан Роберт Левандовски болон Луйс Суарез нар орох байв.

Үнэндээ энэ жил нь : Лионел Месси тав дах удаагаа дэлхийн шилдэг болж рекорд тогтоов.


 2016 – АНТУАН ГРИЗМАНН

Антуан Гризманн энэхүү улиралд гэнэт цойлон гарч ирж Францын шигшээ багтайгаа ЕАШТ-ний финалд хожигдсон бол Атлетико Мадрид клубтэйгээ аваргуудын лигийн финалд мөн хожигдсон билээ. Гэвч энэ нь түүнд алтан бөмбөгийг гардуулах хангалттай шалтгаан байсан. Харин Испаний Ла лигт 40 гоол, аваргуудын лигт 8 гоол тус тус оруулсан Луйс Суарез болон нийт 29 гоолд оролцсон аваргуудын лигийн аварга, Уэльсийн шигшээ багаа ЕАШТ-ний хагас шигшээ хүртэл хөтөлсөн Гарет Бэйл нар түүний араас “Баллон Д’иор”-ийг хүсэх байв.

Үнэндээ энэ жил нь : Кристиано Роналдо дөрөв дөх удаагаа дэлхийн шилдэг болсон.


 

 2017 – ЛУКА МОДРИЧ

Тиймээ хэрэв Роналдо , Месси хоёр байгаагүй бол Модрич арай өмнө нь дэлхийн шилдэг болох байлаа. Модрич энэхүү улиралдаа яг л 2011 оны Шави шиг байсан гэхэд хилсдэхгүй. Реал Мадрид клубын хамтаар УЕФА аваргуудын лиг болон Испаний Ла лигт түрүүлсэн. Тэгвэл удаах байруудад УЕФА аваргуудын лигийн финалд багаа хөтөлсөн Ювентус багийн амьд домог Итали хаалгач Жанлуиджи Буффон болон ПСЖ баг руу яваад удаагүй байсан Нэймар нар удаалах байлаа.

Үнэндээ энэ жил нь : Кристиано Роналдо тав дах удаагаа уг шагналыг хүртэж Мессиг гүйцсэн юм.


2018 – ЛУКА МОДРИЧ

Хэлэх шаардлага байхгүй та бүхэн түүнийг энэхүү улиралд ямар байсныг мэдэх биз. Аваргуудын лигийн аварга, холбооны цомын аварга, Хорватын шигшээ багаа ДАШТ-ний финал хүртэл авчирч өмнө нь Хорватын хөлбөмбөгийн түүхэнд хэзээ ч байгаагүй амжилтыг гаргасан тэрээр хоёрдох удаагаа уг шагналыг авах байлаа. Тэгвэл түүний хойно ДАШТ-нд түрүүлсэн Францын шигшээ багийн довтолгооны хослол болох Антуан Гризманн , энэ жилийнхээ дэлхийн тод од байсан Килиан Мбаппе нар зогсох байлаа.

Үнэндээ энэ жил нь : Лука Модрич анх удаа тус шагналыг хүртсэн.


 2019 – ВИРЖИЛ ВАН ДИК

2019 оны хөлбөмбөгийн ертөнцөд Виржил Ван Дик болон түүний Ливерпул багийг дийлэх баг үнэндээ олдоогүй. УЕФА аваргуудын лигт түрүүлж, 2019 оны Европын шилдэг тоглогч, Нидерландын шигшээ багтайгаа 2019 оны Үндэстнүүдийн лигийн дэд аваргаар тодорсон. Тэрээр уг шагналыг авсан 2006 оны Фабио Каннаварогоос хойшхи анхны хамгаалагч болох байлаа. Түүний араас багийнх нь довтолгооны хослол Садио Мане , Мохамед Салах нар тус тус Европын тавцанд 22 гоол оруулснаараа бичигдэх байлаа.

Үнэндээ : Лионел Месси зургаа дах удаагаа дэлхийн шилдэг болж рекордоо дахин шинэчлэлээ.

Ийнхүү Роналдо , Месси гэсэн агуу хөлбөмбөгчдийн эрин үед ямар олон гайхалтай тоглогчид хохирч үлдснийг харсан биз ээ.Харин дараа жил Кристиано Роналдо , Лионел Месси  хоёр ахин дэлхийн шилдэг болох уу ? Эсвэл шинэ дэлхийн шилдэг  төрөх үү ?

                                                                                                                                    Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж