Есдүгээр сарын 28: Өдрийн гол үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.09.28-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 28: Өдрийн гол үйл явдлууд

Тусгаарлах талынхан Каталонийн парламентад олонхийн санал авчээ

 

"Junts pel Si" эвсэл ням гаригийн сонгуулийн саналын хуудсын ихэнхийг тоолсны дараа 62 мандат авч, Каталонийн парламентын олонхи болж чадлаа. Испанийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөөх “Иргэд” намынхан 25 суудал авчээ.

 

© AFP 2015/ Gerard Julien

 

Каталонийг Испаниас тусгаарлахын төлөө байгаа улс төрийн хүчин орон нутгийн парламентад харьцангуй олонхи болсон учир тусгаар тогтнолын тэмцлээ эхлүүлэх боломжтой болж байна. Энэ удаагийн сонгуульд сонгогчдын 77% оролцжээ. Каталонийн Засгийн газрын тэргүүн Артух Масын “Каталонийн ардчилсан конвергенци” (CDC), “Каталонийн зүүний бүгд найрамдахчууд” намуудын эвсэл Junts pel Si 62 суудал авчээ. Тусгаар тогтнолын төлөө байгаа өөр нэг нам СUP 10 мандаттай гэхээр тэдний авсан суудал 72 болон 135 суудалтай парламентын олонх болж чадахаар байгаа юм. Цаашилбал, “Иргэд” нам 25 мандаттай, Каталонийн социалист нам 16 мандаттай, эрх баригч барууны “Ардын нам” 11 мандатыг тус тус авч байна. Харин "Catalunya Si que es Pot" гэдэг бүх нийтийн санал асуулга явуулахын төлөө байгаа эвслийнхэн 11 суудал авчээ.

 

Каталонийг Испаниас тусгаарлахын төлөө байгаа олон зуун хүн "Эль Борн" гэх соёлын төвийн өмнөх талбайд цугларсан байв. Мас тэдэнд хандахдаа “Бид яллаа!" гэж каталони, испани, франц, англи хэлээр хэллээ.

 


 

Хьюстоны охины үхлийн шалтгаан нууц хэвээр үлдэх үү?

 

© AP Photo/ Dan Steinberg

 

Америкийн алдарт дуучин Уитни Хьюстоны цорын ганц охин Бобби Кристина Брауны үхлийн шалтгааныг эмч нар тогтоосон ч шүүхийн шийдвэрийн дагуу нууцалжээ. Фултон тойргийн шүүх эмнэлгийн захиргааны мэдэгдэлд өгүүлснээр Розуэлл хотын цагдаагийн газарт задлангийн шинжилгээний үр дүнг танилцуулсан ба шинжилгээний деталиудыг ил болгоход тойргийн дээд шүүх хориг тавьсан байна.

 

Бобби Кристина Браун 2015 оны долдугаар сарын 26-нд Жоржио мужийн эмнэлэгт 23 насандаа нас барсан ба амьдралынхаа сүүлийн хэдэн сарыг комд өнгөрүүлсэн юм. Түүнийг наймдугаар сарын 3-нд Нью-Жерси мужийн Фэйрвью гэх оршуулгын газарт ээжийнх нь оршуулгатай зэрэгцүүлэн нутаглуулжээ. Талийгаачийн үхэлд түүний найз залуу Ник Гордоныг сэжиглэж байгаа юм.


 

UEFA-гийн тэргүүн Платинийг үүрэг ажлаас нь түр түтгэлзүүлж магадгүй

 

 

Европын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платинийг үүрэгт ажлаас нь түр хугацаанд түтгэлзүүлж магадгүй талаар Британийн "Guardian" сонин мэдээлэв.

 

FIFA, UEFA хоёрын ерөнхийлөгч нар Йозеф Блаттер, Платини хоёрын авлигын дуулианы хэргийн талаар эрүү үүсгэсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргаж магадгүй аж. Гэхдээ Платини авлигын хэргийн гэрч болж, шүүхэд дуудагдан, мэдүүлэг өгч байгаа юм. Өмнө мэдээлснээр бол Йоеф Блаттер хууль бусаар Мишель Платинид хоёр сая швейцари франкийг шилжүүлсэн гэгдэж буй. Платинигийн 1999-2002 оны ажлын хөлс гэх тэр мөнгөний талаар Платини өнгөрсөн баасан гаригт мөрдөн байцаагчид мэдүүлэг өгсөн байна. Байцаалтын дараа тэрбээр "Блаттераас хоёр сая франк авсан нь үнэн. Гэхдээ түүнийг ДХБХ-той хийсэн гэрээний дагуу авч, ажилд зарцуулсан" гэж мэдэгджээ.


 

Эрхүүгийн захирагч сонгогдов

 

 

Эрхүү мужийн сонгуулийн ерөнхий хороо мужийн захирагчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын хуудсыг бүрэн тоолж дуусахад Оросын коммунист намын нэр дэвшигч Сергей Левченко 56,39 хувиар сонгуульд ялжээ. Түүний өрсөлдөгч Нэгдсэн орос намаас дэвшигч, Эрхүү мужийн дэд захирагч Сергей Ерощенко 41,46 хувийн санал авсан байна. Тэрээр ялагдснаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчөө баяр хүргэжээ. Энэ удаагийн сонгуульд сСонгогчдын оролцоо 37,22 хувтай байжээ.


 

Ираны ерөнхийлөгч нутаг буцав

 

AP Photo/Mosa'ab Elshamy

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ойн 70 дахь чуулганд оролцож байсан Ираны ерөнхийлөгч Хасан Роухани өнөөдөр үдээш хойш нутаг буцлаа. Ираны ерөнхийлөгч саудын Арабт хаж хийж яваад амь үрэгдсэн даяанчдын цогцсыг Иранд авчирч байгаатай холбогдуулан, НҮБ-ын чуулганыг таслан нутаг буцсан байна.


 

Ерөнхий Ассамблейн улс төрийн мэтгэлцээн эхэллээ

 

AP Photo/Richard Drew

 

Ерөнхий Ассамблейн 70 дахь чуулганы хүрээнд болж буй улс төрийн мэтгэлцээн НҮБ-ын төв байранд өнөөдөр эхэлж байна. Энэ арга хэмжээ нь Дэлхийн хамтын нийгэмлэгийн түүхэнд хамгийн өндөр агуулга, нягтралтай арга хэмжээ болно гэсэн хүлээлттэй байгаа билээ.

 

Мэтгэлцээн аравдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх бөгөөд 144 орны төр засгийн тэргүүн, НҮБ-ын гишүүн 46 орны Гадаад хэргийн сайд нар оролцох юм. НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээлснээр бол наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд гишүүн орнуудын 8915 дипломат бүртгүүлсэн байна. Мөн 3000 орчим сэтгүүлч энэ үйл явдлыг сурвалжлах ажээ.

 

Ерөнхий мэтгэлцээний эхний өдөр онцгой байх нь ойлгомжтой. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Ерөнхий Ассамблейн 70 дахь чуулганы дарга Могенс Люккетофтыг үг хэлсний дараа Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссефф индэрт уригдах юм. Латин Америкийн төлөөлөгч Освальдо Аранья НҮБ-ын Ерөнхий Ассамблейн эхний болон хоёрдугаар тусгай чуулганыг 1947 онд даргалсан учраас Бразиль мэтгэлцээнийг эхлүүлж байгаа юм. Харин түүний араас АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Иорданы ван II Абдалла нар үг хэлнэ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэх хүмүүсийн жагсаалтын зургаад бичигджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж