Монголд орчин цагийн хип хоп урлаг хөгжөөд 30 жил болж байна. Хөгжлийнхөө явцад old school, new school, trap урсгалууд ч хүчтэй хөгжиж, Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг реппер залуус хүч түрэн орж ирсэн. Тэдний төлөөлөл бол реппер Pacrap буюу Х.Ундрах юм. Түүний хувьд 2016 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн ч өнгөрсөн аравдугаар сарын эхэнд цацагдсан “Give me justice” дуу нь хип хопын гал тогоонд дутагдаад байсан old school урсгалын эргэн авчирсан гэхэд буруудахгүй. Pacrap тус уран бүтээлээс хойш “Рашаантын 18”, “Үр” нэртэй дуугаа гаргаад буй. Ингээд Монгол дахь 2PAC-ийн хамаатан хэмээн өөрийгөө тодорхойлсон Pacrap-тай ярилцсанаа хүргэе.
-Pacrap хэзээнээс rhyme бичиж эхэлсэн бэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
–Би амьдралынхаа ихэнхийг Хөвсгөлийн Мөрөнд өнгөрүүлсэн. Одоогийнхныг бодвол 2010 онд Мөрөнд фм-ийн студи их ажилладаг байж. Тухайн үед манай найз “Чи хоолойгоо бичүүлээд үзэх үү” гэхээр нь сонирхоод “Амьдралын үнэ цэнэ” нэртэй дууныхаа үгийг шууд бичээд орж байсан. Түүнээс хойш дуу хийгээгүй ч гэсэн rhyme бичиж спортоор бол бие халаалтаа хийсээр ирсэн л дээ. Тэгж явсаар 2016 онд "Unbox” студид “Deadpool” нэртэй дуу гаргаад түүнээс хойш эрчимтэй уран бүтээл хийж байна. Миний ихэнх уран бүтээлүүд нийгэм рүү хандсан байдаг бол зарим дуу хайрын тухай өгүүлэх нь ч бий. Одоогоор 20-30 дуутай болсон байна.
-Үгээ хэрхэн бичдэг бэ. Арга барил байдаг уу?
-Би үгээ хоёр төрлөөр бичдэг. Нэг бол сэдвээ бодож байгаад эхний хэдэн мөртийг нь буулгачихдаг. Тэгээд үгэндээ тохирсон ая олтлоо хүлээнэ. Аливаа зүйлд эгзэг нь таардаг мөч байдаг шүү дээ. Нөгөөх нь ая сонсоод тухайн аяныхаа мөн чанарыг нь ойлгочихвол сэдэв нь тодорхой болчихдог. Өөрөөр хэлбэл, аян дотроо сэдэв нь агуулагддаг. Хааяа гадуур алхаж явахав ганц нэг мөр орж ирэхээр утсан дээрээ тэмдэглээд авчихдаг. Надад үг бичих онгод гэдэг зүйл нь байдаг юм шиг байгаа юм. “Рашаантын 18” дууны эхний бадгийг өглөө машинаа халаах зуур бичсэн. Би ер нь бичвэртээ дахин засвар оруулдаггүй. Надад Бавуугийн Лхагвасүрэн агсны хэлсэн “Онгод гэдэг бодсон бодол ханах цэг юм. Онгод бол ханасан бодол, бичих хүсэл хоёрын уулзвар” гэдэг үг надад их таалагддаг.
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон уран бүтээл гаргасан ч сонсох хүрээлэл багатай байсан юм шиг ээ. “Give me justice” дуугаар өөрийг тань олон залуус мэддэг болж. Өнөөдрийн байдлаар youtube хуудаснаа 24 мянган хүний хандалттай байна. Энэхүү дуу нь яагаад олон хүний анхаарлыг татаж сонсох дуртай дуугаар нэрлэгдэх болсон шалтгааныг юу гэж харж байна вэ?
