Монголд байдаггүй амьтан цуглуулагч

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Монголд байдаггүй амьтан цуглуулагч

Монголд байдаггүй амьтан цуглуулагч

Монголд амьтан сонирхогч залуус зөвхөн муур, нохой тэжээхээр хязгаарлагдахаа больж, аалз, хилэнц, матар, могой, өмхий хүрэн,  ховор төрлийн загас гэх мэт халуун орны, зэрлэг амьтад тэжээх, түүнийгээ хобби болгосон нь цөөнгүй. Тэдний сонирхол, эрэлт хэрэгцээнд зориулж цөөхөн л амьтны дэлгүүр хилийн дээсийг давж, олон мянган км-ийг туулсаар ховор төрлийн амьтдыг авчирч зардаг. Зарим тохиолдолд Монголдоо хайгаад ч олдохгүй бол өөрсдөө зорьж авах нь бий. Бид энэ удаагийн сурвалжлагаараа  амьтан тэжээхийг өөрийн хобби болгосон Ганбаярын Сугарыг онцолж байна. Түүний хувьд 10 нэр төрлийн амьтантай.


Сансарын Баянцээл дэлгүүрийн орчимд нэгэн орон сууцны подволд амьтдынх нь “гэр” бий. Бид тэднийхээр зочилсон юм. Өдгөө 30 настай, ПРОЛОГ СОЛЮШН ХХК-ны борлуулалтын хэсгийн даргаар ажилладаг  Г.Сугар тэжээвэр амьтдадаа зориулан тусгайлан “гэр” бэлдсэн нь сонирхолтой. Тэр хэчнээн завгүй, ажил ихтэй, ядарсан байсан ч гэр бүлийнх нь гишүүн болсон амьтдаа эргэж тойрохгүй бол санаа нь амардаггүй гэнэ. Хоол ундыг нь өгөх, усыг нь солих, гэрлийг нь тааруулах, дулаан, чийгийг нь шалгах, тэднийгээ эрхлүүлэх гээд дор хаяж  нэг цаг зарцуулдаг аж.

Хурц тод гэрэлтэй өрөөгөөр орвол аквариум дахь загаснуудаас эхлээд л нүд хужирлах  говийн гүрвэлээс сахалтай луу /Bearded Dragon/,  Гикон төрөл/Leopard Gecko/, цэнхэр хэлт /Blue tongue skink/ индонез гүрвэл гэх мэт зургаан төрлийн гүрвэл, могой, sugar glider монголоор орчуулбал уутат олби оготно зэрэг хүйтэн цуст хэвлийгээр амьтад анхаарал татахгүй байхын аргагүй. Ийм төрлийн амьтан тэжээх нь түүний хувьд бас хобби нь аж.

Эдгээр амьтад нь Монголд төдийлөн байдаггүй тул ихэвчлэн олон зуун км-ийн цаанаас хилийн дээсийг давж амьтан үржүүлгийн газраас зорьж авч байсан түүхтэй аж. Тухайлбал, монголчуудын дунд хүүхэлдэйн кинонд гина матар гэдгээрээ зүрхэн хоногшсон танил амьтан бол siamese Crocodile нь дундаж хэмжээний биетэй, цэнгэг усны матар. Биеийн хэмжээгээрээ тийм ч их томордоггүй энэ амьтныг Г.Сугар Хятадын амьтан үржүүлгийн фирмээс ойролцоогоор сая гаруй төгрөгийн үнээр авчээ. Энэ төрлийн матар нь Зүүн Өмнөд Азийн орнуудад Тайланд, Малайз, Камбожи зэрэг улсад  зөөлөн урсгалтай гол, нуурт амьдардаг энэ амьтан сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас болж ховордсон тул фирмд үржүүлэх болсон байна.

Г.Сугарын тэжээж буй хүйтэн цуст амьтад жимс, ногоо, бууцай, мах зэрэг элдэв идэштэй боловч ихэвчлэн шавж, хорхой, хулгана гэх мэт “амьд хүнс”-ээр хооллодог аж. Тэр амьтдадаа шаардлагатай амин дэмийг нь өгөх, эрүүл чийрэг байлгахын тулд “амьд хүнс”-ээр хооллохоос өөр аргагүй гэдгийг хэлж байлаа. Харамсалтай нь мөлхөгч амьтан тэжээдэг залуус цөөхөн, дээр нь “амьд хүнс”-ийг монголоос олно гэдэг ховрын бараа гэнэ. Гэхдээ мөлхөгч амьтан тэжээдэг залуусын хүсэл сонирхолд нийцүүлж “амьд хүнс” үржүүлдэг хүн гарын арван хуруунд тоологдохоор нэмэгдэж байгаа нь сайшаалтай  ч юм шиг.

Г.Сугарын хувьд хообийндоо зориулж нийт долоон сая гаруй төгрөг зарцуулсан байна. Гэхдээ худалдан авсан өртөг, зардлаас илүү түүний хувьд амьтад нь гэр бүлийнх нь гишүүн гэж хэлж болохоор болсон тул мөнгөнөөс илүү үнэ цэнтэй, эрхэм нандин аж. Түүний хүүхэд нас  аалз барьж тэжээх, нохой, муур, аквариумын загас гэх мэтчлэн амьтантай салшгүй холбоотой өнгөрчээ. Ингээд Г.Сугартай ярилцсан юм.

Монголчууд ихэвчлэн муур, нохой тэжээх нь түгээмэл. Харин хүйтэн цуст төрлийн амьтад тэжээх нь их ховор байдаг байхаа. Таны хувьд матар, могой, загас, гүрвэл гэх мэт олон төрлийн амьтад тэжээдэг юм байна. Энэ талаар түүхээсээ хуваалцахгүй юу?

Хүүхэд байхын л амьтан тэжээх сонирхолтой байсан. Тухайн үед  ховор амьтад тэжээх боломж бололцоо Монголд маш бага байсан. Нохой, муураас эхлээд л янз бүрийн амьтан тэжээж байсан, аалз хүртэл барьж тэжээж байлаа. Ер нь миний хүүхэд нас амьтантай салшгүй холбоотой. Их сургуулиа 2012 онд төгсөөд байна аквариумын загас тэжээж. Нэр төрлийг нь ч бас олшруулж, Монголд байхгүй ховор төрлийн загаснууд авч ирэхэд бага ч гэсэн хувь нэмэрээ оруулсан гэж боддог. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүйтэн цуст мөлхөгч амьтад сонирхож, тэжээж байна.  Энэ төрлийн амьтдыг тэжээхэд  хуурай ах Эрдэнэтүшиг маань зааж зөвлөж тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Тэр хүн мэргэжлийн мөлхөгч амьтдыг судалдаг хүн л дээ.

-Одоогоор хэдэн төрлийн амьтад тэжээж байна. Жишээ нь, гүрвэл гэхэд л маш олон төрөл байх шиг, хэдийгээр нэг төрлийн амьтад ч гэсэн хоорондоо дасан зохицох, эсвэл таарамжгүй байх гэх мэт асуудал үүсдэг үү?

– Би зургаан төрлийн гүрвэлтэй. Хоёр могой, матар, sugar glider буюу монголоор тогтсон нэршилгүй уутат олби оготно, загас   зэрэг 10 өөр төрлийн амьтан тэжээж байна. Сонирхуулж хэлэхэд, говийн гүрвэл /могой гүрвэл ч гэж нэрлэж болно/, сахалтай луу / Bearded Dragon /,  Гикон төрөл/Leopard Gecko/, Нохой гүрвэл/ Wonder gecko/, цэнхэр хэлт / Blue tongue skink / индонез улсаас гаралтай гүрвэл байна. Зарим гүрвэлүүд хүйс нь багаасаа ялгагддаг. Гүрвэлийн хамтарч амьдрах таарамжийг нь харвал амьтдын идэвх таардаг байх ёстой. Өдөр нь тайван боловч шөнийн идэвхтэй байдаг амьтантай хамт өдрийн идэвхтэй хурдан хөдөлгөөнтэй амьтныг хамт тэжээж болохгүй. Хэрэв хамт тэжээвэл стресстэх, нэгийнхээ орчинд нөлөөлөх гэх мэт асуудал үүсдэг. Монгол орны гүрвэлүүд хахир хатуу уур амьсгалд дасан зохицох чадвар өндөр хуурай сэрүүн нөхцөлд амьдардаг бол халуун орны гүрвэл гэхэд л аль болох чийглэг дулаахан таатай нөхцөлд амьдардгаараа ялгаатай. Идэш тэжээлийн хувьд ургамал, махан идэшт гэх мэт янз бүр. Жишээ нь, сахалтай луу буюу Bearded Dragon бол багадаа хорхой шавж гэх мэт уургаар баялаг хоолноос биед хэрэгтэй амин дэмээ авч байдаг. Нас биед хүрэхээрээ бууцай, жимс жимсгэнэ, хорхой шавж иднэ. Ерөнхийдөө элдэв идэштэй. Миний тэжээж буй гүрвэлүүд ихэнх нь л махан идэштэй. Цэнхэр хэлт бол их махчин. Индонез, Зүүн Өмнөд Азиудын орнуудын арлуудаар элбэг. Онцлог нь цэнхэр хэлтэй, байгаль дээр маш цөөхөн төрлийн амьтад байдгийн нэг нь. Зарим төрлийн могой, анаашны хэл цэнхэр байдаг шиг цэнхэр хэлтэйгээрээ онцлог. Идэшний хувьд махчин. Тахианы цээж мах, нохой муурны зориулалтын шингэн хоол, хорхой шавж иднэ. Энэ амьтны хувьд харьцангуй тайван, удаан хөдөлгөөнтэй, амьтантайгаа харьцаж болдог учраас тэжээвэр амьтан болгож гаршуулах боломжтой.

