Аж ахуйн нэгжүүд 212 сая ам.долларын экспорт хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.28-нд нийтлэгдсэн

Аж ахуйн нэгжүүд 212 сая ам.долларын экспорт хийжээ

Экспортыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ. Энэ талаар салбарын яамнаас экспортлогчдыг оролцуулсан уулзалтыг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа.

Аж үйлдвэрийн сайдын тодотгосноор Монгол Улсад боловсруулах чиглэлээр үйлдвэр эрхэлдэг 94 аж ахуйн нэгж бий аж. Өнгөрсөн онд тус аж ахуйн нэгжүүд нь 212 сая ам.долларын экспорт хийжээ. Энэ нь нийт экспортын 3.6 хувийг эзэлж буй юм байна. Монгол Улсын аж үйлдвэрийг өрсөлдөх чадвараар нь дэлхийд жагсаавал 133 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдэнэ Мөн үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүний хэмжээ салбарын нийт экспортын ердөө 5.6 хувийг эзэлдэг байна. Гэтэл ОХУ-д энэ үзүүлэлт 28 хувь байгаа бол бидний урд хөрш болох БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын нийт экспортын 40 хувийг үнэ цэнэ, технологи шингэсэн бүтээгдэхүүн эзэлдэг ажээ.

Дэлхийд аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвараараа Япон, ХБНГУ зэрэг өндөр хөгжилтэй орнууд тэргүүлдэг.

Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг нэгдсэн, цогц бодлогоор дэмжихийн тулд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ баталсан байна. Цаашид ч тодорхой хуулиудыг батлуулна. Тэгвэл үйлдвэрлэгчид ийн ярьж байна.


Б.Энх-Оюун: Төрийн бодлого хэр урт настай вэ?

/“SRB” компанийн захирал/

-Үйлдвэрлэгч бидний хувьд ажиглалтын байдалтай байна. Бизнесээ хийдгээрээ хийгээд, ажлаа хийгээд байж байгаа. Төрийн шийдвэр, бодлогууд цаг үеэ олсон ажил болж байгаа. Гагцхүү төрийн бодлого хэр тогтвортой хэрэгжих вэ, хэр урт настай шийдвэр юм бэ гэдгийг үйлдвэрлэгчид бид ажиглаж байна. Аж үйлдвэрийн яамны зүгээс аливаа ажлыг эхлүүлэхийн өмнө бидний санал, бодлыг сонсч, тусгаж байгаа нь сайн хэрэг. Манайх арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж Тайвань, БНСУ, Япон зэрэг орон руу 2012 оноос хойш гурав дахь жилдээ экспорт хийж байгаа. Цүнх болон жижиг эдлэл түлхүү экспортолж байна. Үйлдвэрлэлийг дэмжих хуулиар экспортлогчдыг түлхүү дэмжих юм байна гэж ойлгож байгаа. Ялангуяа судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан зардлын тодорхой хувийг эргүүлж олгох болсонд таатай байна.


Т.Баярсайхан: Монголчууд үндэсний бүтээгдэхүүнээ ойшоохгүй байна

/“Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо”-ы тэргүүн/

-“Италид үйлдвэрлэв” гэдэг шошго өөрөө брэнд байхгүй юу. Бид яг үүн шиг “Монголд үйлдвэрлэв” гэдэг шошгыг брэнд болгох ёстой. Үүний тулд хамгийн эхлээд худалдан авагчдын сэтгэхүйг өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй. Монголчууд өөрсдөө монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ ойшоохгүй байна. Монголд үйлдвэрлэсэн гутал, хувцасны загвар, хийц нь муу гэж голж, шилдэг. Гэтэл ӨМӨЗО-ы хэрэглэгчид ар монголд үйлдвэрлэсэн гутал чанартай гээд худалдаж авч байна шүү дээ. Өнөөдөр дэлхийн гутлын хэрэгцээний 50 хувийг БНХАУ дангаараа үйлдвэрлэж байна. Гэтэл дэргэд нь аж төрж байгаа Өвөрмонголчууд яагаад тэр том зах зээлээс сонголтоо хийхгүй байгаа юм бэ. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлд төрийн дэмжлэгээс гадна иргэдийн дэмжлэг, худалдан авалт хамгийн чухал. Монголын бүтээгдэхүүн гэдэг бол Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөр шингэснээс гадна “эко”, “органик” гэдэг тодотгол хэзээд дагалдана гэдгийг өөрсдөө ойлгох хэрэгтэй. Ирэх сард ӨМӨЗО-ы Хөх хотод зохиогдох “Монгол-Хятадын үйлдвэрлэгчдийн хамтарсан экспо” бол бидний хувьд маш том боломж, зах зээл байх болно.