–Хип хопт оld school урсгал дутагдаж байсан байх. Тэр орон зайг би олж харсан нь маргаангүй зөв сонголт байсан юм болов уу. Сонсогчид ч мөн адил тус урсгалыг сонсохыг хүсч байсан гэдэг нь харагдаж байсан. Би “Give me justice” дууныхаа үгийг өнгөрсөн зун Хөвсгөл далайн эрэг дээр бичсэн. Дууны эхний хоёр мөр болох
“Өнөөдөр сэтгэл нэг л тавгүй тархинд дотор бодол завгүй.
Өөрийн хүнээ цагдаад баригдсаныг сонсон өглөө сэрлээ.
Мөнгөгүй болохоороо шийдэгдээгүй хэргийн гэмт хэрэгтэн.
Шударга ёсыг эрх мэдэл дийлсэн болохоор гэмт хэрэгтэн” гэх хэсэг толгойнд байсан.
Үлдсэн хэсгийг нь Хөвсгөл далайг ширтэж байхдаа бичсэн. Монголчууд ямарваа нэгэн хэрэг боллоо гэхэд нэг хэсэг шуурч, сэвж байгаад хурдан мартчихдаг. Үүнийг л сануулж, сонсгохын тулд мартахгүй гэсэн сэдэвтэй дуу хийнэ гэж бодож явсан маань “Give me justice” дуу болж сонсогчдод хүрсэн. Дуу маань олон хүнд таалагдсан сэтгэл хангалуун байгаа. Ер нь миний дараа, дараагийн уран бүтээлүүд улс төр рүү хандсан дисс байх болно. Одоогоор судалгааны шатандаа явна. Цаашлаад би улс төрийн яруу найрагч болчих ч юм бил үү. /инээв/
-“Чи улс төрийг сонирхохгүй байж болно улс төр чамайг оролдоно” гэсэн үг байдаг. Репперүүд улс төрийг шүүмжлэлээ гээд улс орны гажуудал засарна гэж үү?
–Өнөөдөр би хийх дуртай репээ үглээд, хайртай хүмүүстэйгээ сайхан амьдарч болно. Тэглээ гээд ганцхан миний амьдралаар Монгол Улсын нийт хүн амын амьдрал хэмжигдэхгүй шүү дээ. Гадуур явахаар мөнгө гуйгаад сууж байгаа жоохон хүүхэд, гадаа бараа ширхэглэж зараад сууж байгаа өвөө, эмээ нарыг харахаар дотор хачин болдог. Тэдгээр хүмүүс сайхан нийгэмд санаа амар амьдрах ёстой.
Урлаг бүхнээс хүчтэй гэдэгчлэн би эхний ээлжид уран бүтээлээрээ залуучуудыгаа уриалж нэгтгэхийг хичээнэ. Улстөрд залуучуудын оролцоо чухал болов ч залуучууд улстөрийг сонирхдоггүй. Ядаж залуучууд бид сонгуулиа өгчихдөг болмоор байна.
Хэрэв бид хандлагаа өөрчилж илүү хариуцлагатай байж чадах юм бол улстөрд цэвэрлэгээ хийж чадна. Миний бодлоор монголын улс төр болон нийгмийн хүрээнд шинэ залуу үе гарч ирэхийг шаардсан хүлээлт үүсээд байгаа. Залуусын улс төр дэх оролцоо, тэдний шинэ хандлага Монголын нийгмийг улс төрд урагш чирж явахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж би боддог.
Миний уран бүтээлийг сонсдог намайг дэмждэг хүн байхад шүүмжлэх хүмүүс ч бий. Гэхдээ хүмүүс намайг шүүмжилж, муулж байна гэдэг нь тэд намайг сонсч байгааг л илтгэж байгаа хэрэг. Тиймээс энэ надад асуудал биш. Харин залуучууд материалист үзэлд хэт автаад буруу амбиц хөөгөөд байгаа нь л асуудал болоод байна. Би “Рашаантын 18” дуун дээрээ “Хүн ер нь тарган, туранхай өндөр, нам чухал биш гэдгийг та нар ухаарч ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь хүний сэтгэл чамд, итгэх итгэл чухал” гэж хэлдэг. Би үүгээрээ юу хэлэхийг хүсээд байна вэ гэхээр хүнийг гаднах үзэмжээр нь дүгнэх нь өрөөсгөл гэдгийг бүгд мэддэг, ярьдаг мөртлөө яагаад бодит байдал дээр үнэн байж чаддаггүй юм бэ?