-Хүйтэн цустай, хэвлийгээр явагч амьтдыг тэжээвэр болгоход хүнд дасах, эзнийгээ таних чадвар нь хэр байдаг бол?

-Мөлхөгчдийн хувьд нохой муур шиг хүнд дасах үйлдэл харьцангуй бага. Нохой, муур гэхэд л эзнийгээ таниад баярлах, бусад хүнээс харамлах хариу үйлдэл үзүүлдэг бол мөлхөгч амьтдад хүн таних чадвар бага. Гэхдээ гүрвэл, могой, матар тэжээж байгаа бол тухайн амьтантайгаа ойр ойрхон харьцаж байх ёстой. Харьцана гэдэг бол тухайн амьтан хүнээс айхгүй байх, биеэ хамгаалах сөрөг хандлага гаргахгүй гэсэн үг. Харин тухайн амьтантайгаа огт харьцдаггүй, хэт даарах, гэнэт орчныг нь сольсон тохиолдолд стресстэж хариу үйлдэл үзүүлдэг. Уутат олби оготно гэхэд л сонин авиа гаргаж байгаа нь орчныг нь сольсонтой холбоотой стресст орж, цочирсон байгаа юм. Жижиг торонд хийж, хүйтэнд зөөвөрлөсөн тохиолдол стресстэнэ. Могой, гүрвэл ч ялгаагүй цочролд орохоороо чимээ гаргана, биеэ хураана, эсвэл биеэ том болгож харуулна. Могойны орчныг нь сольж хол зайд удаан тээвэрлэсэн тохиолдолд сар хүртэлх хугацаанд хоол идэхгүй байх тохиолдол ч байдаг.

-Монголчууд могойг лусын амьтан гэдэг шүү дээ. Энэ утгаараа могой тэжээж байна гэж дургүйцэх тохиолдол бий юу. Гэрт тэжээхэд хэр аюултай вэ?

– Одоогоос нэг, хоёр жилийн өмнө могой тэжээдэг хүмүүсийг харахдаа төдийлөн ойлгогдоогүйгээс болж лусын амьтны хорлол болох вий, эвгүй заваан юм гэх зэрэг дургүйцэх тохиолдол байсан. Сүүлийн үед хэвлийгээр явагч, хүйтэн цуст амьтад тэжээх сонирхолтой хүүхэд залуус их нэмэгдэж байна. Нохой, муур тэжээдэг хүмүүстэй харьцуулахад хүйтэн цуст хэвлийгээр явагч амьтад тэжээдэг хүн их цөөхөн. Миний хувьд хоёр төрлийн могой тэжээж байна. Шар өнгийн  судалтайг нь  Ball Python гэж нэрлэдэг. Тэжээвэр амьтад болгосон могойнуудаас хамгийн найрсаг, нөхөрсөг гэдгээрээ дэлхийд эхний гуравт эрэмблэгддэг. Ихэвчлэн хулгана, жижиг биетэй шувуу, мөлхөгч төрлийн амьтдаар хооллодог. Хоргүй болохоор хүмүүс тэжээх сонирхолтой байдаг. Дээр нь аварга могойны төрөл зүйлд багтдаг. Аквариумын нөхцөлд 1 м 20 см- 1 м 40 см хүртэл өснө. Зарим төрлийн Python могой нь 5-10 м болох тохиолдол байна. Нөгөөх нь хар өнгөтэй, хаан могой нэртэй/Mexican Black Kingsnake/. Учир нь өөрөө хоргүй ч гэсэн бусад төрлийн хортой хоргүй могойг барьж иддэг тул дэлхий нийтэд хаан могой гэж нэрлэсэн. Өнгөний хувьд ч гэсэн содон болохоор хүмүүс их тэжээх сонирхолтой. Хүмүүст сонирхуулж хэлэхэд могой эзнээ таних гэсэн зүйл байхгүй. Харин дасгаж аюулгүй гэсэн ойлголтыг өгч болно. Хэдийгээр хоргүй могой ч гэсэн огцом үйлдлээр удаа хүрэхэд хазах үйлдлүүд гарна. Энэ үед сандрахгүй байх ёстой. Могойд хүрэхдээ сонин эсвэл зөөлөн материал ашиглаж амьтандаа ойртож дасах, дараа нь аюлгүй гэсэн тохиолдолд гаран дээрээ тавьж болно. Хазуулсан тохиолдолд ариутгах уусмалаар цэвэрлэх, шаардлагатай тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.

