УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.12.05/ хурлдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцээд олонхи нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ гэдгийг Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тус хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Энэ удаагийн сонгуулиар жагсаалтад орсон 26 нэр дэвшигчийн саналыг нийлүүл намд нь өгсөн санал гэж үзэн хувилж тооцох юм байна гэж ойлгосон. Энэ хэзээ, хэрэгжсэн систем бэ. Өмнөх туршлага байна уу. Хар машин жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг тоолж чадах уу. Нэг сонгогч жагсаалтын нэр дэвшигчээс зөвхөн нэгийг сонгоно гэж байгаа. Үүний оронд 26 хүртэл хүнийг дугуйлж болдоггүй юм уу.
Ажлын хэсгийн дарга Л.Энх-Амгалан:
Ялсан нам өөртөө зохицуулж боловсруулсан сонгуулийн тогтолцоо биш, хөгжлийн бодлогод тааруулж оруулсан ийм тогтолцоо. Мажоритар тогтолцоо нь дотроо таван хэлбэртэй. Улс нэг тойрог, бүс нэг тойрог, аймаг нэг тойрог, жижиг 76 тойрог, хамгийн сүүлийнх нь бидний өргөн барьсан хувилбар. Хэлэлцүүлгийн явцад дээрх таван хувилбараас сонгож болно. Онолын хувьд сонгогч 26 хүний нэрийг дугуйлж болно. Гэхдээ ойлгомжтой байлгах үүднээс том тойрогт өрсөлдөж байгаа хүмүүсээс нэгийг л дугуйлна. Хүнд өгсөн нийт саналыг хувь тэнцүүлэн намд суудал өгнө.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:
Бид туршилтын саналын хуудас хийж үзсэн. Ингэхэд хар машин саналын хуудсыг тоолох боломжтой гэж үзсэн. Жижиг тойрог болон улс тойрог гэдэг хувилбараар сонгууль явуулахад саналын хуудасны тоо нэмэгдэнэ. Туршилтын саналын хуудасны тоо дөрөв болсон. Жагсаалтын 26 нь гурван хуудас, тойрогт нэр дэвшигчид нь нэг хуудас болсон. Гэхдээ зардал нэмэгдэнэ. Учир нь төсөвт нэг саналын хуудсаар тооцсон.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
29 намаас 26 нь саналаа ирүүлсэн. Ингээд үзэхэд өмнөх сонгуулиудын сургамжийг ярьцгаасан. Энэ саналууд дээр нь манай ажлын хэсэг болон хууль санаачлагчид нэлээд сайн ажилласан гэж хөндлөнгөөс дүгнэж байна. Сонгуулийн хуулийг гарцаагүй хагас жилийн өмнө баталдаг уламжлал тогтчихсон. Энэ удаад Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр өмнөх тогтолцоогоор явуулъя гэхэд гурван сонгуулийн хууль нэг, нэлээд шандас сорьсон хууль. Би уншаад заримыг нь ойлгодоггүй. Би Цэц дээр хэдэн удаа очлоо, ингээд хуулийг боловсонгүй болгох ялангуяа Сонгуулийн тухай хуулийг боловсонгүй болгохоос аргагүй байгаа юм. намайг ингэж ярихаар хуульд нөлөөлөх гэж байна гэсэн хардлага их байгаа. Тийм учраас тогтолцооны тухай би ярихгүй. Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага гэж бий. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх мэт тунхагласан заалтууд байгаа. Мөн эх оронч үзэлтэй байна гэж хүртэл оруулсан. Гаднын туршлагаас харахад, иргэдийн сонгох эрхийг хязгаарлаж болохгүй. Харин сонгогдох эрхэд өндөр хязгаарлалт орсон байдаг. Энэ талаар судалж үзсэн зүйл байна уу.
Ажлын хэсгийн дарга Л.Энх-Амгалан:
Олон улсын туршлагыг судлаад Монголын туршлагад тохирсон хувилбарыг санал болгосон. УИХ д мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцох боломж нь улс нэг тойргоор гарч ирж байгаа гэж харж байна. Сонголтгүй сонголт хийдэг гэдэг иргэдийн шүүмжлэл бий. Улс нэг тойргоор магадгүй эмч нар, багш нар, малчдын төлөөлөл орж ирэх боломжтой.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байх үедээ бид яг ийм байдлаар сонгуулийн тогтолцоог томьёолж оруулж ирээд дэмжилгүй унгаачихсан. Буцаагаад Сонгуулийн тухай хуульдаа дэмжээгүй хувилбараар оруулчхаж байгаа нь Үндсэн хууль зөрчихгүй юу. Намуудыг 26 гишүүнээс гадна бие даагч улс нэг тойрогт өрсөлдөнө гээд гараад ирвэл яах вэ.
Ажлын хэсгийн дарга Л.Энх-Амгалан:
Бие даагч улс нэг тойрогт дэвших боломжгүй. Зөвхөн улс төрийн намууд болон эвслүүд нэр дэвшигчээ дэвшүүлнэ. 50 тойрогт бие даагчид нэр дэвших эрх нь нээлттэй. Бидний санал болгож байгаа 50+26 хувилбар төгс биш ч гэлээ тогтолцоо бүхэн сул болон давуу талтай.
Холбоотой мэдээ