ААВ, ЭЭЖДЭЭ ХҮҮ НЬ ДЭМИЙ ЯВААГҮЙ ГЭДГИЙГ БҮРЭН ДҮҮРЭН БАТЛАХ ТОМ БОЛОМЖ ОЛДСОН
–Тэгвэл өөрийг тань уран бүтээлээрээ амбицалдаг гэж ойлголоо. Ингэхэд реппер бүр дуун дээрээ өөрсдийгөө “үнэн” гэж өргөмжлөх юм. Pacrap-ийн хувьд үнэн байж чаддаг уу?
-Би өмнө нь их үндсэрхэг үзэлтэй байсан. Тэглээ гээд хэзээ ч Чингис хааны монгол гэж цээжээ дэлдэж яваагүй. Арван жилд байхад би найзтайгаа Японы монгол судлаач Кимура Аяако "Тархины тураал" нийтлэлээс болж огт санал нийлдэггүй, маргадаг байлаа. Манай найз тус нийтлэлийг уншаад монголчуудын бодит байдлыг үнэнээр хэлсэн гэж боддог байсан бол би эсрэгээрээ үндсэрхэг үзлээрээ хандан хаа байсан японы хүн монголчуудыг ингэж хэлдэг юу юм гэх хандлагаар хандаж байсан. Гэхдээ хожим бодоод байхад тухайн үед манай найз, надаас илүү сэтгэсэн байгаа юм.
Би нас бие гүйцээд нийгмийг хараад л найзынхаа бодол зөв байсныг ойлгосон. Зөв, үнэн үг хэлж байгаа хүн аль улсын хэн байх нь хамаагүй. Шүүмжлэлийг бодитоор хүлээж авах ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгосон л доо. Би дараа нь найздаа “Чиний зөв байсан шүү” гэдгийг ч хэлсэн. Одоо ингээд ярихаар хүмүүс намайг үнэн биш, үзэл бодолдоо туйлбаргүй гэж бодож магадгүй. Гэхдээ хүн үзэл бодолдоо үнэнч байлаа гээд бодлоо цэгцэлж, шинэчилж чадахгүй бол хөгжихгүй, урагшлахгүй. Нэг байрандаа л үлдэнэ. Хүний бодол цагийн эрхэнд өөрчлөгдөж болно. Өмнө нь бодож байсан зүйл буруу гэдгийг хожим ухаарахаар би үнэн байхаа болино гэсэн үг биш. Цаг хугацаанаас үл хамааран үнэнийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг л дээ.
-Өөрийгөө яагаад 2Pac-ийн Монгол дахь хамаатан гэж тодорхойлсон бэ. Ямар нэгэн түүх байгаа байх л даа.
– Би 2Pac-ийг арван жилээсээ сонсч өдийг хүсэн. Одоо ч сонсож л байна. Хамгийн анх сонсоход түүний дууны үг, хэмнэл, хүч нь таалагдсан. Дараа, дараагийн удаагаас дуунуудых нь үгийг орчуулж, янз бүрийн нэвтрүүлгийг нь үзэж, түүний үзэл баримтлалыг нь судалж үзээд бүр ч дуртай болсон.
2Pac олны танил болохоос өмнө 17-хон насандаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Цагаан ордны хүмүүс ядуустай солигдож амьдарч үз. Борчуулыг цагаан ордонд амьдруул даа. Та нар яагаад тэгэхгүй байгаа юм бэ? Тэгж байж та нар ялгааг нь мэднэ шүү дээ” гэсэн байдаг.
Ингэхдээ тэр үгсийг маш даацтай зүрхэнд орохуйц хэлдэг. Би 2Pacшиг эрэмгий, зоригтой байхыг хичээдэг. Сэтгэлээр унах, шантрах үедээ түүний ”life goes on”, “better dayz”, “Happy home” гэхчлэн гоё, гоё дуунуудыг сонсч урам зориг авдаг.