Хүйтэн цустай амьтад ихэвчлэн халуун, чийглэг орных байдаг л даа. Халуун орны гүрвэл, матар бас сүүлийн үед хүүхэд залуусын сонирхох болсон sugar glider зэрэг амьтан Монголын нөхцөлд хэр дасан зохицох, амьдрах чадвартай байдаг вэ?

-Хүйтэн цустай амьтадын хувьд бид зохиомлоор дулаан өгөх ёстой. Нарны хэт ягаан туяанаас эхлүүлээд орлуулах зохиомол гэрэл өгөх шаардлагатай байдаг. Мөлхөгч амьтадыг дээрээс нь халааж өгөх хэрэгтэй. Температурын хувьд 28 градусаас дээш халуунд амьдарч байна. Зарим нь 40 хүртэл градуст амьдрах боломжтой. Хамгийн хэцүү нь өвлийн улирал. Тиймээс дулаан, чийгшлийг нь маш сайн анхаарах хэрэгтэй болдог. Зуны улиралд бол зарим нэмэлт гэрлүүдээ авч хаядаг, анхаарал бага шаарддаг.

Хүүхэд залуус олби оготно тэжээх их сонирхолтой болсон байх шиг. Гэрт тэжээх онцлог нь?

Жишээ нь, sugar glider монголоор орчуулбал уутат олби оготно гэх юм уу даа. Нэг төрлийн хөхтөн амьтан. Хорхой шавж, жимс ногоо гэх мэт элдэв идэштэй ч жимсэнд их дуртай. Австрали, Шинэ Гвинейн арлууд Индонезиос гаралтай. Гэрийн тэжээвэр амьтан болгох болсон. Байгальд модон дээр амьдардаг, холтосыг нь хуулж шим шүүсийг нь уух, ургамал иддэг, нисч буй шавжуудыг үсэрч барих онцлогтой. Энэ амьтан маань урд хөлнөөс хойд хөлний хооронд нимгэн арьсатай. Энэ нь  богино зайд тодорхой хэмжээнд нисэх үүргийг гүйцэтгэдэг. Уг арьсныхаа тусламжтай модноос мод  дамжихад 1-2 метрийн өндөрт чөлөөтэй дүүлдэг болохоор их сонирхолтой. Гэрт тодорхой хэмжээний нислэг хийдэг. Гэрийн нөхцөлд том торонд тэжээнэ. Тодорхой хэмжээний дулаан хэвтэртэй байх хэрэгтэй. Стресттсэн үедээ дуу авиа гаргах, биеэ хамгаалах, зугатаах, чанга барих үед хазаж маажих үйлдэл гаргана. Амьтан тэжээж байгаа бол ариун цэвэрийг маш сайн сахих нь чухал.

-Ховор амьтан тэжээх нь хообий ч гэсэн олдоц нь хэр байдаг юм. Ялангуяа мөлхөгч амьтад амьтны дэлгүүрүүдэд төдийлөн харагддаггүй. Одоо тэжээж буй амьтадаа хаанаас авч байв?

-Ихэвчлэн фирмийн үржүүлсэн амьтад байдаг. Зарим төрлийн амьтад нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн ховордсон. Хэрэв хүн гаршуулж үржүүлсэн тохиолдолд албан ёсоор худалдаалах эрхтэй. Зарим амьтдаа монголоосоо авсан. Хэвлээр явагч, мөлхөгч амьтад сонирхдог хүмүүст зориулсан дэлгүүр байдаг. Гэхдээ ихэнхийг нь гаднаас зорьж авчирсан. Манайд байгаа Siamese Crocodile нь дундаж хэмжээний биетэй, цэнгэг усны матар. Зүүн Өмнөд Азид амьдардаг. Тайланд, Малайз, Камбожид зөөлөн урсгалтай голуудад, мөн нууранд элбэг байдаг. Сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа учраас фирмд үржүүлэх болсон. Энэ төрлийн матрыг би Хятадад үржүүлгийн газраас авч байсан. Махаар хооллодог, одоо хоёр сартай.

