Тоёота Мотор Корпораци нь хэт авсаархан BEV-г (батерейт цахилгаан тээврийн хэрэгсэл) 2020 онд Японы зах зээлд нийлүүлэхээр болжээ. Аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-ны хооронд зохион байгуулагдсан “Toкио Мотор Шоу 2019”-ийн “Future Expo” үзэсгэлэн дээр танилцуулсан энэхүү тээврийн хэрэгсэлүүд нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулсан, богино зайн зориулалтын тээврийн хэрэгсэл юм. Энэхүү тээврийн хэрэгсэлүүд нь 2019 оны зургадугаар сарын 7-нд урьдчилсан байдлаар танилцуулж байжээ.
Тоёота Мотор Корпорацийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны дарга Акихиро Янака “Бид Япон улсын өндөр насжилттай нийгэмд нэн шаардлагатай бүхий л түвшний амьдралтай хүмүүст зориулсан хөдөлгөөний эрх чөлөөг олгох шийдлийг эрэлхийлж байна. Хэт авсаархан BEV тээврийн хэрэгслийг бүтээснээр бид хэрэглэгчдэд илүү бие даасан байдлыг амлахаас гадна зай талбай бага эзэлдэг, дуу чимээ багатай, хүрээлэн буй орчинд ээлтэй технологийг хөгжүүлж байгаадаа баяртай байна” хэмээн хэлжээ.
Хэт авсаархан, хоёр хүний суудалтай BEV нь ахмад настнууд, шинэ жолооч нар зэрэг богино зайд жолоодлого хийх хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг хангахад зориулагдсан. Нэг цэнэглэлтээр ойролцоогоор 100 км зайг туулах бөгөөд дээд тал нь 60 км/ц хүртэл хурдлах чадалтай, маш жижиг зайд эргэлт хийх боломжтой тээврийн хэрэгсэл юм.
Богино зайн BEV нь дараах таван төрөлтэй:
▽Ultra-compact BEV Concept Model for Business- Аялах, ажиллах, завсарлага авах гэсэн гурван горимоор ажилладаг нэг төрлийн “хөдөлгөөнт оффис”-ийн зориулалттай машин
▽Walking Area BEV Standing Type – Нисэх онгоцны буудал, үйлдвэр гэх мэт том байгууламжийн орчимд эргүүл, аюулгүй байдлын шалгалт хийхэд зориулагдсан загвар
▽Walking Area BEV Seated Type – “Seated type” буюу суудалтай төрөл нь их хэмжээний ачаа зөөх эсвэл алхахад бэрхшээлтэй хэрэглэгчдэд зориулагдсан загвар
▽Walking Area BEV Wheelchair-linked Type – Тэргэнцэртэй холбох боломжтой загвар. Жижиг оврын моторт чирэгчийг тэргэнтцэртэй холбосноор том хэмжээний байгууламж дотор болон аялал жуулчлалын цогцолбор гэх мэт газруудад тэргэнцэртэй хүн өөрөө бие даан саадгүй явах боломжийг олгоно.
▽ Toyota i-ROAD – “Toyota i-ROAD” бол богино зайн тээврийн хэрэгсэл. Ерөнхийдөө мотоциклийн илүү сайжруулсан, тогтвортой хувилбар бөгөөд хот дотор зорчиход тохиромжтой загвар.
Эх сурвалж: Тоёота Сэйлс Монголиа ХХК
Холбоотой мэдээ