–Ингэхэд одоо ярианы сэдвээ уран бүтээлээс хөндийрүүлээд өөр сэдэв рүү орцгооё. ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Архитектурын ангид сурч байгаад дөрөвдүгээр курсээсээ чөлөө авсан гэсэн. Эргээд сургуульдаа сурах бодол байгаа юу?
–Үнэнийг хэлэхэд сургуульдаа эргэж сурмааргүй байна. Би элсэлтийн шалгалт дээрээ их өндөр оноо авсан. Уг нь Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид орно гэж боддог байсан юм. Миний хувиар Хөвсгөлд 1-2 л ирдэг болохоор хөөрөөд архитектурын ангид орчихсон. Эхэндээ болмоор санагдсан ч сүүлдээ бүтэхгүй гэдгээ мэдсэн л дээ. Хүн ер нь сонирхолгүй зүйлдээ сэтгэл гаргадаггүй. Зарим залуус гэр бүлийнхээ шахалтаар өөрт сонирхолгүй мэргэжил сонгодог. Дургүй ч гэсэн үүнийг заавал хийхгүй бол болохгүй гээд өөрийгөө хүчлээд байдаг хүмүүс бий.
Би гэхдээ тийм төрлийн хүн биш. Гэр бүлийнхээ урмыг хугалахгүйн тулд нэг хэсэгтээ тэвчсэн. Тэгсэн нэг шөнө унтаж чаддаггүй ээ хөрвөөгөөд. Хичээлээ баахан тасалсан дүн гарах дөхсөн санаа зовоостой. “Эртхэн сургуулиасаа гараад өөрийнхөө хүссэн зүйлийг хиймээр байна” гэж аав, ээждээ хэлэхээс айгаад байдаг. Шөнө 02.00 цаг өнгөрч байхад аав, ээжийн өрөө рүү ортол азаар тэр хоёр утсаараа оролдоод унтаагүй байсан. Тэдэнтэй нэг цаг гаруй ярилцсан. Би эндээ репээ хиймээр байна аль эсвэл гадагшаа явмаар байна гэхэд намайг Солонгос руу явуулсан.Тэнд нэг нэг жил болсон.
– Өөрт тань 2019 он их ээлтэй байх шиг байна. Энэ онд гаргасан ихэнх дуунууд олон хүнд хүрсэн шүү дээ. Нэг үеэ бодвол өөрөө олны танил ч болоод эхэллээ. Өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлс хий хоосон зүйл биш гэдгийг гэр бүлийнхэндээ баталж харууллаа шүү дээ.
-Аав, ээждээ хүү нь дэмий яваагүй гэдгийг бүрэн дүүрэн батлах том боломж олдсон. Манай аав, ээж бидэнд “Та нар өөрсдөдөө л сэтгэл хангалуун, аз жаргалтай байвал ээж аав хоёр нь баярлана. Заавал баян, тарган бай гэж хэлэхгүй” л гэдэг. Өмнө нь өдөржингөө студи дээр өнжинө. Юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй өрөөндөө үгээ бичээд л суудаг. Хичээл ч хийхгүй. Гаргасан бодит үр дүн ч байхгүй.
Хүмүүс сонсохгүй хэдэн дуунууд гаргасан байхад гэрийнхэн маань шууд боль гэхгүй ч санаа нь зовж, шантарсан л байх. Сүүлдээ хамаатнууд хүртэл урлагаар биш өөр зүйл хий гэх болсон. Харин одоо бол үр дүн нь нүдэн дээр гарсан болохоор сэтгэл хангалуун өөрт бардам байна.
Ямар нэгэн зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлж санаа зовохгүйгээр дууныхаа үгийг бичнэ гэдэг сайхан шүү дээ. Өмнө нь үг бичиж байтал энэ дууг хүн сонсох болов уу гэж янз бүрийн юм бодогдоод тайван сууж чадахгүй үе зөндөө байлаа. Одоо бол үгээ бичихээр суухад юу ч бодогдохгүй амар, тайван сайхан байна.
– Таны дуунууд нийгмээ хурцаар шүүмжилсэн, бухимдуу шинжтэй. Амьдрал дээр хэр бухимдуу хүн бэ?
-Наадах чинь их өрөөсгөл ойлголт. Би амьдралыг тэр чигээр нь хар гэж хэлэхгүй. Хар цагаан холилдсон саарал өнгөтэй амьдралыг би өөрөө бүтээж явна гэж ойлгодог. Надаас гарч буй тэдгээр дуунууд, сэтгүүлзүйн ажлууд ч бас саарал өнгөтэй.Нийгэм одоогоор их бухимдалтай, хар байгаа учраас миний хийсэн бараан өнгөтэй дуунууд маань хүмүүст илүү их хүрдэг. Энэ утгаараа намайг үргэлж хар бараан дуу хийдэг гэж хүмүүс ойлгож байх шиг. Хамгийн гол нь хүрч, хүлээж байгаа өнцөг нь өөрөө бухимдалтай буйд л асуудал оршиж байх шиг.
-Нийгэмд репперүүд залууст буруу үлгэр дуурайлал үзүүлдэг гэх хандлага байна л даа. Та нарыг өсвөр үеийнхэн нэлээд сонсдог. Энэ нь нэг талаараа тэд танаас нийгмийг харж байна гэсэн үг. Өөрийн дуунууд дээр гардаг хараалын үгээс эмээх үе гардаг уу?
– Үгүй. Би харин нэг л зүйлд их эмзэглэдэг. Манай зарим эцэг эхчүүд хүүхдүүдээсээ тэнэг байгаад. Хүүхэд нь миний дууны хараал, хар барааныг биш, тэр л саарал өнгөний цаадах цагааныг шүүж сонсож чаддаг. Гэтэл эцэг эхчүүд нь өнгөцхөн харыг нь шүүж аваад байдаг.
Та нар намайг сонсдог залуусаас “Pacrap-ийн дуунуудаас юуг нь сонсдог бэ” гэж асуугаад үзээрэй. Тэд хэзээ ч хараал сонсдог гэж хариулахгүй. Би үүнд итгэлтэй байна. Ер нь миний 100 үгтэй дуу байлаа гэхэд хоёр ширхэгт нь л хараалын үг байдаг. Бусад нь цагаан. Түүнийг нь шүүрч хардаг,сонсдог бол тэр өөрөө асуудалтай байна л гэсэн үг.
Ер нь социализмын үед хүүхэд байсан хүмүүс одоо 40-50 настай байгаа байх .Тэднээс хип хопыг ойлгох хүмүүс цөөхөн дөө. Гэхдээ тэднийг буруутгах аргагүй. Тэдний өссөн нийгэм, цаг үе өөр байсан. Биднийг угаасаа хүссэн, хүсээгүй ойлгох цаг удахгүй ирнэ гэж бодож байна.
-Цаашдаа ямар урсгалаар уран бүтээл туурвих бодолтой байгаа вэ?
– Би ерөнхийдөө old school хэв маягийг барьж ажиллана. Ихэнх нь new school сонсож байгаа ч энэ масс руу old school хэв маягийг оруулна гэж боддог. Гэхдээ ингэснээрээ сонсогчдыг нь булааж авна гэсэн үг биш л дээ. Алсдаа ямар ч урсгалаар уран бүтээл туурвиж магадгүй. Хүн үргэлж хөгжих ёстой гэж боддог. Хийе гэснээ хийгээд л явна. Ямартай ч Old school хэв маягаар 2-3 албум гаргах бодол байна. Хоёр дахь цомгийн ажилдаа орсон байгаа.
-Ярилцлагынхаа төгсгөлд залуучуудад хандаж юу гэж хэлэхийг хүсч байна ?
–Мөнгийг дандаа хоёрт тавьж байгаарай. Хайр,сэтгэл нэгдүгээрт шүү. Хайр гэхээр машин барьж яваад урдуураа нэг машин орууллаа. Энэ бол хайрын нэгээхэн илрэл. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Бие биедээ хүндлэлтэй байцгаая гэж хэлмээр байна. Нийгмийн хүйтэн хандлагыг залуучууд бид л өөрчилнө шүү.