-Таны хувьд хүүхэд байхдаа загас тэжээж эхэлсэн гэхээр багагүй туршлагатай болсон байх. Загас тэжээхэд хүнээс хэр их арчилгаа, цаг шаарддаг  уу. Хүмүүсийн дунд усыг нь солиход л хангалттай гэх түгээмэл ойлголт байдаг шүү дээ. Бас загас сонирхдоггүй хүмүүсийн хувьд аквариумд л байдаг ач холбогдолгүй амьтан гэж үздэг. Таны бодлоор энэ амьтны онцлог давуу талыг нь хэрхэн үнэлж хардаг вэ?

Арчилгааны хувьд загас бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Загасны талаарх сайн ойлголт мэдээлэлгүй хүн загасны усыг нь солиход л хангалттай гэж үздэг. Үнэндээ маш их арчилгаа шаарддаг амьтан. Хүнээс их анхаарал, халамж шаарддаг. Мэдээж загасны ашигтай давуу талууд олон бий. Монголд ихэвчлэн цэнгэг усны загас тэжээх нь түгээмэл. Энэ дундаа Өмнөд Америк, Зүүн Азийн орон, Африк гэх мэт төрлөөр нь ангилахад загас бүр өөр өөрийн гэсэн зан характер, амьдрах орчин, усны шүлтлэг, хооллолт бүхэн нь өөр хоорондоо адилгүй. Олон улсад загасны таарамжийн хүснэгт гэж байдаг. Анхлан сонирхогчид хүснэгт харж, тэжээж болно. Усны мандлаар явдаг, гүн усны, урсгал ихтэй усанд амьдардаг зэрэг загас болгон хоорондоо ялгаатай учраас тухайн амьтныг маш сайн судалж, орчныг нь бүрдүүлсний дараа тэжээх хэрэгтэй.

-Тухайлбал, аквариумд буй загаснуудынхаа нэр төрлийг сонирхуулахгүй юу. Бас ?

Аквариумд зургаан төрлийн загас байна. Ихэвчлэн алтан загаснууд. Гэхдээ дотроо маш олон төрөл. Зарим загаснуудаа гэртээ тэжээдэг. Дунджаар өдөрт хоёр удаа хооллох, долоо хоногт 1-2 удаа усыг нь сэлгэх байдлаар арчилгаа цаг хугацаа шаардагдана. Арчилгаа их шаарддаг загаснуудаа гэртээ тэжээж байна. Амьтан сонирхож байгаа хүүхэд залуус амьтнаа л худалдаж авах тэжээх сонирхолтой байдаг. Үүнээс өмнө амьдрах орчныг нь бүрдүүлж, хоол хүнсийг нь анхаарч чадвал тэжээж буй амьтан нь эрүүл, тухтай орчинд өснө шүү дээ.

-Амьтаддаа зориулж тусгай байр гаргасан байх шиг байна. Гэртээ тэжээх боломжгүй байсан уу?

– Хобби гэдэг утгаараа урланд тусгай байр гаргаж тэжээж байгаа юм л даа. Гэрт тог цахилгааны асуудлаас эхлээд олон сав, аквариум байх нь тийм ч тохиромжтой биш. Тийм болохоор амьтаддаа зориулж тусгайлан байр гаргах нь чухал гэж үзсэн. Амьтад маань ч бас өөрсдийн гэсэн орчинтой байх эрхтэй шүү дээ.

Хүнс тэжээлийн хувьд хэр анхаардаг вэ. Шаардлагатай бол шавж хорхой өгдөг байх. Амьд хүнсний олдоц нь хэр байдаг бол?

Монголд хүрэлзгэнэ, элдэв төрлийн хоолны зориулалттай шавж маш бага. Үүнийг хобби сонирхлынхоо хэмжээнд хуурай ах маань үржүүлж, ховор амьтад тэжээдэг хүмүүст боломж олгож буйд талархах нь зүйтэй болов уу. Могойнуудыг туршилтын цагаан жижиг хулгана гөлчгийгөөр хооллоно. Гүрвэлүүдийг тогтмол амьд шавжаар хооллоно. Цэнхэр хэлтийг ч бас амьд шавжаар хооллоно.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж