Энэтхэгийн Дели хотноо хийн бууны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ.
Нийт 14 орны 180 тамирчин оролцож байгаа тус тэмцээнд Монголоос ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Т.Золжаргал нарын есөн тамирчин өрсөлдөж байна.
Өчигдөр болсон хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд 20 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ 610,8 оноогоор 11-р байрт, залуучуудын ангилалд СМ Х.Дөлгөөн 14 тамирчнаас 601,5 оноогоор 14-р байрт тус тус бичигдлээ.
Харин өнөөдөр болсон хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд СМ А.Баглан 15 тамирчнаас 394,1 оноогоор 15-р байрт, залуучуудын ангилалд 7 тамирчнаас ОУХМ Т.Золжаргал 412,8 оноо авч 3-р байраар финалд шалгарсан боловч финалд 99,0 оноо авсанаар 7-р байранд тус тус шалгарлаа.
Б.ЭНХ