Г.Энхбат: Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарал хандуулах хэрэгтэй

/“Ноос ирээдүй” компанийн захирал/

-Аж үйлдвэрийн яамны зүгээс хийж байгаа ажлууд зөв, зүйтэй цагаа олсон ажил болж байна. Энэ салбар цаашид тогтвортой хөгжих үндэс болсон бодлогоо тодорхойлж, үйлдвэрлэлийг дэмжих хуультай боллоо. Үйлдвэрлэгчид өмнө нь мэргэжлийн холбоодоороо дамжуулан төрд ханддаг байсан бол өнөөдөр хариуцах эзэнтэй, хандах газартай болсондоо маш их баяртай байгаа. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуультай танилцсан. Үйлдвэрлэлийг яаж дэмжих гэж байгаа талаар тодорхой ойлголттой болсон. Харин манай салбарын хувьд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тал дээр бусад яамдтай бодлогоор хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол үйлдвэрлэлийг чадварлаг инженер, техникийн ажилчид, мэргэжилтэй боловсон хүчин авч явна. Нөгөөтэйгүүр, шинжлэх ухаан, өндөр технологид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төр бодлогоор дэмжиж байна.


П.Эрдэнэбат: 60 орчим сая ам.долларын борлуулалт хийж байна

/“Ханбогд кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захирал/

-Манай компани бүтээгдэхүүнээ 100 хувь экспортод гаргадаг бөгөөд жилдээ 60 орчим сая ам.долларын борлуулалт хийж байна. Төр бодлогоор үйлдвэрлэгчдээ дэмжиж байна, энэ нь бидэнд мэдэгдэхүйц нөлөөлж байгааг хэлмээр байна. Харин үйлдвэрлэгчидтэй хамгийн ойр ажилладаг төрийн хяналтын байгууллагууд болох ГЕГ, МХЕГ-тай уялдаа, холбоотой ажиллах хэрэгтэй. Үйлдвэрлэлийг дэмжих хуультай боллоо, төрийн бодлого тодорхой болчихлоо. Үйлдвэрлэгч бидэнд итгэл, үнэмшил байна. Сайн ажиллах урам, зориг өгч байгаа. Гэхдээ бид экспортыг нэмэгдүүлэхийн тулд дотоодынхоо экспортын дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй. Яам байгуулснаас хойш хийгдэж байгаа ажлуудад үйлдвэрлэгчид сэтгэл хангалуун байгаа. Гагцхүү төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжраад, шийдвэрүүд хэрэгжээд явбал бид үйлдвэрлэлээ явуулаад, экспортоо нэмэгдүүлж чадна.


О.Мөнхцацрал: Бидний шийдэх гэж цаг хугацаа алдсан асуудлыг төр дэмжих нь

/“Эрдэнэт хивс” компанийн захирал/

-Бидний хувьд дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Ингэж байж бид экспортын хэмжээгээ нэмэгдүүлнэ. Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд технологийн шинэчлэл, чадварлаг инженер техникийн ажилчид хэрэгтэй. Бидний шийдэх гэж хугацаа алдаад байдаг энэ асуудлыг төрийн бодлогооор дэмжиж байгаад маш их баяртай байна. Төр нэгдсэн бодлогоор дэмжиж байхад үйлдвэрлэгчид бидний хийх ажил үлдлээ гэж ойлгож байгаа. Мөн чадварлаг инженер техникийн ажилчдыг бэлтгэхэд Аж үйлдвэрийн яам бодлогоор дэмжих хэрэгтэй.


М.Сосордулам: Уялдаатай ажиллах нь чухал

/”Үлэмж камер” компанийн захирал/

-Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойш хийж, хэрэгжүүлж байгаа шийдвэрүүд үйлдвэрлэгчид бидний хувьд маш том дэмжлэг болж байна. Гэхдээ бидний хувьд нэг болгоомжлол байгаа нь төрийн шийдвэр, бодлого хэр тогтвортой хэрэгжих вэ гэдэг асуудал юм. Одоо энэ гарсан шийдвэр, тогтоолууд цаашдаа тогтвортой хэрэгжих юм бол бидний хувьд маш том дэмжлэг болно. Манай компанийн хувьд ноолуур угааж, самнаж экспортод гаргадаг. Өнөөдөр экспортын хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих талаар ярилаа. Төр үндсэн гурван төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь уялдаатай ажиллах.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж